Comment.mn

Ц.Элбэгдоржийн амлалт өнөөдрийн гай

 

http://www.infomongolia.com/images/stories/news/news/2012/07_july/31/lse02.jpg

Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөхдөө оютнуудад тэтгэлэг олгоно хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан билээ. Өнөөх л мөнгөний сонгуулийн нэг хэлбэр шүү дээ. Үнэн хэрэгтээ бэлэн мөнгө тараах ийн тэтгэлэг хэлбэрээр өгнө хэмээн амлах хоёрт нэг их зөрөө байхгүй. Уг нь бэлэн мөнгө тараасан хэргээр сонгуулиас шувтарсан нөхөд ч бий, шүүхийн хаалга татсан нэгэн ч бий. Харин оюутны тэтгэлэг амласан Ц.Элбэгдоржид алга ташин саналаа өгсөн. Ийм л ялгаа байна.

 

Тэр тусмаа Ц.Элбэгдорж энэ тэтгэлгийг хэдэн жил олгосон, улс орны эдийн засагт бага ч атугай дарамт өгсөн байж таарна. Өнөөдрийн хямралд нөлөөлсөн гэж болно. Гэтэл нэг нэр дэвшигч тухайн үедээ хэдэн төгрөг тараагаад л дууссан. Магадгүй тэд өөрийнхөө бизнес хийж олсон мөнгийг л тараасан. Улс орны эдийн засагт ямар ч хохирол учирсангүй.

 

Харин өнөөдрийн Засгийн газар оюутны энэ тэтгэлгийг танах тухай шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийн энэ шийдвэрийг хүчингүй болгох юм байна. Ерөнхийлөгч маань өөрөө сонгуульд мөнгө тараасан гэх зэргээр заналхийлж, хорино шийтгэнэ хэмээн индэр дээрээс хашхирч байдаг. Гэтэл өөрөө тэтгэлэг нэрийн дор мөнгө амлаж сонгуульд ялалт байгуулж л байсан хүн шүү дээ.

 

Түүнээс өмнө буюу 2008 оны сонгуульд Ц.Элбэгдорж АН-ын дарга байв. Өөрөөр хэлбэл АН-ыг тэр удирдаж сонгуульд оруулав. Ингэхдээ хишиг нэрийн дор нэг сая төгрөг амласан. Сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгасан. Үүнийг нь давах гэж МАН 1.5 сая төгрөгийг амласан. Тиймээс үүндээ хүрэх гэж С.Баярын хамтарсан Засгийн газар сар бүр иргэн бүрт мөнгө өгсөн. Тодруулбал, улстөрийн хоёр хүчин хамтраад амласанаа өгөх гэж зүтгэсэн хэрэг.

 

Ингэснээр дөнгөж хөл дээрээ босон ядаж байсан Оюутолгойн хэдэн төгрөгийг эхлээд 70 мянгаар, дараа нь сар бүр 40, 20 мянга гэсэн мөнгөн дүнгээр олгосон. Ерөнхийдөө Оюутолгойн дараагийн үйл ажиллагаанд зориулах мөнгийг иргэддээ тараагаад өгчихсөн. Магадгүй энэ мөнгийг тараагаагүй бол өнөөдөр Оюутолгойн үйл ажиллагаа тартагтаа тулчихгүй л байсан болов уу.

 

Энэ мэтчилэн Монгол Улсын эдийн засгийг сөхөрхөд том гай болсон хүн нь өнөөдөр индэр дээрээс хямралаас яаж гарах тухай бурж л байх юм даа. Дашрамд дурдахад өнөөдрийн эдийн засгийн хямрал, улс орны байдал уруу дорой байгаа нь зөвхөн эрх баригчдын ч буруу биш. АН МАН хэмээх хоёр том улстөрийн хүчний хамтын бүтээл шүү дээ. Олон жил хамтран бүтээсэн нийгэм нь өнөөдөр ийм байдалд хүргэсэн хэрэг.

Н.Дөл

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.