Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа л Зам тээврийн яам болон хуучин Төрийн тусгай хамгаалалтай эмнэлэг байгаад Хууль зүйн хүрээлэн болсон барилгыг эмнэлэг болгоно гээд саймширсан. Харин ийнхүү индэр дээрээс ард түмэнд таалагдах гэж зогссон Ч.Сайханбилэгийн энэ ажил талаар болж байх шиг. Ер бол эмнэлэг барина гэхээр л ард олонд таалагдана ч гэж юу байхав, арга ядсан л асуудал.
Тэр ч бүү хэл тус барилга байгууламжид ажиллаж байгаа байгууллага нь гарах тухай дурсах нь бүү хэл үүнийг суллаж эмнэлэг болгохгүй байхаа гэсэн бат итгэлтэй ярьж сууна. Энэ тухай албаны эх сурвалжаас лавлавал Зам тээврийн яамны хувьд эмнэлгийн зориулалтаар бус баригдсан. Тэгээд чанарын хувьд тийм ч сайнгүй бололтой. Тус барилга 1982 онд баригдсан цагаас хойш ганц удаа их засвар хийсэн аж. Түүнээс өөрөөр гар хүрээгүй, зөвхөн өнгө будаг л нялсан тийм барилга гэнэ. Мөн Хууль зүйн хүрээлэнгийн хувьд ч эмнэлгийн зориулалтаар ашиглахад ахиад нэлээдгүй хөрөнгө зарах ёстой юм байна.
Учир нь урьд өмнө буулгаад барихдаа эмнэлгийн зориулалтын бусаар барьсан гэдгийг албаны хүмүүс дуулгалаа. Тэр тусмаа Зам тээврийн яамны барилгын хувьд Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан цагт эмнэлэг болгох эсэх нь шийдэх юм байна. Тэгэхээр энэ барилга нь эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэхийг ч тунгаагаагүй бололтой. Ерөнхий сайд маань зүгээр л амандаа орсныг бурсан болж таарлаа.
Дашрамд дурдахад, Зам тээврийн яам, Ч.Сайханбилэг нарын аль нь илүү хүчтэйг ч харж мэдэхээр юм. Ерөнхий сайд Мэргэжлийн хяналтын газарт нөлөөлж гэмээнэ нь Зам тээврийн яамыг нүүлгэж тус барилгыг эмнэлэг болгох. Эсвэл Зам тээврийн яам Мэргэжлийн хяналтын газарт нөлөөлж гэмээнэ, тэндээ үлдэх тухай яриа ч мэр сэр гарах болжээ. Юутай ч тус барилгад ажиллаж байгаа байгууллага өөрийнхөө эзэмшилд эмнэлэг оруулахгүй гэсэн бат итгэлтэй байна лээ.
Н.Дөл
Эх сурвалж: www.unen.mn