Comment.mn

Б.Болор: Бүх гишүүн унааны зардлаасаа татгалзвал дэмжихэд бэлэн

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Эдийн засгийн хямралыг улстөрчдөөс эхлэх иргэдийн шаардлагыг МАН-ын гишүүд хүлээн авч, шатахууны мөнгөө өөрсдөө гаргахаар болж, бусад гишүүнээ ч уриалж байна. Танд ийм санал тавьбал хүлээж авах уу?

 

-Энэ саналыг УИХ-ын гишүүд нийтээрээ дэмжээд ийм жишиг тогтвол миний хувьд татгалзах зүйл байхгүй. Бид энэ оны төсвийг батлахдаа мөнгө их зарцуулдаг зардлуудад таналт хийсэн. Засгийн газар, яам агентлагийн төсөвтэй харьцуулбал УИХ-ын төсөв харьцангуй бага байдаг. Би энд зөвхөн УИХ-ын гишүүний төсөв яриагүй. Бүхэлд нь ярьж байгаа юм шүү. Унааны мөнгөнөөс татгалзаж байгаа нь тойрогтой гишүүдэд жаахан хэцүү. Бидэнд тойрогтоо очиж, сонгогчидтойгоо уулзахаас эхлээд хэрэгцээ их байдаг. Гэхдээ бүх гишүүн дэмжсэн тохиолдолд олонхийн шийдвэрээ дагаад явахад бэлэн байна.

 

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өрийг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжлээ. Та“Өрийг нэмэхээс өөр сонголт байгаагүй” гэж бодож байна уу?

 

-Өр гэдгээ юун түрүүнд зөв тодорхойлох шаардлагатай. Засгийн газрын баталгаа, аж ахуйн нэгжүүдийн зээлийг бусад оронд өр гэж тооцдоггүй. Зах зээлийн эдийн засгийн нэг гол зарчим нь мөнгө босгож эдийн засгаа тэлэх шаардлагатай. Бизнес хийж байгаа хүн банкнаас зээл аваад ажлаа явуулдаг. 1990 оноос хойш ийм зарчмаар явсан. Эргээд эдийн засаг сайжирч, тэлсэн хэмжээгээрээ улсын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ буураад явдаг. Хөгжлийн ерөнхий зарчим нь энэ. Үүнийг манай зарим гишүүн Монголчуудын өр тавих буруу гэдэг уламжлалт сэтгэлгээгээр нь тоглоод байна. Тэгэхээр Монгол Улс хөгжих ёстой гэвэл гадаад зах зээлээс мөнгө босгох нь үнэн. Бид дэд бүтэц, төмөр зам, үйлдвэржилтийн бодлогоо урагшлуулах хэрэгтэй. Хэн ч бидэнд үүнийг үнэгүй хийж өгөхгүй. Өнөөдрийн байдлаар бодит өрийн хэмжээ 58.2 хувьд хүрсэн байхад одоогийн хуульдаа нийцүүлж, дараа аажимдаа буулгах бодлого Засгийн газар баримталж байгаа.

 

-АН-ын бүлэг хуралдаанаас одонтой эхчүүд, хүүхдийн мөнгийг хасахгүй гэдэг шийдвэрт хүрчээ. Санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар тооцоолж байгаа юм бэ?

 

-Төсвийн тодотголд орлогоо буруу тооцсон байсныг гишүүд зассан. Орлогын эх үүсвэрийг бид ямар ч байсан гаргана. Ойролцоогоор200 гаруй тэрбум төгрөг гарч байгаа юм. Үүгээр бид одонтой эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдийн мөнгийг өгнө. Дээр нь зарим шинэ татварыг буцаах талаар ярьж байгаа. Бүлгийн хуралдаанаар гибрид машины татварыг нэмж болохгүй гэдэгт санал нэгдсэн. Өнөөдөр манайх, танайх гэж талцахаасаа илүүтэй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг хэрхэн давж гарах вэ гэдэгт шийдэл гаргах ёстой. Үүний тулд хамтарсан гэж ойлгож байна.

 

-Цалин, тэтгэврийг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой вэ?

 

-Цалин тэтгэвэр нэмэгдэлд 90 орчим тэрбум төгрөг ярьж байна. Цалин, тэтгэвэр хамгийн бага авч байгаа хэсгийнх нь мөнгийг нэмэх арга замаар явах байх. Хэдийгээр төсвийн тодотголыг яаралтай батлах шаардлага байгаа нь үнэн боловч УИХ Засгийн газраас оруулж ирсэн төсвийг шууд батлах албагүй.

 

-Санхүүгийн асуудлаа шийдэх боломж байсан юм бол яагаад“Одонтой эхчүүд, хүүхдийн мөнгийг хасна” гэж нийгэмд бухимдал үүсгэсэн юм бэ. Анхнаасаа энэ шийдлээ гаргаж болоогүй юм уу?

 

-Засгийн газраас хэмнэлтийн төсөв оруулж ирж байна гэдэг зүйл ярьсан. УИХ-ын гишүүд ярилцаад өнөөдрийн нөхцөлд халамжийн мөнгийг танах нь оновчтой шийдэл биш юм гэж үзсэн.

 

-Энэ оны төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг нь та. Ер нь төсөв анх орж ирснээсээ хэр их өөрчлөгдөв?

 

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд гишүүд нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан. Би ч гэсэн шүүмжилж байсан. Бид хоорондоо ярилцаад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд ард түмэндээ ачаа үүрүүлэхгүй байхын төлөө зүтгэлээ. Энэ төсвийг хамтарсан Засгийн газар оруулж ирсэн. Энэ оны төсвийг арваннэгдүгээр сард баталсан. Боломжийн төсөв байсан. Ер нь ямар нэгэн байдлаар татвар нэмснээр хямралаас гарсан туршлага байхгүй. Уг нь бол өмнө баталсан төсөвтөө бага зэргийн өөрчлөлт оруулаад явах боломж байсан. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд засч залруулах зүйл их байсан.Тиймээс ч шаардлагатай өөрчлөлтийг гишүүд хийж 2015 оны баталсан төвшинд нь хүргэхээр хичээлээ.

 

Ц.Оюунтунгалаг

www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.