Comment.mn

Монгол Улсын гарьд Б.Гантогтох: Аав маань намайг “Аваргаа байг гэхэд арслан цолонд хүрэх ёстой бөх шүү” гэдэг

Untitled-1Монгол Улсын гарьд Б.Гантогтохын ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр арслан цолыг хэдийнэ хүртэх гавьяа байгуулсан ч өнөөдрийг хүртэл ялгаварлан өгдөггүй гэж харамсдаг билээ. Түүний аав Х.Баянмөнх гуай ч үүнийг тодорхой хэлдэг. Энэ талаарх ярилцлагыг авч байснаа сөхөн хүргэж байна. 
-Таныг чөлөөт бөхийн шигшээ багт байсан туршлагатай, сайн бөх гэдгийг мэднэ. Магадгүй зарим нь олимпод оролцож байхгүй яасан юм бол гэж харамсдаг байх. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь миний үеийн, манай жингийн тамирчид одоо болтол барилддаг. Ямарваа тамирчныг ид амжилт гаргах үед нь аль аль талаас нь дэмжвэл зүгээр санагддаг. Спортын оргил үе харвасан сум шиг өнгөрдөг юм шүү дээ. Бидний амжилтын үед картын бараатай цаг үе их хэцүү байсан. Зах зээлд шилжиж байсан болохоор юун спонсор, юун бэлтгэлээ сайн хангах. Тийм хангамж огт байсангүй. Одоо бодоход яг шилжилтийн их хүнд үед бид гарч ирсэн юм билээ. Бидний дээд шигшээгийн ах нар жинхэнэ хангамжид байсан. Баянгол, Улаанбаатар зочид буудлаар байрлаад, өдрийн гурван хоол идэж, 40, 50-иулаа бэлтгэл хийдэг байсан. Зөвхөн спортынхоо төлөө цаг заваа зарцуулдаг. Одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Гадны тамирчдыг хажр байхад дасгалжуулагч, менежертэй, дээр нь улс нь хардаг болохоор амжилт гаргах бүрэн боломжтой.
-Улс хувьсгалдын 83 жилийн баяр наадмын барилдаан таны хувьд харамсалтай бөгөөд сэтгэл догдлуулсан барилдаанаар дүүрэн өндөрлөсөн. Арслан цолыг атгаад алдахад хэцүү байв уу?
-Тэр жил миний бэлтгл сайн хангагдсан байсан. Ер нь зүтгэчихье гэсэн санаа байсан л даа. Улсын наадамд түрүүлнэ гэдэг бөх хүний эрхэм зорилго. Түрүүлнэ гэдэг чинь алтан медаль, аварга цол гэсэн үг. Тэр цолонд хүрэхийн тулд би өнөөг хүртэл хөдөлмөрлөсөн. Гэхдээ харамсаад яах вэ. Бидний үеийн бөхчүүд дундаас Далай аварга төрлөө. Мэдээж Далай аварга гэдэг маш том цол шүү дээ. Миний хувьд цаашдаа улам сайн барилдахыг хичээх болно.
-Тухайн үед хүргэн ах тань Гантогтох бид хоёрт наадмын ногоон дэвжээнээ өгөө аваа байх ёсгүй гэж ярьж байсан. Та хоёрын хувьд үргэлж шударга барилдааныг эрхэмлэдэг гэж үү?
-Бид хоёр нэгэнт ах дүү бололцсон улс болохоор энэ асуудал их хүнд байдаг л дээ. Алалцаад, ноцолдоод байх хэцүү. Заримдаа бид хоёр яс үздэг ч хааяа “за яах вэ” гээд тэгсхийгээд өнгөрдөг үе ч байдаг.
-Таны Дархан мэх бол хонгодох. Та энэ мэхээрээ Далай аварга А.Сүхбатыг унагах боломж байгаагүй юу?
-Ямар ч мэхээр бөхийг унагаж болно. Бид хоёрын хувьд нэгнийхээ барилдааныг сайн мэддэг болохоор надад боломж олдоогүй ч байж болох юм. Одоо энэ классик өндөртэй, мэргэжлийн бөхчүүд том мэхэнд барагтаа л бол унадаггүй шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр санаандгүй, өчүүхэн юманд унадаг. Түүнийг л олж харах торгон мэдрэмжтэй байх ёстой. Түүнээс биш тэнцүүхэн бөхчүүд нэгнийгээ яг шийдвэрлэх үед барьж аваад хонгодоод цацна гэхэд хэцүү л дээ.
-Д.Сумъяабазар гарьд та хоёр хэн хэндээ өгөө аваатай, эн тэнцүүхэн сайн бөхчүүд. Өнгөрсөн наадмаар Д.Сумъяабазартай учраа таарч барилдахад өөртөө хэр итгэлтэй байв?
-Угаасаа миний бэлтгэл сайн байсан болохоор хаяна гэсэн л бодол толгойд байлаа. Би бол өөртөө итгэлтэй байсан. Ер нь бэлтгэл сайтай бөх өөртөө итгэлтэй байдаг юм шүү дээ.
-Уг нь бөхийн шинэчлэгдсэн хуулиар бол та аль хэдийнэ арслан цолыг авчихсан хүн. Тэгтэл танд цолыг тань өгөхгүй, гарьд цолон дээр буулгалаа. Үүнд гомдолтой явдаг л биз дээ?
-Улсын наадамд дөрөвт үлдээд арслан цол авчихсан бөхчүүд зөндөө л байдаг. Тэгэхэд улсын наадамд гурав үзүүрлээд гарьд цолтойгоо байна гэдэг шударга бус гэж бодож байна. Цаг төрийн байдал ингэж харьцангуй хандахад хүргэсэн болохоор нуулгүй хэлэхэд миний хувьд харамсмаар л санагддаг. Дээр үед цолыг харамлахгүй өгчихдөг л байсан. Одоо яагаад харамлаад байгаа юм, бүү мэд. /Инээв/.
Аав маань намайг “За аваргаа байг гэхэд арслан цолонд хүрэх ёстой бөх шүү чи” гэдэг.  Яагаад надад ингэж хэлдэг вэ гэхээр дээхнэ үед хүүхдийн үсний дааь үргээх ёслол зэргийг хорьдог байж л дээ. Тэр үед аав, ээж маань миний гурван насны ойгоор хаалгаа түгжиж байгаад нууцаар даахь үргээх ёслолын ажил хийсэн байгаа юм. Гэтэл хүн оруулахгүй гээд хаалгаа түгжсэн байтал Хайдав арслан яг манай гэрийн хүн шиг хаалга тогшсоор байгаад ороод ирсэн гэсэн. Тэгэхэд аав маань намайг “Арслан цолтой болох юм байна” гэж билэгшээсэн юм. Яг үүнтэй ижил явдал миний хүүд ч тохиолдсон. Хүүгээ гурван настай байхад нь манай гэрийнхэн Гачууртад даахийг нь үргээж байтал хотоос Мөнх-Эрдэнэ арслан хүрээд очсон юм. Энэ мэтээс харахад манай удмын даахь үргээх ёслол дээр дандаа арслан цолтой бөхчүүд ирдэгээс билэгшээж би ч арслан цолонд хүрчих гээд зүтгэдэг ч хараахан хүссэн цолондоо хүрч амжаагүй л явна.
-Тэгвэл та хүүгээ ч арслан цолонд хүрнэ гэж боддог байх нь ээ?
-Мэдээж бөх хүн бүрийн мөрөөдөл. Тийм билэгээлтэй явдал тохиолдсон болохоор хүүдээ залбирч л явдаг. Гэхдээ хөдөөний айлын олон хүүхдээс нэг нь бөх болдог шиг байгаа юм. Одоо хүмүүс нэг их хүүхэд төрүүлэхээ больчихсон шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр ганцхан хүүхдээ бөх болгоно гээд дайрчихдаг. Энэ бол утгагүй. Тэр ганц хүүхэд нь бөх болоо ч уу, үгүй ч үү.
-Тийм шүү. Та ганцхан улсын баяр наадмаар ч биш том, жижиг барилдаануудад их хийморьлог барилддаг. Нууцаасаа дэлгээч?
-Аливаа юманд хөдөлмөрлөж, сэтгэл зүрхээ зориулж байж амжилтад хүрдэг. Олон жил барилдсан болохоор мэдээжийн хэрэг тэр хэрээр туршлага хуримтлуулсан байж таарна. “Шонхор”-т байхдаа бид энд тэндээс дасгалжуулагч урьж авч ирэн бэлтгэл их хийдэг байлаа. Эцсийн эцэст бидний сурсан эрдэм өөр хэнд ч биш эзэндээ л үлддэг шүү дээ.
-Таны аав Х.Баянмөнхийг монголдоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдартан гэдгийг монголчууд андахгүй. Та мэдээж ааваараа тун их бахархдаг байх?

-Мэдээж бахархалгүй яах вэ. Би ганцаараа бахархаад барахгүй Монголын ард түмэн бүгд л ам сайтай байдагт баярлаж явдаг.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Таныг өдий зэрэгтэй амжилтад хүрэхэд аавын тань нөмөр нөлөө их байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Би мэдээ орсон цагаасаа буюу гурван наснаасаа бөхөөр амьсгалж эхэлсэн. Багаасаа бөх сонирхож, аавынхаа шүтэн бишрэгч нь байлаа. Нэг зүйл сонирхвол их махруу хүүхэд байсан. Ер нь хүн нэг юм сонирхоод түүндээ махруу байна гэдэг чинь л амжлтын үндэс. Намайг өдий зэрэгтэй ийм сайхан яваад аавын маань нөлөө, дэм маш их байсан шүү.
-Ингэхэд таны аав болон Мөнхбат аварга хоёрыг бөх сонирхогчид эртнээс өрсөлдүүлж ирсэн. Магадгүй аавын тань амжилтад Мөнхбат аваргын нөлөө их байсан болов уу. Өөрөөр хэлбэл залуу насны хор шар гэж бас байна аа байна? 
-Өнөөдөр Мөөеө аварга, аав хоёрыг хүмүүс өстөн дайсан шиг л ойлгодог. Гэтэл амьдрал дээр тийм зүйл байхгүй шүү дээ. Мэдээжийн хэрэг бөхийн асар том өрсөлдөөн байлгүй яах вэ. Аав анх сургууль байгуулахад Мөөеө аварга дуурайгаад л сургууль байгуулах гээд үзчихсэн. Депутат болоход нь бас депутат болоод, хөдөлмөрийн баатар болоход нь баатар болж, энэ мэт зөв ашигтай өрсөлдөөд байдаг юм.
-Нэг хэсэг хүмүүс наадмын ногоон дэвжээг Х.Баянмөнхийнхөн эзэгнэж байна гэлцсэн. Иймэрхүү атаархсан эсвэл бахархсан гэмээр яриаг сонсоход ямар сэтгэгдэл төрдөг байв аа?
-Миний хувьд урамтай санагддаг. Тэгж хүмүүст бодогдуулж, яриулна гэдэг сайн байгаагийн шинж. Тэр тусмаа өнгөрсөн жилийн наадмаар нэг гал, бэлтгэлээс үзүүр, түрүүнд үлдэнэ гэдэг маш том амжилт.
-Та бид хоёр аавын тань талаар баахан ярьчихлаа. Одоо өөрийг тань өсгөж, хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн ээжийнхээ талаар яриач?
-Манай ар гэр, сургууль соёл гээд гээд бүх юмыг ээж маань зохицуулдаг. Та нарыг харж байхад сургууль дээр аав бараг үзэгдэхгүй байгаа биз дээ. Манай ээж олон түмэнд харагдахгүй, далд хэрнээ хамаг л ачааг үүрдэг хүн.
-Харин одоо гэргийнхээ талаар яриач. Бөх хүний гэргийн халамж бусдаас өндөр хариуцлагатай байдаг гэдэг. Та ч мөн ханийнхаа хайр халамжид сэтгэл хангалуун байдаг юм шиг санагддаг?
-Эхнэрээ магтсан хүн адгийн тэнэг гэдэг шүү дээ. Тийм болохоор магтах утгагүй байх. Мэдээж би өнөөдөр өдий зэрэгтэй яваа нь ханийн маань хайр халамжтай салшгүй холбоотой.
-Нэгэнт эхнэрүүдийн талаар ярьсан болохоор эгчийн тань талаар ч асуумаар байна. Далай аварга та хоёр худ ураг барилдсан ах дүүс. Дотно байх нь ч аргагүй. Гэвч хүргэн ах тань олон хүүхэнтэй нэр холбогдоход дургүй тань хүрч, эгчийгээ өрөвддөг үү?
-Дандаа тийм худал мэдээлэл сонссоор байгаад бид бүр дөжирчихөж. Эхэндээ хэцүү байснаа нуухгүй ээ. Эгч маань уурлан хэрүүл гарахад дотроо зэвүүцдэг л байлаа. Гэвч тэр мэдээллүүд батлагдахгүй замхраад алга болдог. Тэгээд ч худла болохоор бид тийм юманд уурлаж, бухимдахгүй.
-Нээрээ тийм дээ. Далай аварга А.Сүхбат та хоёр үргэлж хамт хөлөрч барилддаг болохоор таны хувьд бэлтгэл сайн хангагддаг байх. Олон жил хамт барилдав уу?
-Бид хоёр арван настайгаасаа л хамт бэлтгэл хийж, партнер болсон. Ямарсайндаа л “Шонхор”-т бэлтгэл хийж байхад манай багш Мөнхбат “Хөөе тэр хоёрыг хөөж гаргаач ээ” гэж байж бид хоёрыг явуулдаг байсан. Одоо эргээд бодоход бид хоёр олон жил хамт бэлтгэл хийж, нэг нэгнээ дэндүү сайн мэддэг болжээ.
Эх сурвалж:Mongolcomments.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.