Comment.mn

Хархорум хотоо босгох уу

Ердөө зургаахан жилийн дараа буюу 2020 онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохиох гэж байна. Энэ түүхэн ой бидэнд хэр ач холбогдолтой вэ? Бидэнд Хархорум хотоо дахин сэргээн байгуулах хүсэл эрмэлзэл байна уу? Лав л одоогоор мэдэгдэх юм алга. Америкчууд Цагаан Ордоноо англичуудад шатаалгаж, Солонгосчууд хааныхаа ордонг япончуудад  шатаалгасан түүхтэй. Гэвч тэд дахин босгожээ. Тэд үндэстэний бэлэгдэлдээ ингэж л ач холбогдол өгдөг ард түмэн. Харин бид ?!

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд ерөнхий сайд байхдаа Хархорум хотыг дахин босгохоор ард түмэндээ уриалж, ажлын хэсгийг томилон хот байгуулах судалгааны ажлыг эхлүүлж байлаа. Тэрээр “Хархорум босвол Монгол босно” илтгэлдээ “…2006 оноос хойш 14 жилийн дараа Хархорум хот Монголын эзэнт гүрний нийслэл болсоны 800 жилийн ой бас тохиох юм. Тэр үед өнөөгийн Хархорин сум Хархорум хот болон тэлж , аялал жуулчлалын төв, өндөр технологийн төв, олон улсын агаарын тээврийн төв болон Монгол түмний хөгжил дэвшлийн нэгэн бахархал болох сайхан ирээдүй харагдаж байна. Энэ их үйлсийг эхлэхэд бид нэг хоног, нэг сар, нэг жил алдаж болохгvй. Өнөөдрөөс, одоо, энэ цаг мөчөөс бүгдээрээ энэ их үйл хэргийн эхлэл болцгооё…” хэмээн уриалж байв. Гэвч удалгүй тэр огцорч, дараагын засгийн газар гарсанаар энэ ажил зогссон байдаг. Та бид ч тэгэсгээд мартсан. Хэрэв үе, үеийн засгийн газрууд энэ ажлыг үргэлжлүүлэн хийгээд явсан бол өдийд орчин үеийн Хархорум хот сүндэрлээд эхэлчих байх байлаа. Харин одоо Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсон, АН парламентэд олонхи болсон, засгийн газрыг атгаж байгаа үед, түүнд Хархорум хотоо дахин  босгох бололцоо бүрэн бий.

 

Гэхдээ томоохон хот байгуулна гэдэг  хялбар ажил биш.  Хотын оршин тогтнох эдийн засгийн үндэс суурь нь юу байх вэ? Ямар салбар дээр тулгуурлан хөгжих вэ? Эдгээрийг сайтар судлаж, тооцох ёстой. Чухам энэ л асуултын хариулт тухайн үед яг таг олдохгүй байсаар Хархорум хотоо дахин босгох ажил тухайн үед зосгсон байх магадлал маш өндөр бий. Тэр үед хотыг босгох эдийн засгийн суурь нь олон улсын агаарын ачаа тээврийн төв гэж яригдаж байсан. Гэвч энэ нь олон улсын гэрээ хэлцэлцээр байгуулах нарийн төвөгтэй асуудлууд, авиа компаниудыг татах маш том нисэх буудал, ачаа эргэлтийн бааз байгуулах гэх мэт агаарын тээврийн дэд бүтцэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай.

 

Харин одоо бидэнд Хархорум хотоо дахин байгуулах  ховорхон боломж ирээд байна. Энэ бол их, дээд сургуулиудаа эртний нийслэлдээ нүүлгэн, тэнд боловсролын хот байгуулах. Ингэснээр 300 мянган хүнтэй томоохон хотыг хэдхэн жилийн дотор байгуулах боломжтой. Нэгэнт том хотын суурийг тавьж чадвал, аялал жуулчлал, агаарын тээвэр, инноваци зэрэг бусад томоохон салбар хөгжих боломжтой. Эдгээр салбарууд хөгжсөнөөр Хархорум хот Монголын улсын хоёрдох том хот болж, хөгжил дэвшлийн нэгэн том хөдөлгүүр болох болно.

 

Харамсалтай нь энэ боломжоо бид алдах гээд байна !!! Шинэчлэлийн засгийн газар их дээд сургуулиудыг Багануурт нүүлгэн, тэнд боловсролын дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Бүр зураг, төслийн ажлууд нь хийгдээд явж байгаа. Хэрэв барилга, бүтээн байгуулалтын ажил нь эхлэх юм бол бид оройтсон байх болно. Тиймээс энэ асуудлыг яаралтай эргэн харж, эртний нийслэл Хархорумаа дахин байгуулах талаар хэлэлцэх цаг болжээ.

 

Их Монголын улсын нийслэл Хархорум хотоо дахин босгож чадваас:

 

1.         Монгол үндэстний эв нэгдэл, сэргэн мандалтын бэлэгдэл болно.

 

Их Монгол улсын түүх бол бидний үеийн үед, ургийн урагт бахархах үнэт өв билээ. Ямар ч хүчирхэгжилт, хөгжил дэвшил энэ түүхээр овоглох бөгөөд түүний үргэлжлэл гэж үзэгдэх нь дамжиггүй. Аливаа үндэстэн сэргэн мандахын тулд зүрх сэтгэлээ чагнах хэрэгтэй. Бидний зүрх сэтгэлд найман зуун жил оршиж, биднийг урин дуудаж ирсэн зүйл бол өвөг дээдсийн минь сүр сүлд, тэдний бүтээсэн аугаа түүх билээ. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг энэ дуудлагаар үндэсний эв нэгдэл, сэргэн мандлын бэлэг тэмдгийг бүтээх цаг нэгэнт иржээ. Энэ бэлэг тэмдэг бол Монгол нутгийн хүйс, Монгол үндэстний гал голомт болсон Хархорум хот мөнөөс мөн.  Эртний нийслэл Хархорум хот дахин цогцолсоноор Монголчууд бидэнд хөгжин дэвжих үндэсний их хүсэл зоригыг өгч чадах билээ. Чухам энэ л тэмүүллээр Монгол үндэстэн бид 21-р зуунд дэлхийд жижиг хэрнээ технологи эзэмшсэн хүчирхэг улс болж чадна.

 

2.         Төвийн болон баруун бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр болно.

 

Манай орны төв болон баруун бүс нутагт хөдөөгийн хүн амын дийлэнхи амьдардаг, хамгийн их малтай, дэд бүтэц хамгийн сул хөгжсөн, амьжиргааны түвшин хамгийн доогуурт ордог. Бүс нутгийн хөгжлийг том хотын талаар ярихгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Өнөө хүртэл энэ бүс нутагт том хот байгуулагдаагүй байна. Энэ бол энэ бүс нутаг хөгжлийн хөдөлгүүргүй байна гэсэн үг. Том хот гэдэг бол том зах зээл, том дэд бүтэц, том бүтээн байгуулалт. Чухам энэ гурав бий болсоноор үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр олноор бий болж, баялаг бүтээгдэж хөгжилд хөтөлдөг. 30 мянган хүнтэй арван жижиг хотоос, 300 мянган хүнтэй нэг том хотын бий болгох зах зээлийн хэмжээ, капитал шингээх чадавхи, бүс нутагтаа үзүүлэх нөлөө харьцуулашгүй их юм. Тэр хэрээр илүү их капитал шингээж, илүү их баялаг бүтээгддэг. Үүнийг Монгол Улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн Улаанбаатар хотод 5,431,800 төгрөг ба хөдөөд 2,314,700 төгрөг байгаагаас харж болно. Бүхэл бүтэн 2.4 дахин их буюу дэндүү зөрүүтэй байна. Төрийн нэг бодлого бол энэ зөрүүг ойртуулахад анхаарч бүс нутгуудаа тэнцвэртэй хөгжүүлэхэд чиглэх ёстой. Энэ шаардлагын үүднээс эртний нийслэлийнхээ туурин дээр Хархорум хотоо дахин байгуулах нь онцгой ач холбогдолтой.

 

3.         Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулна.

 

Өнөөдөр Улаанбаатар хот бүх юмны үнэмлэхүй төвлөрөл болчоод байна. Багануур, Налайх, Эмээлт, Хөшигт, “Майдар сити” гэх мэт дагуул хотууд байгуулах замаар цаашдаа улам л тэлж, төвлөрлийг нэмэгдүүлэх төлөвтэй. Энэ эрчээрээ хэдхэн жилийн дараа хоёр сая хүнтэй болно. Гэтэл энэ хот утаагаар хордуулж, түгжрэлээр бухимдуулж 1 сая 500 мянган хүний эрүүл мэндийг сүйтгэдэг гамшигт хот болчоод байна. Иймээс байгаа ганц хотоо улам тэлэх тухай биш хоёрдох том хотыг байгуулах талаар бодох цаг болжээ. Хархорумыг том хот болгон хөгжүүлж чадвал Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах маш том шийдэл болж чадна.  Учир нь боловсролын салбарт тулгуурлан босох ч цаашдаа аялал жуулчлал, агаарын ложистик тээвэр, инновацийн салбарууд эрчимтэй хөгжих бололцоо байгаа учраас хүн амыг маш ихээр татах поценциал бий.

 

4.         Дэлхийд аялал жуулчлалын хот бий болно.

 

Хархорум хотыг Монголын эзэнт гүрний нийслэл байсан гэдгээр нь дэлхий мэднэ. Энэ бол жуулчдыг татах маш том давуу тал. Тиймээс үүнийг анхнаас нь сайтар бодож, төлөвлөн эртний хэв маягыг шингээсэн, үзэх зүйл ихтэй, орчин үеийн гоёмсог соёлын хот болгон Хархорум хотоо байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал жилдээ манай улс хэдэн сая жуулчдыг хүлээж авдаг болох ирээдүй бидэнд бий. Нэгэн санааг хэлэхэд, 13-р зуунд Хархорум хот ямар байсныг Германы эрдэмтэд сансараас  авсан хотын туурийн зургын дагуу макетаар дүрслэн гаргажээ. Тэр үед Хархорум хот нь  2 км урт хэрмэн ханаар хүрээлэгдсэн араб, хятад худалдааны хороололтой, христ, лал, бүддийн шашны сүм хийдүүд зэргэцэн оршсон 20 мянган хүнтэй хот байжээ. Энэ гаргасан макетын дагуу илүү нарийвчилсан судалгаа хийж, эртний Хархорум хотын төрхийг сэргээж болно. Ингэхдээ хэрмийн доторхи барилга байшингуудыг эртний хэв маягыг шингээсэн орчин үеийн энтертаймэнт, худалдааны гудамжууд, цэцэрлэгт хүрээлэн бүхий жуулчны хотхон байхаар төлөвлөх хэрэгтэй. Энэ боломжтой зүйл.

 

5.         Инноваци, өндөр технологийн төв болно.

 

Хархорум хотоо боловсролын хот болгосноор их дээд сургуулиуддаа түшиглэн Монголдоо өндөр технологи, инновацийн “Цахиурын хөндий” байгуулах боломжтой.  Монголын төр Apple, Google, Microsoft, Intel зэрэг дэлхийд тэргүүлэгч өндөр технологийн компаниудыг урьж, Хархорумд судалгааны төвүүдээ байгуулахыг нь дэмжих бодлого явуулах хэрэгтэй. Мөн дэлхийн өндөр технологийн компаниудад ажиллаж байгаа инженер, мэргэжилтэнүүдээ Хархорумын инновацийн хотхонд компаниа байгуулах, тэнд үйл ажиллагаа явуулахыг нь хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Өндөр технологийн салбар Монгол шиг буурай хөгжилтэй оронд хөгжих боломжтой юу, үгүй юу гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидэнд итгэл өгөх нэгэн сайн жишээ байна. Эстони бол хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, ердөө 1.3 сая хүн амтай, манайхтай адил гараанаас ардчилал, зах зээлд шилжсэн улс. Ердөө хорь хүрэхгүй жилийн дотор энэ улс дэлхийд “Европийн цахиурын хөндий” гэж нэрлэгдэх хэмжээнд өндөр технологийг хөгжүүлж чадсан орон болжээ. Эстони өнөөдөр жилдээ 1.5 тэрбум долларын өндөр технологийн экспорт хийж, ДНБ-нийхээ 15%-ийг  энэ салбараас бүрдүүлж байна. Бидний сайн мэдэх  Skype-ийг гэхэд эстоничууд бүтээжээ. Микрософт компани Skype-ийг 8.5 тэрбум доллараар 2011 онд худалдаж авсан. Өндөр технологийг хөгжүүлснээр тэд ийм л үнэ цэнэтэй баялаг бүтээдэг улс болжээ.  Мэдээлэл технологи бол инновацийн зөвхөн нэг салбар. Бид цахиурын хөндийдөө биотехнологи, нанотехнологи зэрэг олон салбаруудыг хөгжүүлэх боломжтой.

 

6.         Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна.

 

Хархорум хотод аялал жуулчлал, өндөр технологийн салбарууд хөгжсөнөөр  Монголын эдийн засагт жин дарах том салбарууд бий болно. Ганц уул уурхайгаас хэт хараат эдийн засгаа солонгоруулан олон суурьтай болгоход Хархорум хот онцгой хувь нэмэр оруулах билээ. Энд дурдаагүй нэг хөгжих боломжтой салбар бол агаарын тээвэр. Хархорум хот нь газар зүйн байршлийн хувьд олон улсын агаарын тээврийн маш том төв байх боломжтой талаар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Тухайн үед энэ салбарт тулгуурлан Хархорум хотыг босгохоор судлаж, төлөвлөж ажлаа эхлүүлж байсан болов уу. Бат инженер энэ талаар “Хөгжлийн түлхүүр хаана байж болох вэ” нийтлэлдээ их тодорхой бичсэн байдаг. Хэрэв ийм боломж үнэхээр байгаа бол энэ салбар манай улсын эдийн засгийн маш том салбар болох нь тодорхой.

 

Эзэнт гүрний минь нийслэл Хархорум хотоо дахин цогцлоон босгох хүсэл Монгол хүн бүрт байсан, байгаа, байсаар байх болно. Тэнгэрлэг өвөг дээдсийнхээ зургаан зууныг дамжин биелээгүй хүслийг үйл хэрэг болгох ховорхон боломж чухам бидний л үед тохиожээ. Энэ боломжийг алдалгүй ашиглах нь бидний үүрэг билээ. Тиймээс Хархорум хотоо боловсролын хот болгон дахин цогцлооё.

 

Г.Энхнаст   /Эдийн засагч/  

Эх сурвалж  : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.