Comment.mn

Тариаланчид ОХУ-аас улаанбуудай импортлохыг эсэргүүцэж байна

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос хэвлэлийн хурал зарлалаа.  Хурлыг тус холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг болон орон нутгийн төлөөлөл хийсэн юм.  Хэдхэн хоногийн өмнө Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас 20 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортлох импортын зөршөөрлийг олгожээ.  Тэд үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж ийн хэвлэлийн хурал зарласан гэдгийг ерөнхийлөгч  Л.Цандэлэг онцолсон.  Гэтэл энэхүү шийдвэр нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй, 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргээд байгаа аж. Хамгийн гол нь тариалан эрхлэгчид дотоодынхоо хэрэгцээг хангахуйц хэмжээний улаанбуудайг тариалсан байхад ийм хэмжээний улаанбуудайг ямар зорилгоор оруулж ирж байгаа нь асуудалтай гэдгийг тэд шүүмжилсэн.  Тиймээс энэхүү шийдвэрээ нэн даруй буюу нэгдүгээр сарын 20-ны дотор хүчингүй болгохыг шаардаж байгаа аж.

 

Р.Бурмаа сайд мурьжээ

 

Тус холбооныхон уг асуудлаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай уулзжээ.  Энэ үеэр ОХУ-аас авах ихээхэн хэмжээний улаанбуудай, гурлыг импортлох шийдвэрийг цуцалж өгөхийг хүссэн байна.  Гэтэл тус яамны сайд Р.Бурмаа “Салбарын хувьд алдаатай шийдвэр гаргасан байна.  Үүнийг би оны өмнөхөн мэдсэн.  Уг ажлыг  зохион байгуулсан үүрэгт гүйцэтгэгчид хариуцлага тооцно” гэж хэлжээ.  Иймд тус холбооныхон дээрх шийдвэрийг хүчингүй болсон гэж ойлгож болох уу хэмээн сайдаас тодруулахад тэрбээр “ Үүнийг Ерөнхий сайд шийднэ.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хувьд шийдэх асуудал.  Би үүнд оролцоогүй. Би хариуцлага хүлээхгүй” хэмээн бултаж эхэлжээ.  Тиймээс ч уг шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа аж.

 

Цөөн хэдэн компаний эрх ашгийг бодож байна

 

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэж өнөөдрийн хэвлэлийн хуралд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган, Дорнод зэрэг аймгийн тариаланчид иржээ.  Тариаланчид дотоодынхоо хэрэгцээг хангасан улаанбуудай авсан байхад ОХУ-аас ийн импортлох болсон хэдхэн компанийн эрх ашгийг харсан шийдвэр хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.  Яамнаас улаанбуудай импортлох зөвшөөрлийг томоохон есөн компани аваад байгаа аж.

 

Яамны бодлого үргэлжлэх ёстой

 

Уг нь өнгөрсөн жил уг асуудлаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай тус холбооныхон тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид дөрвөн талт хэлэлцээр хийжээ.  Тухайн үед улаанбуудайн импортын квотыг цуцлах хэлэлцээр хийсэн байна.  Гэтэл шинээр томилогдсон удирдлагууд гарч ирээд үүнийг хүчингүй болгосон байна. Тэд энэхүү үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлээд төрийн бодлого, яамны бодлого үргэлжлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Тэд энэ үеэр газар тариалангын зөв бодлого явуулсны дүнд өнгөрсөн жил 350 мянган тонн улаанбуудай хураан авсан байхад ийм хэмжээний улаанбуудай импортлох гэж байгаа нь бусармаг явдал хэмээн мэдэгдэж байсан юм. Эцэст тэд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг уг шийдвэрээ нэн даруй цуцлахыг шаардаж байгаагаа дахин дахин илэрхийлж байв.  Хэрвээ энэ байдал үргэлжилвэл төв талбайд томоохон хэмжээний жагсаал цуглааныг зохион байгуулахаа дуулгалаа.

 

Түүнчлэн өнгөрсөн онд Засгийн газраас хураан авсан улаанбуудай тонн тутамд 100 мянган төгрөгийн нөхөн олговор олгохоор тариалан эрхлэгч, аж ахуйн нэгждүүдэд мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл нөхөн олговроо авч чадаагүй учраас банкны өр зээл төлж чадахгүй хүнд байдалд орсон гэдгийг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв. Тиймээс 2014 онд тариалсан улаанбуудайн нөхөн олговрыг анх мэдэгдсэн дүнгээр олгохыг мөн шаардаж байгаа юм байна.

Д.Анар

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.