Comment.mn

Татвараас 40 тэрбумыг бултуулсан “Саусгоби сэндс”-ийн захирал Жастин Капла нарын хэрэг шүүхэд шилжив

“Өмнийн говийн элс” буюу “Саусгоби сэндс” компанийн захирал, менежерүүдтэй холбоотой  хэрэг  зөвхөн Монголд төдийгүй  олон улсын түвшинд шуугиан тарьж  байна. Сүүлийн хоёр, гурван  жилийн турш яригдаж, цагдаа, шүүхдээ тулав.

 

“Саусгоби сэндс” компани  нь Канад эр Р.Фрийдландтай салшгүй холбоотой. Түүний үүсгэн байгуулсан  “Айвенхоумайнз”-ын охин компани  “SouthGobi Resource”-ийн Монгол дахь салбар гэж ойлгож болох юм. Тус компанийн нүүрсний экспедиц анх 2006 онд манайд үйл ажиллагаа явуулах эрхээ авчээ. Олон улсын хөрөнгийн бирж дээр  “SouthGobi Resource”-ийн нэрээр хувьцаа гаргасан. Эхний жилүүдэд энэ компанийн бүх лиценз“Айвенхоу майнз” буюу сүүлд шинээр нэрлэсэн   “Туркойз хилл ресурс”компанийнх нь мэдэлд байв.Тэгээд хожим нь “Саусгоби сэндс” рүү  шилжсэн гэдэг. Энэ ч яахав, байж болох л асуудал биз.

 

Харин “Саусгоби сэндс”-ийн хувьд сонирхол татах  олон юм бий. Эндэхийн   мэдэлд манай өмнийн говийн Овоот Толгой,  Цагаан толгой, Сүмбэр-Билүүтийн ордуудын лицензүүд бараг бүхэлдээ  төвлөрч байна. Мөн эдгээр ордууд дээр канад,  хятадуудын далдуур тохиролцоо явагдаж ирсэн нь  нууц  биш.   Р. Фрийдланд  анх Саусгоби сэндс”-ийнхээ  80 хувийг эзэмшиж байсан бол  одоо 60 хувийг атгаж суугаа аж.  Учирнь 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг  хийхийн тулд 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас 500 саяам.доллар зээлсэн гэдэг шуум тарж байлаа. Гэвч энэ нь худлаа байв.  Харин  “China Investment Corporation” нь  500 саяын “зээл”-ийнхээ оронд тус компанийн захирлуудын зөвлөлд нэг хүнээ  оруулж, дээр нь 29.9 хувийг нь эзэмших наймаа  болоод өнгөрчээ.

 

Баялгаа гадныханд өргөн  бариад  бөхөлзөн гүйцгээх Монгол “ноёд”-ын өмнөөс нүүр улайх шиг хэцүү юм бас үгүй.  2011 оны 8-р сарын 24-нд Саусгоби Ресурс компанийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал КуртЧерч-д Монгол Улсын Еренхийлегч Ц.Элбэгдоржийн зарлигаар “АлтанГадас” одон гардуулж байлаа. Гэвч Курт Черч чухам монголчуудын тусын тулд юу бүтээсэн нь одоо ч тодорхой бус байгаа юм. “Саусгоби сэндс”-ийнх нь захирлууд лав  гай тарьсан уу, гэхээс гавъяа байгуулсангүй.

 

Өнгөрсөн онд “Саусгоби сэндс”-ийн  захирал асан, Америкийн иргэн  Жастин Капла, тус компанийн санхүүгийн менежер Кристобал Дэвид, Хиларион Кажуком нарыг манай АТГ, цагдаагийнхан хүч хавсран мөрдөж шалгасан.  Тэд 2007-2010 оны хооронд ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөлгүй бултаж явжээ.

 

“Саусгоби сэндс”-ийн тэдгээр нөхдийг  харин Америк, Канадын томчууд нь өмөөрч “Монголд хүний эрхийг зөрчиж, хавчин гадуурхаж байна. Гадагш хил нэвтрэх эрхийг хаслаа” гэх  мэтээр шуугиан үүсгэж баахан сүржигнэж байлаа. Тэр бүү хэл АНУ-аас Монголд суугаа ЭСЯ-аараа дамжуулан сенатын гишүүд нь ч бас Жастин Каплагийн  хил давах хоригийг цуцлуулах шаардлага хүргүүлж, хууль хяналтынханд нөлөөлөхийг оролдсон юм. Үүний хажуугаар   худал хуурмаг мэдээллүүд ч цацагдаж байв. Тухайлбал, хэрэгт холбогдсон тэдгээр хүмүүсийг мөрдөн шалгахдаа хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн НҮБ-аас  мэдэгдэл ирүүлсэн гэж цахим ертөнцийг доргиов. Гэвч НҮБ-аас манай төр, засгийн аль ч байгууллагад хандсан ийм агуулгатай мэдэгдэл ирээгүй.

 

Тэгвэл саяхан  тэдний татвараас зайлсхийсэн хэрэгт Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлжээ. Өнгөрсөн оны 8 дугаар сард анхан шатны шүүхээс шинжээч нарын дүгнэлтийн зарим зөрүүтэй байдлыг дахин шалгуулах зэрэг үндэслэлээр уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байсан юм. Ийнхүү сүр дуулиан болж буй Канад, Америк иргэдийн хэрэг удахгүй шийдэгдэх ажээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.