Comment.mn

Б.Болд: Бүх насаар нь хоригдох ялтай эмэгтэйг шилжүүлэн авчирлаа

Б.Болд:  Бүх насаар нь хоригдох ялтай эмэгтэйг шилжүүлэн авчирлаа Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Б.Болдтой ярилцлаа.

 -Манай улсын хэчнээн иргэн гадны оронд хоригдож байна вэ. Дийлэнх нь аль улсад ял эдэлж байна?

-Гадаадын 19 оронд Монголын 165 иргэн ял эдэлж байна. Дийлэнх нь БНХАУ-д байгаа.

-Хилийн чанадад ял эдэлж байгаа иргэд ямар төрлийн гэмт хэргийг ихэвчлэн үйлдсэн байдаг вэ. Хар тамхины хэрэгт холбогдох нь элбэг гэдэг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн жил хар тамхины хэргээр саатуулсан иргэдийн тоо харьцангуй цөөрсөн. Ял эдэлж байгаа иргэдийн жагсаалтаас үзэхэд хулгайн хэрэг давамгайлдаг. Мөн хил гаалийн журам зөрчих, визийн хугацаа хэтрүүлэх, танхайн төрлийн гэмт хэргийг их үйлддэг.

-Манай улс хэдэн оронтой ялтан солилцох гэрээ байгуулсан бэ. Ялтан солилцох гэрээний хэрэгжилт ямар байна вэ?

-21 оронтой эрхзүйн туслалцаа үзүүлэх буюу эрхзүйн харилцааны тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс дөрвөн оронтой тусгайлан ялтан солилцох гэрээ байгуулсан.

-Тодруулбал?

-Канад, Энэтхэг, БНСУ, БНХАУ-тай ялтан солилцох гэрээ байгуулсан. -Цаашид хэчнээн оронтой ялтан солилцох гэрээ байгуулах вэ. Зайлшгүй гэрээ байгуулах шаардлагатай ямар орон байна вэ? -Судалж байгаа орон бол бий. Одоогоор тоог нь нарийвчлан хэлэх боломжгүй. Гэ- рээ хэлэлцээр байгуулах асуудлыг Олон ул- сын эрхзүйн газар хариуцан ажилладаг. Тий- мээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Өнгөрсөн онд ялтан солилцох гэрээний дагуу хэдэн ялтныг эх оронд нь авчирсан бэ?

-Ялтан шилжүүлэх гэрээний дагуу гадаа- дын гурван улсаас таван ялтныг Монголд авчирсан. Тодруулбал, Чех улсаас нэг, Казахстан, БНСУ-аас тус бүр хоёр ялтныг ялтан солилцох гэрээний дагуу авчирч, эх оронд ялыг нь эдлүүлэхээр болсон байдаг.

-Хар тамхины хэргээр насаараа хоригдох ял авсан Б.Халиун, Б.Хулан нарыг энэ сард ялтан солилцох гэрээгээр авчирлаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн юм уу?

-Энэ онд БНХАУ-аас ялтан солилцох гэрээний хэрэгжилтээр авчирсан. Хар тамхины хэргээр ял эдэлж байгаа эмэгтэй ялтныг авчирсан нь үнэн. Бүх насаараа хоригдох ял авсан. Үүнээс зургаан жилийн ялыг Хятадад биечлэн эдэлсэн хүн бий. Албан ёсоор Б.Халиун, Б.Хулан нар биш гэдгийг хэлмээр байна. Бид хувь хүний хувийн мэдээллийг нууцлах учиртай. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Малайзаас Хятад руу хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдан Хятадад ял эдэлж байгаа Л.Байгальмааг хамгийн түрүүнд шилжүүлж авчрахаар болсон гэж байсан. Ар гэрийнхэн нь нэлээд хүлээлттэй байх шиг байна. Хэзээ авчрах гэж байна?

-Тэдэнд ирнэ гэсэн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Ялтнуудыг авчирч эхэллээ. Хөрөнгө, мөнгийг нь хэрхэн шийдвэрлэж байна вэ. Тээвэрлэлтийн үнийг хаанаас гаргадаг вэ. Ямар шугамаар, яаж авчирдаг юм бэ?

-Гадаад харилцааны яамны дэргэдэх Консулын газарт иргэдэд туслах сан гэж бий. Тэр сангаас зардлыг гаргуулж, авчрах арга хэмжээг зохион байгуулдаг. Хоригдлыг Хууль зүйн яам, УПЕГ, Тахарын алба, тухайн улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран авчирдаг юм.

-Франц улсад ноцтой осол болж, дөрвөн монгол иргэн амь насаа алдлаа. Гадаад хэргийн яамнаас энэ хэрэгтэй холбогдуулан ямар арга хэмжээ авч байна вэ. Энэ талын мэдээллийг шуурхай авч чаддаг уу?

-Энэ оны нэгдүгээр 13-ны өглөөний 06 цагийн үед Парис хотоос 200 орчим км-ийн зайд монгол иргэд автомашины осолд орж, гурав нь газар дээрээ амь насаа алдсан. Харин нэгийг нь Кон хотын эмнэлэгт хүргэсэн боловч биеийн байдал нь хүндэрч, хоёр хоногийн дараа нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гадаад харилцааны яам болон Парист суугаа Монгол дахь Элчин сайдын яамныхан нас барсан иргэдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзаж, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна.

-Нас барсан иргэд согтуугаар автомашин жолоодож явсан. Мөн Монгол Улсын иргэншлээсээ татгалзсан байсан гэх мэдээлэл байна. Энэ хэр үнэн бодитой вэ?

-Задлан шинжилгээний албан ёсны хариуг манайд ирүүлээгүй. Урьдчилж авсан мэдээллээр талийгаачид осолд орох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан

С.ИЧИНХОРЛОО

www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.