Comment.mn

Д.Цогтбаатар: Барилгын салбар хэрэглэгчийн хэрэгцээг дээдэлсэн байх ёстой

Д.Цогтбаатар:  Барилгын салбар хэрэглэгчийн хэрэгцээг дээдэлсэн байх ёстой

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Цаг үеийн чанартай асуултаар яриагаа эхлүүлье гэж бодож байна. Танай яамны Төрийн нарийн бичгийн даргыг тантай зөвшилцөлгүй томилсныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Энэ асуудлаар надтай зөвшилцөж, ойлголцсоноор асуудал шийдэгдсэн Миний хувьд шинээр байгуулагдсан яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүний асуудал байсан тул тухайн яамны сайдтайгаа зөвшилцөж шийдвэр гаргахыг л зүйд нийцнэ гэж үзсэн. Тэр байр сууринаас л асуудалд хандсан.

-Ер нь ямар ч салбарын удирдлага солигдоход багаа бүрдүүлэхээс гадна өөрийн гэсэн бодлого, чиглэлээ тодорхойлдог. Таны хувьд энэ салбарт ямар бодлого баримталж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Миний баримталж ажиллах бодлого шинэ бүтцээс тодорхой харагдах байх. Би барилгын салбарыг хэрэглэгчийн хэрэгцээнд мэдрэмжтэй, түүнийг дээдэлсэн болгохыг зорьж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг нэгдүгээрт шууд утгаар нь барилгын салбарын бодлогод оруулж байгаа нь шинэ зүйл. Тийм учраас барилгын чанарын асуудлыг онцгойд тавьж тусгайлсан газар бий болголоо. Хэрэглэгчдийн хувьд байрандаа төлсөн мөнгөний хариуд сайн чанартай байр авах боломжийг бий болгох нь нэн чухал. Хэрэглэгчдийг бодлогын төвд тавьснаар барилга гэдэг салбарыг бас зах зээлтэй нь илүү уялдуулахыг зорьж байгаа юм. Хэрэглэгч гэдэг бол худалдан авагч. Худалдан авагч гэдэг бол эрэлт. Зах зээлийн тогтолцоонд эрэлт нь нийлүүлтийг тодорхойлох ёстой. Энэ шүтэлцээг эс тоомсорлобол эдийн засаг хямрах эрсдэлтэй. Иймд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг судлах түүнд тулгуурлан энэ салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлдог хэлтсийг бий болголоо. Энэ ч мөн шинэ ажил. Хэрэглэгч төвтэй (инженер, барилгачин төвтэй биш) сэтгэхүйг ийнхүү нэг нэвтрүүлэхэд үүнийг буцаан өөрчлөх улс төрийн хувьд боломжгүй гэж бодож байгаа. Тэгэхээр миний эхлүүлж буй энэ чиглэлийн өөрчлөлт эргэж буцахгүй болов уу гэж бодож байгаа.

-УИХ төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотголын хүрээнд төрийн захиргааны ажилчдын 15 хувийг цомхотгохоор болсон. Танай яамны хувьд үүний дагуу хэчнээн хүн цомхотголд өртөхөөр байна вэ?

-Энэ шийдвэрийн дагуу яамны шинэчилсэн зохион байгуулалтыг илүү цомхон төвшинд байлгахаар бүтцийн шинэчлэлт хийгээд байна. Зарим ажлын байрны давхардлыг арилгаж байгаа. Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу манай яамны орон тоо 15 хувиар л өөрчлөгдөж таарна.

-Ингэж төрийн албанд цомхотгол хийж байгаа ч таны хувьд Барилга, хот байгуулалтын сайдаар очоод таван ч газар, хэлтсийг шинээр байгуулсан. Эдгээр хэлтэст ажиллах хүчийг дотоод нөөцөөсөө авсан уу. Эсвэл шинээр бий болсон Барилгын чанар, аюулгүй ажиллагаа, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Норм, нормативын хэлтэс, Ногоон бодлогын хэлтэст гаднаас шинэ боловсон хүчин авч ажиллуулж байна уу. Ер нь ингэж бүтцийн өөрчлөлт хийснээр ямар эерэг үр дүн гарна гэж тооцоолж байна вэ?

-Хуучин яаманд байсан газрын тоог нэмээгүй. Гэхдээ нэлээд шинэлэг газруудыг бий болгосныг та дурдаж байна. Миний явуулах бодлогод барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал, барилгын гадуур явж буй иргэдийн аюулгүй байдал онцгой байр суурийг эзэлнэ. Хариуцлага гэдэг юмыг өөр төвшинд гаргахыг зорьж байгаа гэсэн үг л дээ. Мэдээж нэг далайлтаар муу зуршлыг шийдэхгүй л байх. Гэхдээ хэн нэг нь зориг гаргаж энэ асуудлаас зугталгүй атгаж шийдэхийг оролдох ёстой. Үр дүнд гаргахын төлөө ажиллана. Норм норматив стандартыг орчин үеийн шинэ шатанд гаргах эхлэлийг тавина. Энэ нь эргээд барилгын чанар чансаад эергээр нөлөөлнө гэж итгэж байгаа. Мэдээж ногоон бодлогыг ихэд анхаарч, эко технологийг нэвтрүүлэх тал дээр ч хичээж ажиллахыг зорьж байна. Эдгээрийг хийхийн эцсийн зорилго бол хэрэглэгчдийг чанартай, урт хугацаанд ашиглагдах, тухтай, байгаль орчинд ээлтэй барилга байгууламжид ажиллаж, амьдарч, үйлчлүүлж байгаасай л гэдэгт оршиж байгаа юм. Үүнийг эерэг үр дүн гэж үзнэ биз дээ.

-Шинэ бүтцийн дагуу үйл ажиллагаа явуулах Барилгын чанар, аюулгүй ажиллагаа, Норм, нормативийн хэлтсийн үйл ажиллагааг тодруулна уу. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт ауюлгүй ажиллагаа, норм, норматив алдагдаж, эзэнгүйдэх явдал газар авсанд үед ийм хэлтсийг тусад нь байгуулж байгаа явдлыг нүдээ олсон ажил юм болов уу гэж хараад байна л даа?

-Эцсийн дүгнэлтийг ажлын үр дүнгээр тавих байх. Тогтсон журам ёсоор бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нь Хөдөлмөрийн яаманд, хяналтын үйл ажиллагаа нь мэргэжлийн хяналтын газарт байдаг ч салбарын ажилчдын аюулгүй байдлыг хамгаалж ажиллахад онцгой анхаарахаар төлөвлөж байгаа. Манайд хэрэглэгдэж буй 250 гаруй норм нормативаас орчин үеийн техник технологи хөгжсөн үед цөөнгүй норматив стандартыг шинэчлэх шаардлага байгаа тул дээр дурдсан хэлтсийг байгуулаад байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.