Comment.mn

С.Түвшинжаргал: Өндөрлөгт хүрсэн хүмүүс дандаа ганцаарддаг

 Хэрвээ эмэгтэй хүн сонгуульд ялбал яах вэ. Улс орноо яаж удирдаж хамтран ажиллагсдаа хэрхэн сонгож, нэн тэргүүнд ямар ажил эхлүүлэх бол. Эдгээр асуултад хариулсан “Удирдагч эмэгтэйчүүд” номыг орчуулагч С.Түвшинжаргал хөрвүүлжээ. Шинэ оны дараахан хэвлэлтээс гарсан тус номд дэлхийн улс төр, эдийн засгийн төвшинд удирдах албан тушаал хашиж яваа эмэгтэйчүүдийн амьдрал, карьерынх нь талаар өгүүлсэн байна. Орчуулагч С.Түвшинжаргалтай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 

-“Удирдагч эмэгтэйчүүд” номыг хөрвүүлэхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

 

-Энэ номыг 2009 оноос хөрвүүлсэн. “Удирдагч эмэгтэйчүүд” миний долоо дахь бүтээл болж байна. Хажуугаар нь олон ном хөрвүүлж байсан болохоор шинэ оны босгон дээр уншигчдын гарт очлоо. Номыг хөрвүүлэхдээ хэл найруулгынх нь талаар мэргэжлийн хүнээс нь асуумаар зүйл олон гарсан. Тэгж ариутган шүүсээр байгаад нэлээд хугацаа зарцууллаа. Гэхдээ цаг хугацааны хувьд хожимдсон ч сайн ном болсон гэж хувьдаа дүгнэж байна.

 

-Нэрнээс нь сонсоход одоо болон өнгөрсөн зуунд салбартаа манлайлсан эмэгтэйчүүдийн талаар өгүүлсэн байх гэж таамагламаар юм. Ер нь энэ номд өгүүлсэн хүмүүсийн талаар сонирхуулна уу?

 

-Өнөө цагт жендерийн талаар их ярих болжээ. Тийм болоод ч тэрүү энэ номын зохиогч нь “Эмэгтэй удирдагчтай байсан бол дэлхийд өрнөж буй үйл явдлууд өөр байх байсан болов уу” гэсэн асуултад хариулт авахаар эрэлхийлж одоо цагт төрийн тэргүүний алба хашиж байгаа эмэгтэйчүүдтэй биечлэн уулзсан гэдэг. Тэгж яваад тэдгээр хүмүүсийн талаар онцгойлж бичих санаа төрсөн гэсэн. Тэр дундаа энэхүү номд Ангела Меркелийн талаар голлон бичсэн. Мөн Хилари Клинтон, Маргарет Тетчер зэрэг тухайн үед хүнд хэцүү нөхцөлд байсан улс орноо дэлхийн гол бодлогыг авч явдаг гүрнүүдийн нэг болтол гаргаж ирсэн эмэгтэйчүүдийн талаар ч энэ номд багтсан. Маргарет Тетчер бол олон үйлдвэрийг хаасан эмэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгаас үйлчилгээнд тулгуурласан эдийн засаг руу шилжихийн тулд олон үйлдвэрийг хаах хэрэгтэй болсон үед энэ хүн зоригтой алхам хийсэн. Үүний дүнд олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн ч энэ үйл явдлыг тоогоогүйгээрээ “Төмөр хатагтай” нэрийг авсан. Үүнээс гадна Израилийн Ерөнхий сайд агсан Голда Миер болон Индра Ганди нарыг тухайн цаг үеийнхээ “Төмөр хатагтай” гэж нэрлэдэг байсан. Эдгээр эмэгтэй удирдагч өөрсдийнхөө байр сууринд баттай зогсч чаддаг байснаараа “Төмөр хатагтай” гэж нэрлэгдэх болсон байдаг.

 

-Номд эдгээр удирдагч эмэгтэйн хувийн амьдралын талаар дурдсан уу?

 

-Хувийн амьдрал ч гээд юу байх вэ. Ер нь ямар даваа давж, амжилтад хүрсэн талаар илүүтэй бичсэн юм шиг санагдсан. Жишээлбэл, “Төмөр хатагтай” Ангела Меркель. Энэ хүн Зүүн Германаас гаралтай. Герман католик шашинтай улс учраас эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, сүмд заавал явах ёстой гэдэг. Гэтэл Ангела Меркель энэ уламжлалаас тэс ондоо хүн байсан. Улс төрийн карьераа эхлүүлж байхдаа өмнөх нөхрөөсөө салаад өөр хүнтэй хамтран амьдардаг байж. Сүүлд нь канцлер болохын тулд хүнтэй заавал гэрлэсэн байх ёстой болсон. Тиймээс нөхөрт гарсан. Дээрээс нь Ангела Меркель хүүхэд төрүүлээгүй эмэгтэй. Үүнээс болоод эмэгтэйчүүдэд хандсан бодлого явуулаагүй гэж сөрөг хүчнийхэн түүнийг “байдал”-д оруулж байсан удаатай юм билээ. Гэвч тэр ийм зүйлд ямар нэгэн хариу үйлдэл хийдэггүй байсан. Ер нь энэ номыг уншсанаар Ангела Меркелийн талаар илүү ихийг мэдэх боломжтой. Эмэгтэй хүнийг улс төрд гараад ирэхээр түүнийг нийгэм хүлээн зөвшөөрөхийн тулд цаг хугацаа зарцуулдаг. Тиймээс эмэгтэй удирдагч эхлээд гэр бүлийн төвшинд өөрийгөө таниулах шаардлагатай болдог тухай өгүүлсэн. Мөн удирдагч эмэгтэй, “Эмэгтэй хүн хийж болохгүй” гэж зарим оронд хориглодог саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Харин ингэж нийгмийг сөрж өөрийгөө таниулахыг оролдож байгаа эмэгтэй удирдагчийг хүмүүс “Галзуу” гэж ойлгодог юм байна. Ангела Мерель өмнөх нөхрөөрөө овоглодог. Учир нь энэ овгоороо олон нийтэд танигдсан болохоор сольдоггүй юм байна. Энэ мэт олон давааг даваад гараад ирсэн эмэгтэй удирдагчийг хэн нэгний ивээлд багтаж гарч ирсэн гэдэг үзэл хаа сайгүй ноёрхдог. Энэ үзэгдэл манай улсад ч гэсэн байдаг байх. Яг ийм зовлонг бүх эмэгтэй дайрдаг тухай “Удардагч эмэгтэйчүүд” номд өгүүлсэн.

 

-Дэлхийн алдартай хүмүүсийн талаар бичсэн номыг ихэвчлэн намтарчилсан маягаар бичсэн байдаг. Таны хөрвүүлсэн бүтээл тэднээс ямар ялгаатай вэ?

 

-Хүмүүсийн намтрын талаар бичсэн зүйл ч бий. Гэхдээ дүгнэлт ихтэй ном л доо. “Улс төрийн өндөрлөгт хүрсэн хүмүүс дандаа ганцаарддаг юм байна” гэсэн утгатай. Бас энэ номд Ази тивд удирдах албан тушаал хашиж байгаа эмэгтэйчүүдийн талаар тусгаснаараа онцлогтой. Тэд ихэвчлэн аав, нөхрөөсөө удирдах эрхээ шилжүүлэн авсан байдаг. Мөн Азийн удирдах албан тушаал хашиж байгаа эмэгтэйчүүд шашнаасаа хамаараад цуст тэмцэл хийж байгаа талаар энэхүү номд өгүүлсэн.

 

-Өөрөө эмэгтэй хүн болохоор энэ номыг орчуулсан уу, эсвэл таны сонирхол уу?

 

-Өөрт таалагдсан номоо орчуулдаг. Мөн дэлхийн удирдагч эмэгтэйчүүдийн талаар унших дуртай. Тэгээд над шиг сонирхолтой тэр тусмаа удирдагч эмэгтэйчүүдийн нэг болох хүсэл мөрөөдөлтэй хүмүүст зориулан энэ номыг хөрвүүлсэн.

 

-Номынхоо нээлтийг хийсэн үү?

 

-Хийгээгүй. Хүний бүтээлийн агуулгыг гаргаж эх хэл рүүгээ хөрвүүлнэ гэдэг амаргүй л ажил. Гэхдээ би бие даасан уран бүтээл гаргахдаа номын нээлт гэж албан ёсоор хийнэ гэсэн зорилго тавьсан. Удахгүй зорилгодоо хүрэх байх.

 

-Тэгвэл номоо аль хэдийнэ бичээд эхэлчихсэн гэсэн үг үү. Ямар сэдэвтэй ном байх бол?

 

-Бас л эмэгтэйчүүдэд зориулсан хоёр ном гаргахаар ажиллаж байгаа. Тэр дундаа “Охин дүүдээ” нэртэй ном маань охидын сонирхлыг татах байх. Би уран зохиолын ном унших дуртай. Тиймээс хоёр дахь бүтээл маань уран зохиолын ном байна. Хотод амьдарч буй ганц бие эмэгтэйн талаар бичсэн бүтээл юм.

 

-Та польш хэлнээс бүтээл хөрвүүлдэг. Тань шиг орчуулга хийдэг хүн олон бий?

 

-2000-аад хүн польш хэлтэй гэсэн судалгаа байдаг юм билээ. Би өөрийгөө Польш улсад өртэй гэж боддог. Польш хүмүүсийн ачаар тэндэхийн парламентын ордонд эмэгтэй гишүүний ажлын албанд гурван сар ажиллаж байсан. Тэгээд ч би польш орон судлаач мэргэжилтэй. Би монгол ардын үлгэрийг польш хэл рүү хөрвүүлсэн. Одоо Польшийн Нобелын шагналт зохиолч Г.Сенкевичийн хүүхдэд зориулсан номыг орчуулж байна. Хөрвүүлэхэд бага зэрэг хүнд байгаа. Гэхдээ хөрвүүлж эхлэхэд хэцүү юм шиг санагддаг ч утгыг нь ойлгох тусам амтанд нь орж салж чадахаа больдог юм.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.