МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнесийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Юуны өмнө танд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Танхимын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх гэж байна даа?
-Манай танхим энэ жил 55 жилийнхээ ойг тэмдэглэнэ. 1997 онд танхимын хуулийгбаталж шинэ нийгэм, зах зээлийн системд орсноос хойш 17 жилийн хугацаанд өөрийн гэсэн бие даасан институт болоод экспорт, импорт, худалдааны чиглэлд их ажилласан. Бид саяхан XIX их хурлаараа танхимынхаа дүрмийг шинэчлэн найрууллаа. Удирдлагын менежмент нь нэг гарт төвлөрч байсныг задалж өгсөн. Миний ерөнхий бодлого гэвэл их хурал дээрээ хэлж байсан үндсэн зүйл буюу Монгол Улсын Үндсэн хуульд эдийн засаг, санхүүтэй холбоотой, хувь хүний эдийн засаг, санхүүгийн эрхтэй холбоотой 12 заалт байдаг. Эдгээр зүйл заалтын унтаж буйг нь сэрээе, үйл ажиллагаа болгосныг нь идэвхжүүлье гэж байгаа. Ер нь “Иргэн өмчтэй болох, аж ахуй эрхлэх, чөлөөт худалдаанд оролцох” гэсэн хувь хүний онцгой гурван эрхийг мөн чанар талаас нь гаргаж өгөх зорилго тавьсан. Үүнийхээ дагуу эхний нэгдүгээр сард Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахад маш их идэвх чармайлттай ажиллана. Дараагийн асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Өмчийн тухай хууль бий. Өнгөрсөн 23 жилийн дотор иргэд, аж ахуйн нэгж өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болсон. Төр хүртэл газрын хэвлийн баялгийг өмчөө болгон ашиглаж байна. Энэ хуулийн дагуу өмчийн процессыг маш тодорхой болгож өгөх шаардлагатай байгаа юм. Өмч тодорхой бусаас болоод луйвар, хээл хахууль, авлига гэх мэт сөрөг муу бүхэн бий болсон. Үүнийг зохицуулахад идэвхтэй оролцоно. Тэгээд дараа нь бизнесийн таатай орчинг бий болгоход анхаарна. Бизнесийн таатай орчин гэдэг нь өмчийн асуудал тодорхой байх, дээр нь компани байгуулах, өмчтэй болсон иргэний асуудал тодорхой байх ёстой. Гуравдугаарт, аливаа бизнесийггэрээ хэлцлээр хийдэг шүү дээ. Гэрээ хэлцэлгүй бизнес гэж дэлхийн хаана ч байхгүй. Харин энэ нь өөрөө шударга шүүхээр хамгаалагдаж байх ёстой. Үүнийг хамгаалдаг шүүх нь бизнесийн ертөнцөд Арбитрын шүүх. Тийм учраас манай танхимын дэргэд Монгол Улсын буюу олон улсын Арбитрын шүүх ажилладаг. Энэ шүүх маань бүх гэрээ хэлцлийг хамгаалах хамгаалалтад оруулна гэсэн ойрын төлөвлөгөө байгаа. Эдгээр хууль дээр танхимаа аваад л шууд ажиллаж байна. Учир нь, би үүнийг арваад жил ярьж байгаа болохоор надад гацах, буцах, шинээр танилцах асуудал байхгүй.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулбал манай эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Энэ хуулийн хамгийн гол асуудал бол дээр хэлсэн Монгол Улсын иргэн өмчтэй байна, шударгаар олсон өмчөө захиран зарцуулах болон аж ахуй эрхлэх эрхтэй гэсэн гурван зүйл. Үүнийг л хамгаалахын тулд энэ хуулийг батлуулна. Өнөөдөр нарийн яривал 56 сая мал бүртгэлгүй л байгаа шүү дээ. Дээр нь тариаланчдын бий болгосон баялаг, мөн ажил үйлчилгээ гээд ихэнх нь бүртгэлд орж чадахгүй байна. Хоёрдугаарт, манай эдийн засаг 2011 оны байдлаас өнөөдөр 10 дахин томорсон. Үүний хэрээр дотоодын компани томорч, монгол хүн томорч байгаа. Ийм нөхцөлд эдийн засгийн болон санхүүгийн гол хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Мөнгөнөөс мөнгө үүсгэдэг гол хэрэгслүүдийг ашиглахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тайлан баланс хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаар ил тодын хууль гарснаар бүртгэлгүй маш олон хөрөнгө, орлого, ажил үйлчилгээ бүртгэлтэй болно. Ингэснээр манай улсын үндэсний баялаг өснө. Өөрөөр хэлбэл, энэ хууль гарснаар ДНБ 7-8 их наядаар өснө.
-Энэ хууль батлагдвал татвар дээр нь бас зохицуулалт хийх хэрэгтэй биз дээ?
-Энэ талаар би 2008 оны хоёр янзын өршөөлийн хуультай холбож ярьдаг. Иргэдэд ч тийм ойлголт өгөх хэрэгтэй. Яагаад компаниуд тэр их орлогоо нуусан бэ гэдэг нь татварын систем, бодлого буруугаас болж байгаа юм. Зах зээл гэдэг өрсөлдөөн. Өнөөдөр дарга хямд нүүрс зарах гэж гүйдэггүй. Харин өрсөлдөөн тэр хямд нүүрсийг заруулдаг. Аливаа намын дарга, сайд нар ч юм уу, тухайн дэлгүүрийн үйлчилгээг сайжруулах гэж гүйдэггүй юм. Тэрийг дэлгүүрүүдийн өрсөлдөөн л бий болгодог. Харин шударга өрсөлдөөнөөс хэрэглэгч хожих ёстой. Гэтэл өнөөдөр санхүүгийн тэгш биш нөхцөл, татварын тэгш биш олголт, тэгш биш хяналт нь иргэдийг шударга бус өрсөлдөөн рүү оруулаад байна. Үүнийг зөв гольдролд нь оруулахад ил тодын хууль хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
-Төрийн зүгээс бол аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх тухай яриад байдаг. Гэтэл аж ахуйн нэгжийнхэн болохоор “Энэ хууль гарвал төрийг өршөөж буй хэлбэр” гэх юм. Ер нь хэн нь хэнийгээ энэ хуулиар өршөөх гээд байна аа?
-Миний хувьд санхүүгийн өршөөл нь ерөнхийдөө төрийг өршөөж байна гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл сүүлийн хоёр жилд мөнгөний бодлого болон макро эдийн засийн алдаанаас болж Монголын компаниуд сүүлийн таван жилийн ашгаа дуусгасан. Учир нь, төгрөгийн үнэ цэнийг 30 хувь унагаад алдаа үүсгэсэн. Тухайлбал, Оюутолгой 2008 онд 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Мөн зургаахан сарын супер өршөөлийн хуулиар 2800 компани дөрвөн тэрбум ам.долларыг оруулж байсан. Гэтэл дараа нь Оюутолгой үйлдвэрээ бариад дууссан. Дахиад баяжуулах үйлдвэр барихгүй шүү дээ. Тухайн үед Оюутолгойд эргэлдэж буй санхүүгийн эргэлтийг Монгол Улсынхаа санхүүгийн системээр дамжуулах ёстой байсан. Гэтэл “Үүнийг бид хариуцахгүй” гээд гэрээ хийсэн нь улстөрчдийн макро төвшинд гаргасан хамгийн том алдаа. Үүнээс болж өнөөдөр Монголд валют байхгүй болсон шүү дээ. Өмнөх хоёр янзын өршөөлийн хуулийн дараа зөвхөн 2008-2012 онд гэхэд манай эдийн засаг 2-3 дахин томорсон. Гэтэл дээрх компаниуд руу бүх мөнгөний урсгал шилжсэн. Ашиглаагүй нь зах зээлээсээ болж хасагдаад, дампуурсан. Өөрөөр хэлбэл, бий болгосон тэр их мөнгөн дүнгээ барилга, уул уурхай хоёр руу л хийсэн байдаг. Барилга руу бол нэг хүнийг л Ерөнхийлөгч болгохын тулд 900 тэрбумыг зээл болгож өгсөн шүү дээ. Ингэхдээ зөвхөн эрэлтэд өгснөөс биш нийлүүлэлтэд өгөөгүй. Харин барилгын үнэ хоёр дахин өссөн. Бүгдээрээ уул уурхайн эзэн болох гээд дайраад орчихсон. Гэтэл уул уурхайн үнэ унасан. Өнөөдөр энэ хоёр том салбарт оруулсан капитал маань мөнгө болж чадахгүй байна. Уг нь капитал мөнгө болж, мөнгөнөөс капитал болдог. Эсвэл мөнгөнөөс капитал, капиталаас мөнгө болдог. Харин манайх мөнгөө капитал болгочихоод буцаагаад мөнгө болгож чадахгүй байна. Энэ бол сүүлийн хоёр жилд макро төвшинд улстөрчдийн хийсэн алдаа.
-Уул уурхайн томоохон төсөлд хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ болж л өгвөл санхүүгийн эргэлтийг нь өөрсдөөсөө холдуулчих юм. Дотооддоо төвлөрүүлэх боломж байдаггүй юм болов уу?
-Уул уурхайн үнэ унасан үед, тухайлбал, 2000 онд коксжсон нүүрс таван ам.доллар, унц алт 216 ам.доллар байсан. 2008 онд мөн унасан. Тэр үед 6000 хүрч байсан зэсийн үнэ унаж 3000 болсон шүү дээ. Энэ мэт түүхий эдийн үнэ унадаг үечлэл бол байнга л давтагддаг. Харин яг унах үед нь бид санхүүгийн эргэлтээ яаж хийхээ мэдэхгүй, тооцоолоогүй байсан. Тэгэхээр нөгөө талдаа “гараа мушгиулдаг” юм. Ингэж “гараа мушгиулсан” үедээ өнгөрсөн жил Хөрөнгө оруулалтын хууль баталсан. Нарийндаа бол дахиад л “Санхүүгээ Монголоос гадна эргэлдүүлээ” гэсэн хууль болсон шүү дээ. Өөрсдөө тэр эрхийг нь өгөөд байгаа юм. Уг нь тийм эрх өгсөн ч өөртөө тамга үгүй юм гэхэд ядаж ноён хөзрийн хэмжээний юм авч үлдэх ёстой. Үүнийгээ бид чадахгүй байна.
-Яагаад чадахгүй байна вэ?
-Учир нь бидэнд дэлхийн хэмжээний санхүүч, хөрөнгө оруу-лагч, эдийн засагч алга. Эдгээр мэргэжилтэн байхгүй учраас дэлхийн хэмжээний мөнгөний бодлого барьж чадахгүй байгаа юм. Дандаа үүнээс болоод гадныханд шоглуулаад байна. Энэ мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Эхнээсээ ганц нэг хүн гарч ирж байна. Харин тэдэнд ажиллах бололцоог нь өгөх ёстой.
-Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийгээд эхэлсэн. Энэ удаа санхүүгээ бас л Монголоос гадуур эргэлдүүлэх эрхийг нь өгөх болов уу?
-Уг нь аливаа асуудлыгил тод хэлэлцснээрээ гайгүй болдог. Оюутолгойг 2006 оноос хойш янз бүрийн байдлаар хэлэлцэж явсаар 2009 онд баталсан. Тэр гэрээ нь нийгэмд ямар нэгэн байдлаар ил тод хэлэлцэж байснаараа тухайн үед хэрэгтэй л болж байсан шүү дээ. Тавантолгой, Оюутолгойд нэг зовлон бий. Тэр нь юу вэ гэхээр геологич хүнийг хөрөнгө оруулалтын эдийн засагч болгох гээд байдаг. Геологич гэдэг чинь эрдэс баялгаа олох л мэргэжил шүү дээ. Дараа нь олборлолтын инженер гэдэг олсон эрдэс баялагт тулгуурласан эдийн засгийн үр ашигтай үйлдвэр барих ёстой. Энэ хоёр чинь тусдаа салбар. Тэгээд дараа нь санхүүч, эдийн засагч, хуульч гурав хөрөнгө оруулалтын ажлыг хийдэг. Гэтэл манайх зөвхөн геологич хүнээр энэ бүх ажлыг хийлгэх гээд мунгинаад байна. 1997 онд хэдэн геологич уул уурхайн лиценз авсан. Тэгээд буцаад тэд хөрөнгө оруулагч болсон. Мөн буцаагаад үйлдвэрийн инженер болчихож байгаа юм. Тэгээд түүхий эдээ дэлхийн зах зээлд зардаг наймаачид болсон. Нэг ёсондоо гадаад худалдааны мэргэжилтнүүд гэсэн үг. Ийм мэргэжлийн бус хүмүүсээр ажлаа хийлгээд горыг нь бид амсаад байна. Мэргэжил гэж юунытулд байдаг, юунытулд шинжлэх ухаан гэж бий билээ. Тэгэхээр би заагтай байх ёстой л гэж үздэг.
-Тэгэхээр мэргэжлийн хүнээр нь эдгээр ажлыг хийлгэе гэвэл манайд мэргэжилтэн байна уу?
-Мэргэжлийн хүн гэхээр хөрөнгө оруулагч буюу миний дээр хэлсэн уул уурхайн инженерүүд, эдийн засагчид. Энэ хүмүүс одооноос л цагийн явцаар бий болж байна. Жишээ нь, Орост татварын өртэй байсан “Алтандорнод” компанийг монгол залуус аваад өрийг нь дараад, авч явж чадаж байна гэдэг чадварлаг хөрөнгө оруулагчид гарч ирж буйн шинж юм. Ухаахудгийн хажууханд нь монгол бизнесмэнүүд нийлж гадны хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгоод тэр үйлдвэрийг авч явж байна. Энэ мэтчилэн яг бизнесийн ертөнцөд уул уурхайн салбараа авч явах мэргэжилтнүүд одооноос төрж байгаа. Харин төр, засаг энэ хүмүүстэйгээ их ойр ажиллах ёстой. Бүр тэдэнд том эдийн засгаа хуваагаад өгсөн ньдээр. Хэдий болтол “Женко”, “MCS” хоёрыг зодолдуулах вэ дээ. Тэгэхээр төмөр зам, зэс, баяжмал, нүүрсний уурхай, цахилгаан станц зэргийг нэг нэг хүнд өгөх хэрэгтэй. Одоо гайгүй хөрөнгөтэй гэсэн хэдэн хүн нь улстөрчидтэй нийлж бие биенээ барьж “идэж” дуусгаад байна. Үүний хойно үндэсний баялаг л үгүй болно. Ингэж алалцуулахын оронд тэр зах зээлийг нь үндэсний хөрөнгө оруулагчдад хувааж өгөөд “Дэлхийд гар” гэсэн үүрэг өгөх ёстой. Ингэхдээ “Улаанбаатарын бизнес рүү битгий орж ир. Нийтийн баялгийг дэлхийн зах зээл дээр зарж, ашиг олж байгаа бол энд хуушуур бүү зар” гэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хуульд үүнийг зарим тохиолдолд тусгаж өгөх шаардлагтай. Нарийндаа бол төр гэдэг хуваарилалтад ордог субъект. Харин бүгдийг чөлөөт зах зээлд тавьчихаад нөгөөх нь аясаараа, байгалиараа бий болно гэдэг асуудал хаана ч байхгүй.
-Таны үзэж буйгаар эдийн засгаа хуваагаад өгчихвөл магадгүй богино хугацаанд дэлхийн зах зээлд манай түүхий эд өрсөлдөх байх. Харин уул уурхайн нэгдсэн сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байх?
-Ер нь ашгийн дараа бид сангаа эргэлдүүлэх хэрэгтэй. Капталист нийгэмд бид гурван жил явлаа шүү дээ. Тэр үедээ сантай болоод нэлээд гайгүй явсан ч дараа нь дуусгасан. Ер нь эдийн засаг гэдэг улсын хэмжээнд хэдхэн том мөнгө эргэлдүүлэх ухааныг хэлдэг юм. Улсын нэгдсэн төсөв, даатгалын мөнгө, иргэдийн банкинд байгаа мөнгө, Хөрөнгийн биржид байгаа мөнгө, дээр нь Засгийн газрын өөрийнх нь бонд гээд 5-6-хан том сан байдаг. Харин эдгээр сангийн мөнгийг яаж хөдөлгөх вэ гэдэг нь орчин үеийн улстөрчдийн ухаан. Энэ хэдэн том хуримтлалыг хөдөлгөж чаддаг хүнийг л бид УИХ-д сонгох ёстой. Гэтэл төсвөө, даатгалаа мэдэхгүй, банкинд хэдэн төгрөг хадгалагдаж буйгаа ч мэдэхгүй, Монголын компаниудад ямар баялаг байгааг ч мэдэхгүй хүмүүс яаж тэр зохицуулатыг хийх вэ дээ. Тийм ч утгаараа аливаа улсын парламентад хуульч, эдийн засагч хоёр сууж байдгийн гол учир нь энэ.
-Аж ахуйн нэгжүүд өнөөдөр их хүнд байдалд байгаа шүү дээ. Танай танхимд хэчнээн компани бүртгэлтэй байдгийн хэд нь санхүүгийн хүндрэлээс болж хаалгаа барив аа?
-Манайд 3000 гаруй компани бүртгэлтэй байдаг. Эдгээрээс хэд нь яасан гэдэг статистик тоог хараахан аваагүй байна. Гэхдээ манай улсад өнөөдрийн байдлаар 95 мянган компани бүртгэлтэй. Үүнээс 450 нь улсын төсвийн 90 хувийг бүрдүүлж, 20 мянган компани нь 10 хүртэлх сая төгрөгийн орлоготой байдаг. Үлдсэн 70 орчим мянга нь 10 саяас бага орлоготой буюу Х тайлан гаргаж өгдөг. Манай улсад компани байгуулах нь хувь хүний эрх боловч компани гэдэг чинь маш хүнд ажил шүү дээ. Их хэмжээний капитал, мэдлэг, оюун ухаан шаарддаг. Гэтэл компани байгуулахад тамга, гэрчилгээ хоёр аваад л болчихдог гэж ойлгоод гэнэн хандсан. 70 мянга ньяагаад татвар төлөхгүй яваад байна гэдэг компани болох процесстоо орж чадаагүй гэсэн үг. Ер нь компани яг хүүхэдтэй ижил. Өөрөөр хэлбэл, хүүхэд эхээс төрдөг, хэвтдэг, мөлхдөг, алхдаг, гүйдэг. Тэгээд 16 нас хүрээд иргэний харилцаанд орж эрх үүрэг хүлээдэг. Тэгвэл дээрх 70 мянган компани мөлхөө үедээ яваа бол 20 мянга нь тэнтэр тунтар алхаж байна. Харин тэр 450 нь гүйдэг хэлбэртээ орчихсон байгаа юм. Эдгээр компаний алийг нь ч ялгахгүй өсч өндийх бололцоог олгох нь манай танхимын үндсэн ажил.
-Тэгвэл танхим үндсэн ажлаа муу хийсэн гэсэн үг үү?
-МҮХАҮТ-ын хууль гэж бий. Энэ хууль гарч өгснөөр компаниудыг бүгдийнх нь өсөлт хөгжилтөд нь нөлөө үзүүлэх, хууль эрх зүйн орчинд нөлөөлөх тийм ажиллагаа хийх ёстой байгууллага. Харин танхим 55 жил болохдоо дандаа худалдааг бариад явчихсан. Хуультай болсон сүүлийн 17 жилд ч худалдаагаа барьсан. Тиймээс компанийн өсөлт хөгжилтөд сайн нөлөөлж чадаагүй. Харин миний хувьд бол бүгдийг нь бойжуулъя гэсэн зорилготой байгаа.
-Ер нь танхимыг социализмын үед иргэн өмч хөрөнгөгүй байх үед байгуулсан. Хэдийгээр ардчилал гараад иргэн бүр өмчтэй болж, улмаар танхим өөрийн гэсэн хуультай болсон ч зах зээлийн нийгэмд бүрэн зохицоогүй байгааг өмнөх удирдлага хэлж байсан санагдана. Харин саяхан хуульдаа шинэчлэлт хийхдээ өнөөгийн нийгэмд шаардлагатай бүх асуудлыг тусгаж чадав уу?
-Нарийн яривал Монгол Улс Үндсэн хуулиа баталж байхад ч иргэн өмчгүй, чөлөөт худалдаанд ороогүй, аж ахуй эрхлэх нь хориотой байсан. Тийм ч учраас Үндсэн хуулиа дагаж гарсан хэдэн органик хуулиуд буюу иргэний, эрүүгийн, татварын хууль, мөн өмчийн хуулиуд их гэнэн байдлаар алдаатай бичсэн нь өнөөдөр илрээд байна. Тэгэхээр Үндсэн хуулиа эдийн засагжуулъя, санхүүжүүлье, татварын системийн хуулиудаа иргэний өмчийг хамгаалдаг хэлбэр рүү оруулъя гэж яриад байгаа юм. Энэ бүхэн зөвхөн танхимын биш төрийн үүрэг. Үндсэн хуульд бас ч гэж ухаантай заалтууд бий. Тухайлбал, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгж хохирвол төр хариуцлага хүлээнэ” гэсэн утга бүхий заалт байдаг.
-Энэ ч ёстой хэрэгждэггүй заалт байх аа?
-Ганц нэгхэн тохиолдол бий л дээ. Ер нь ил тодын хууль гэдэг үнэн хэрэгтээ иргэдийг биш төрийн буруутай үйл ажиллагааг иргэдийн зүгээс өршөөж буй явдал гэдгийг дахин хэлье.
-Төр өөрөө муутгасан эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд иргэдэд л дарамт учруулаад байх шиг. Тухайлбал, Ерөнхий сайд “Зарим халамжийг үгүй болгоно, цалинг нь хасч, ажлаас нь цомхотгоно” гэх болсон. Уг нь төр хариуцлага хүлээх ёстой гэсэн хуулийн заалт чинь энд үйлчлэх ёстой юм биш үү?
-Уг нь тийм шүү дээ. Аж ахуйн нэгжид эргэлдэж буй санхүүгийн хуваарилалтыгюугаар зохицуулдаг вэ гэвэл чөлөөт зах зээл буюу өрсөлдөөнөөр. Хоёр дахь нь баялаг бүтээгчдийн татвараас бий болсон улсын төсөв, даатгалын мөнгө, ялангуяа улсын төсвийн хуримтлал өрсөлдөөнөөр зохицуулдаг юм. Зах зээлээр зохицуулахгүй. Гуравдугаарт, хуримтлагдсан мөнгөний балансын тогтмол байдлыг барих нь төрийн үүрэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний урсгалыг зөв барих хэрэгтэй. Ингэхийн тулд татварын, татаасын, мөнгөний зэрэг бодлогыг төр хариуцах ёстой. Жишээ нь, өнгөрсөн жилд үндэсний мөнгөн тэмдэгт 30 хувь суларлаа. Энэ уналтыг гэр хорооллын Должин эмээ, тэр бүү хэл үйлдвэрийн эзэн ч мэдэхгүй шүү дээ. Харин үүнийг УИХ-ын 76 гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Төв банк мэднэ. Гэтэл тэд 30 хувиар унагах процессыг хийчихээд энэ харгис үйлдлээ ТҮЦ рүү, эсвэл ченж рүү, импортлогч руу хандуулж байгаа нь асар том нүглээ нууж буйн шинж л дээ. Өөрсдөө мэдлэг, чадваргүйгээс ийм асуудалд орж байгаа хэрэг. Төр алдаа хийхдээ үүнийгээ дандаа нуудаг. Үүнээс нь болж банк санхүүгийн систем ч хүнд байдалд орлоо. Мөн өнгөрсөн жил нэг хэсэг салбарт зургаан хувийн хүүтэй мөнгө өгсөн. Гэтэл ердийн бизнесмэнд 18-24 хувийн хүүтэй мөнгө зээлээд ажиллаж байгаа. Тэгээд энэ хоёрыг “Зах зээл дээр өрсөлд” гээд тавь даа. Тэнэг л хүн биш бол өндөр хүүтэй зээлээс татгалзаад авлига, хээл хахуулийг нь өгч байгаад ч хамаагүй зургаан хувийн хүүтэй мөнгийг нь авна биз дээ. Манай 3.4 их наяд төгрөг ийм л замаар орсон. Тиймээс л мөнгөний хуваарилалт, хөнгөлөлт, чөлөөлөлтөө шударга хийгээч ээ гэж хүсээд байгаа юм. Манайд сонин асуудал их бий. Тухайлбал, төр ажлыг нь, зах зээлийг нь олж өгдөг, мөнгийг нь ч өгдөг, тэгээд хийсэн барааг нь өөрөө худалдаж авдаг бизнес байдаг. Энэ бол шударга зах зээл биш. Яг ингэх гээд байгаа бол коммунизмаараа явсан нь дээр. Үүнээс болж манай шударга бизнес эрхлэгчид шантарч байна. Шантрахаас ч аргагүй шүү дээ. Учир нь, бүхэл бүтэн 20 жил зүтгэж байж нэг муу ТҮЦ-тэй болтол хажууд нь өнөө нийтийн савнаас хулгайлсан нөхөд хамгийн тансаг амьдарч буй нь нийгмийн уур амьсгалыг булингартуулаад байна. Яагаад би 10 жил шударгаар татвар төлсөн хэр нь нэг ч тендерт ялж үзээгүй байхад нэг нөхөр ганцхан сар болчихоод л 17 тэрбум төгрөгийн тендер авдаг юм бэ. Үүнийг л нийгэм хүсэхгүй байгаа юм. Тэгэхээр үүний эсрэг бүгд тэмцэх хэрэгтэй. Харин Шилэн дансны хуулийгхэрэгжүүлж эхэлсэн нь сайн талтай. Яг үүнд тохирсон хууль гэж би дэмжиж байгаа.
-Эдгээр асуудалд Ерөнхий сайд тантай санал нийлж, дэмжиж ажиллах гэнэ үү?
-Ерөнхий сайдад би нэг л юмыг хэлж байгаа. Өмнө нь ч 2014 оны эдийн засгийн форум дээр хэлсэн. Юу вэ гэвэл “Татаасын хуулийг гарга” л гэж байгаа юм. Татаас гэдэг чинь өрсөлдөөнийг устгадаг, аж ахуйн нэгжийг чадваргүй болгодог эд. Татаасыг их өгснөөр зарим салбар өрсөлдөөнгүй болдог. Үүний улмаас монополь үүсч, эсвэл зөвхөн түүнээс амь зогоодог хүмүүс бий болдог. Өнөөдөр манай 95 мянган компанийн 20 мянга нь төрийн аливаа нэгэн ажил үйлчилгээг авдаг. Тэдний нэлээд хэд нь татаасыг зогсоовол шууд “амь тавина”. Ингэж л чадваргүй болгодог. Тиймээс гадныулс оронд бол татаас өгснийхөө араас үргэлж хяналттай ажилладаг. Зах зээлийг хянаж, хэрэв өрсөлдөөн үгүй болоод монополь үүсвэл татаасыг шууд зогсоодог. Тиймээс Татаасын хуультай болох хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байгаа.
-Эдийн засгийг сэргээхийн тулд малын хөлийн татварыг авдаг болох тухай Ерөнхий сайд хэлсэн. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
-Ер нь манай улсын 56 сая мал хэдхэн мянгат малчинд л төвлөрөөд байгаа шүү дээ. Мал ингэж их өссөн атал нийслэлд махныүнэ яагаад буурахгүй байна вэ гэдэг том асуудал. Энэ бол үнэнийг хэлэхэд 2006 оноос эхэлсэн процесс. Хот руу мах нийлүүлэх эрхийг хотын захиргаа хэдхэн компанид өгдөг болсноос үүдэлтэй. Одоо ч эрх өгч байгаа ч нөгөө хэд нь нийлүүлж, хангаж чадахгүй байна. Үүнийг чөлөөтэй болгох хэрэгтэй. Тэгвэл махны нийлүүлэлт ихэсч, үнэ нь аяндаа буурна. Нөгөө талаар сүүлийн 20 жилийн турш төрөөс малчдад явуулсан бодлого, халамж ер буураагүй. Орон нутагт дэд бүтцийг нь бүрэн барьж өглөө. Сургууль, эмнэлэг бариад зогсохгүй өнөөдөр бүгд гэртээ цахилгаантай болж зурагт үзэж байна. Малчдын амьжиргаа сайжирсан. Бүх хэрэгцээгнь хангасан учраас тэд одоо малаа зарах шаардлагагүй болоод байгаа юм. Тийм учраас 501 дэх малаас нь татвар авдаг болбол хотын зах руу махалж явуулна шүү дээ. Ер нь мянгат малчныхөтөлбөрийг зогсоомоор санагддаг. Харин 0-500 хүртэлх малтай ядуу, дундаж амьдралтай иргэдэд татаасын бодлогоо өгч байх хэрэгтэй. Тэгээд түүнээс дээш малтай хүнийг “Та биеэ даасан амьдралтай тул ямар нэгэн татаас өгөхгүй, уучлаарай” гэж хэл л дээ. Баян хүнд мөнгө өгч яах юм бэ. Хамгийн гутамшигтай зүйл бол баян айлын хүүхдэд бэлэг өгөх шүү дээ. Бүх амьдралаа дээшлүүлчихсэн л юм чинь нийгэмд татвараа төлөх хэрэгтэй. Бид хамтаараа зүтгэж, энэ нийгмийг байгуулж буй тохиолдолд зах зээл дээр хэн ашиг орлого олж байна тэр болгоноос татвар авах ёстой.
-Ер нь мянгатуудыг олноор нь төрүүлж, татаас өгөөд байгаа явдал бол шударга хөдөлмөрлөөд татвараа төлж буй мань мэтэд ямар ч ашиггүй. Тэднийг асарч тойлох нь хэнд ашигтай юм бэ?
-Орон нутгаас сонгогддог гишүүдэд ашигтай шүү дээ. Манайд орон нутгаас гарсан 51 гишүүн бий. Тэд сонгуулиа бодоод малчдаас татвар авахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Цаагуураа бол хорлоод байгаа юм. Нөгөө талаар арьс, үс ноос, мах, сүү үнэндээ тасралтгүй гарч байгаа. Гэвч манайд энэ түүхий эдийг дараагийн шатанд үйлдвэрлэдэг, дахин боловсруулж, дэлхийн зах зээлд гаргах үйл ажиллагааг төр хийж чадахгүй байна. Хөрөнгө оруулагчгүй, технологигүй, менежментгүй, унхиагүй байдал нь малчдыг давраад байгаа мэт харагдуулдаг тал бий. Энэ нь бий болчихвол бурхнаас заяасан мал нь байхад эргэлтэд оруулна шүү дээ. Харамсалтай нь, энэ салбарт хөрөнгө оруулах бизнесмэнүүд маань хөрөнгөжиж чадаагүй байна.
-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье!
М.Наранболд
Эх сурвалж : www.unen.mn
Хэрэв та яаралтай зээл хэрэгтэй юу? Хэрэв та өртэй байна вэ? Та ямар ч нөхцөл байдалд одоо ямар ч илүү, Манай үйлчилгээ хурдан Easy & Аюулгүй зээл санаа зовох та өөрийн банкны татгалзаж байна ?, бизнесээ дахин санхүүжүүлэх яаралтай зээл авах хэрэгтэй байна. Өнөөдөр $ 1,000.000 – $ 1800 хүртэлх зээлээс! Энэ и-мэйл зээлийн мэдээлэл Холбоо барих: noramildred.loans@hotmail.com
Note: Та 24 цагийн дотор урьдчилсан хариулт, санхүүжилт хүлээж байх болно
Regards.
Хатагтай Nora
U бага 3 % -ийг хүүтэй, бизнес эхлүүлэх зээл хэрэгтэй вэ у таны хүсэл мөрөөдлөө actualize туслах martinezgomezloan@gmail.com холбоо барина уу:
1: Бизнесийн зээл (жижиг ба том хэмжээний )
2: хувийн зээл
3: бүлэг зээл
4: оюутны зээлийн
5: автомашины зээл
6: гэр зээл
Холбогдох баримт дууссанаас хойш ажлын 3 / хоногийн дотор танд мэдээлэл авах боломжтой .