Нийслэлийн МАН- ын хорооны дарга Ц.Сандуйтай ярилцлаа.
-Та бид хоёр таныг дөнгөж Хотын намын хороон дарга болсны дараа ёстой будаг нь ханхалж байх үед ярилцаж байлаа. Тэр мөчөөс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Улс төрийн амьдралын хувьд хатуу хөтүүг туулсан үе байлаа. Улс төрийн нам эрх бариагүй үед юм юмаар л ядардаг. Хүмүүс нь алга болдог. Эдийн засгийн хувьд бүр ойлгомжтой болдог. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд Ц.Сандуй юу олж, бас юу алдав гэдэг асуултаар яриагаа эхэлье.
-Таныг ирэхээс өмнө би 2,5 жилийн өмнө тантай хийсэн ярилцлагаа эргэж харж суулаа. Удахгүй эргэн уулзахын ерөөл тавьж ярилцлагаа өндөрлөсөн байна лээ. Тэр үетэй өнөөдрийг харьцуулахад их өөр сэтгэгдэл төрж байна. Үнэхээр таны хэлдгээр хатуу хөтүүг туулсан он жилүүд болж байна. Би хувьдаа МАН-ын түүхэнд байгаагүй хүнд үе саяын хэдэн жилд болсон байна. 1996 оны ялагдал, бусад цөөнх байсан үеүдтэй харьцуулахад надад илүү хүнд санагдсан. Улс төр хэзээ ч амар байдаггүй би яс махаараа ойлгож байгаа. Энэ том намын, энэ том хороог удирдаж явсан хүн болгонтой би уулзаж байгаа. Яагаад гэвэл ирэх жил манай 90 жилийн ой болох юм. Хотын намын хорооны 90 жилийн түүхийн номыг хийх ажлаар үе үеийн намын дарга нартайгаа уулзаж байгаа юм. Тэдэнтэй ярихад бүгд л хүнд байсан гэж ярьдаг. Ер нь Хотын намын хороо л намын бүх гол ачааг үүрдэг юм билээ гэж. Хувь хүний хувьд надад олж авсан юм нь илүү. Маш их зүйлийг олж авлаа. Танд анхны ярилцлагаа өгч байхдаа ингэж бодож байсан юм л даа. Би чадна гэж. Гэхдээ одоо эргээд бодоход нам гэдэг энэ их айлын ачааг сайн мэдрээгүй ярилцлага өгч байсан юм билээ л дээ. Одоо бол би хатаагдаж байна. Надад туршлага, мэдлэг, мэдрэмж суусан. Хүн гэдэг амьтныг илүү их танилаа. Хүнтэй яаж ажиллах ёстой юм. Ямар өнцгөөс харилцах ёстой юм гээд олон талын туршлага олж авлаа. Хүнийг сайн талаас нь гэхээсээ жаахан тааруу талаас нь илүү их таних болов. Би тантай чин сэтгэлээсээ л ярилцахыг хүсч байна. Тийм болохоор илэн далангүй ярьж байгаа юм шүү. Уг нь монголчууд унасан нэгнээ нэг их дэвсээд, балбаад байдаггүй. Гэтэл яг энэ нам доторхи амьдрал дээр очихоор зарим хүн балбадаг юм байна. Гэхдээ намын олонхи маань бол энэ хүнд үеийн амьдралыг мэдэрч, дэмжиж, түшиг болох сэтгэлээр хандаж байгаа юм. Зүгээр цөөн хүн, цөөн бүлэглэл дэвслэх гэж, хутгах гэж, унагах гэж оролддог юм байна. Энэ явдлууд намайг хатуужуулсан. Та тэр ханан дээрх үгийг харж байгаа байх. “Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч битгий бууж өг” энэ үгийг би ханан дээрээ хадсан юм.
–Черчилийн үг үү?
-Тийм. Шантрах үе надад байсаан.
-Би яагаад алдсан гэдэг үгийг эхний асуултдаа оруулсан юм бэ гэдгээ тайлбарлая. Ер нь бол залуу хүнийг байнга л боломж тойрч байдаг л даа. Таны хувьд гадна дотно явж суръя гэх бодол байгаагүй байх. Москвагийн том сургуулийн төгсөгч шүү дээ. Өөр залуус бол намынхаа ялагдлын үеийг ашиглаж гадагшаа явж сурдаг. Хувийн бизнесээ босгодог гэх мэтээр олж авах зүйлсийн төлөө анхаарлаа хандуулдаг. Гэтэл та ялагдсан намын хороог аваад л мачийтлаа ажилласан. Энэ утгаар би алдсан зүйл бий юу гэж асуусан юм л даа.
-Мэдлэгт орой гэж байхгүй шүү дээ. Би бас л бусад залуусын адил гадагшаа явж суръя, мэдлэг боловсролоо дээшлүүлье гэж бодож байсан. Гэтэл өөр шийдвэр гарч би үлдэж ажиллах болсон. Яахав яг таны хэлж байгаа өнцгөөс бол надад алдсан зүйлс байгаа байх. Энэ намын ажил гэдэг чинь цаг наргүй юм билээ. Энэ хэмжээгээрээ би ажил гэж яваад гэр бүл, үр хүүхдээ бага анхаарсан тал байж магадгүй. Ээж нь л бүх ачааг үүрч ирсэн. Миний нэг хүү гадаадад сурдаг. Цэргийн академид. Би ерөөсөө тэдэндээ цаг гаргахгүй байгаа. Ингээд бодохоор би “муу” аав болчихсон байна л даа. Энэ бол миний алдсан зүйлийн нэг. Бас өдөр болгон аав ээж дээрээ очиж, төрж өссөн гэрээрээ орохыг боддог хүн л дээ, би. Тэр маань цөөрсөн. Бүх цагийг дандаа л намынхаа хамт олонд өгсөн байна лээ. Энэ бас нэг алдсан зүйл маань байх л даа.
-Таныг анх зарим нь жаахан басангуй харж байсан. Яагаад гэвэл та зөөлөн, даруу харагддаг. Нөгөө талаас танай намын залуучууд нэг тийм буруу имижтэй явж ирсэн шүү дээ. Тэднээс та бол өөр. Илүү чимээгүй, далд харагддаг байсан. За даа, нэг их удахгүй л намын даргыг нь булаагаад л авах байх даа гэж бодож байсан. Энэ эрх мэдэл, албан тушаал гэдэг юмыг чинь авахыг хүсэгчид байнга л гороолж байдаг шүү дээ. Танд ийм юм тохиолдсон л байх.
-Хотын намын хорооны дарга болонгуут л намайг буулгах, унагах кампанит ажил зэрэг шахам эхэлсэн л дээ. Гэхдээ энэ намын хамт олны итгэлийг хүлээсэн хүнд ухрах эрх байдаггүй. Ухарч болохгүй. Нэгэнт л зориглоод энэ ажлыг хийнэ л гэсэн юм чинь. Хэрэв чадахгүй байсан бол би авахгүй л байсан. Мэдээж асуудал бол байсан. Улам л ихэссэн. Мэдэхгүй, чадахгүй зөндөө л юм байсан. Гэхдээ зарим хүний хүсээд байгаа шиг, тэдний бодоод байгаа шиг байж өгөөгүйгээрээ би бас дотроо бахархдаг шүү дээ. Улс төр чинь их сонин араншинтай зүйл юм билээ. Хүнийг нөгөө магтан матна гэдэг шиг нэг хэсэг нь үзэх юм. Бас нэг хэсэг нь шууд хорлоно. Нөгөөдөх нь хамт байгаа, тойрч байгаа нөхдийг нь урвуулна. Тэр болгон дотроос өөрийн мэдрэмжээрээ голыг нь олж гарна гэдэг улс төрийн ухаан л юм. Улс төр гэдэг чинь ерөөсөө мэдрэмж суурьтай л зүйл юм болов уу. Би ажлынхаа үр дүнг цөөн тоо баримтаар хэлэхийг хичээе. Анх ажил авч байхад Улаанбаатар хотоос УИХ-д төлөөлөлгүй, Нийслэлийн Иргэдийн хуралд 14 төлөөлөгчтэй, намын рейтинг 24 хувьтай байлаа. Тэгвэл 2012 оны орон нутгийн сонгуульд манай нам дөрвөн дүүрэгт ялалт байгуулж, нэг дүүрэгт тэнцүү санал авч, намын рейтинг 36,6 хувь болж өссөн. Харин 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн сонгогчид МАН-аас нэр дэвшигчид 39,9 хувийн санал өгсний зэрэгцээ УИХ-ын дахин санал хураалтаар Сонгинохайрхан дүүрэгт 54 хувийн санал авч ялалт байгуулсан. Үүнээс үзвэл манай намын рейтинг тасралтгүй өсч ирлээ. Саяхан явсан судлагаагаар манай намын рейтинг Ардчилсан намаас нэг хувиар илүү байна гэсэн дүн гарсан.
-Хачирхалтай олон юм тохиолдож байгаа биз дээ?
-Их юм тохиолдож байв. Жишээ нь, найз гээд мөрөн дээр гараа тавиад хамт явж байсан нөхөр маань нөгөө гараараа мурихыг би саяхан харлаа. Итгэж байсан хүн л ингэж байх жишээтэй. Ер нь хэт итгэх, хэтэрхий найдах нь эргээд их өвтгөдөг юм билээ.
-Тиймээс улс төрд мөнхийн найз гэж байдаггүй гэдэг үг гарсан юм биш үү?
-Байхгүй юм байна. Яг үнэн юм билээ.
-Ер нь нөхөрлөлд үнэнч явсан, хүнээ хадгалж үлдсэн улстөрчид илүү зовлон туулсан байдаг л даа.
-Намайг улс төрийн амьдрал руу ороход миний найз нөхөд хэлж байсан. Сандуй чи ийм зөөлөн сэтгэлтэй хүн. Энэ улс төр рүү ороод наадахиасаа хаягдана шүү дээ. Чи тэсч чадах юм уу, чи чадахгүй гэж. Тэгэхээр нь би хариулж байсан юм. Би энэ улс төрийг цэвэр байлгахын төлөө л явна гэж. Магадгүй Сандуй энэ зорилгоо биелүүлж чадахгүй байж болно. Гэхдээ хэн нэг нь бас үүний төлөө явж л таарна шүү дээ. Би улс төрийг хамгийн цэвэрхэн байлгах ёстой гэж хүсдэг хүн. Гэхдээ миний энэ бодол бол Сандуй гэдэг хүний ялагдлаар ч юм уу, Сандуйг албан тушаалаас нь өөрчиллөө ч гэсэн миний энэ бодож, мөрөөдөж явдаг юм хэзээ ч ялагдахгүй л үзэл. Монголын ард түмэн бүгдээрээ л найдаж байгаа шүү дээ. Бүгдээрээ л мөрөөддөг. Хамгийн сайн хүмүүсээ л улс төрд гаргахсан гэж хүсдэг. Хамгийн сайн хүмүүс л улс төрд байх ёстой гэж. Яагаад өнөөдөр манай ард түмний төрд итгэх итгэл, намуудад итгэх итгэл нь буурчихсан юм бэ. Ерөөсөө л ийм балай юмнаас л болсон биз. Тэгэхээр үүнийг цэвэрлэх ёстой шүү дээ. Миний бодлоор 2016 онд Монголын ард түмэн шал өөр сонголт хийх ёстой. Одоо Сандуй яагаад чимээгүй байна. Яагаад ийм зөөлөн юм бэ гэж зарим нь хэлж байна. Үнэндээ би дотроо бол маш хатуу хүн шүү дээ. Би сэтгэлийн хаттай, чанга хүн. Намайг хялбархан хүн гэж бодох хэрэггүй.
-Таныхаар манай ард түмэн ямар сонголт хийх ёстой вэ?
-Бараг зуун жилийн түүхтэй Хотын намын хороог би удирдаж байна. Бодлогоо гаргасан. Ерөөсөө зөв хүмүүсийг л сонгуулиар гаргах ёстой юм байна.
-Сая засаг огцорлоо. Шинэ Засгийн газар байгуулаад удаагүй байна. Үүнтэй зэрэгцээд ерөөсөө шинэ Засгийн газрыг шийдлийн гэж нэрлэе, мэргэжлийн гэж нэрлэе гэх мэт санаачилгууд гарч байна. Энэ юуны илрэл гэж та харж байна.
-Нөгөө л сайн засаглалын тухай мөрөөсөл шүү дээ. Би залуу хүний хувьд залуустаа нэг юмыг хэлмээр санагддаг. Ер нь улс төрд явъя гэж байгаа бол төрд сайн ажилласан байх ёстой юм билээ. Ард түмэнтэй харилцаж үзсэн байх ёстой юм билээ. Тэр хүмүүс юу хүсээд байгааг мэдэрдэг байх хэрэгтэй юм билээ. Хорин хэдхэн настай залуу шууд төрийн дээд төвшинд гарч ирээд явах асар хүнд. Амьдрал дээр ч буухгүй. Тийм болохоор шат шатанд ажиллаж үзэх ёстой гэж би хардаг. Би бол айж байна. Сая жишээ нь надад боломж байсан. Гэхдээ би өөрийгөө “болоогүй” гэж үзэж байна. Нөгөө талаас Монгол Улсын хамгийн том намын, түүхэн замналтай хамгийн том хороог, энэ Улаанбаатар хотыг босгосон, энэ хотын алдсан оносон бүх юм нь холбоотой ийм намын хороог удирдаж байгаа мөртлөө ахиад дээрээс нь давхар дээл өмсөөд тийшээ гүйх бодол надад үнэхээр байгаагүй. Болоосой гэсэн хүмүүс байсан байх. Магадгүй зарим нь сайн санаж, зарим нь яваад намаа өгөөсэй гэсэн бодлын үүднээс намайг харж байсан байх. Гэхдээ би чинь зорилго тавьчихсан хүн шүү дээ. Улстөрч хүн дөрвөн жилээр биш хоёр жилээр биш дор хаяж арав, хорин жилээр өөрийнхөө зорилгыг тавих ёстой гэж боддог. Бид уул руу авирах ёстой шүү дээ. Самар түүе гэж бодъё. Уулын орой руугаа хүрч илүү гоё ургасан, болсон самрыг жам ёсных нь дагуу түүж авах нь чухал болохоос тэр доор замд хүн цайруулсан самар зарж байвал тэр рүү гүйж очиж аваад буцаад буух онцгүй шүү дээ. Гэтэл би тэр уулан дээр гармаар байна. Тэнд гараад гоё агаарыг амьсгалмаар байна. Гоё байгалийг үзмээр байна. Ядарч үзмээр байна. Би юуг ч хялбарчлах дургүй. Энэ бол миний зан.
-Танай намын хороо потенциалын хувьд хэр хороо вэ. Улс орондоо хийж бүтээж явсан хуучны ахмад сэхээтнүүд голдуу байдаг уу. Эсвэл олон талт бүтэцтэй юу. Өрсөлдөгч намд тань бол хотын намын хороо гээд байх байгууллага байхгүй шахам болов уу. Өөрөөр хэлбэл түүх, цар хүрээ юм юмаар танайтай жиших бололцоогүй л дээ.
-Нийслэлийн МАН-ын хороо гэдэг чинь манай бүх лидерүүд багтдаг хороо шүү дээ. Монголын оюуны хийгээд эдийн засаг, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, урлаг соёл, боловсролын төв нь Улаанбаатар. Энэ хотын бүх сор нь л манай намын хороонд байдаг. Энэ улсын чинь тулгуур нь, суурь нь манай ахмадууд шүү дээ. Би өөрийнхөө ааваар төсөөлдөг. Өөрийнхөө ахаар төсөөлдөг. Өөрийнхөө ойр байгаа хүмүүсээр төсөөлдөг. Бүгд энэ улсынхаа төлөө л зүтгэсэн байдаг.
-Насны хувьд танай гишүүд ямар хэсгийнхнээс бүрддэг вэ?
-18 настайгаасаа эхлээд зуун хэдтэй ахмад гишүүд бүгд л байна даа.
-Танай намын хороо хэдэн мянган гишүүнтэй юм бэ?
-Нийслэлийн намын байгууллага 50 мянган гишүүнтэй. Энэ бол МАХН гэж байх үеийн тоо шүү дээ. Одоо шинэчилсэн бүртгэл хийж энэ жил дуусгах ёстой юм. Намын анхан шатны байгууллагыг дэмжих жил гэж бид зарласан. Энэ жилийнхээ хүрээнд энэ бүртгэлийн ажлыг хийж дуусгана. Бүртгэлийн ажил маань жаахан удаашралтай, миний санасан хэмжээнд биш яваа л даа. Гэхдээ энэ ажил 60 хувьтай яваа.
-Та аппаратаа боловсролтой мэдлэгтэй, шинэ, эрч хүчтэй залуу- саар бүрдүүлсэн үү. Эсвэл аль алийг нь тэнцүүлж бүрдүүлсэн үү?
-Ахмадууд буюу зөвлөхүүдийн баг гэж ажилладаг юм. Энэ бүрэлдэхүүнд манай Хотын намын хороон дарга байсан бүх дарга нар багтдаг. Алтангэрэл даргаас хойших бүх хүн шүү дээ. Та мэдэж байгаа. Энэ хүмүүсээсээ би авах ёстой юмаа авна. Эднийгээ сонсоно. Нөгөө талд нь шижигнэсэн залуусаас бүрдсэн, яг надтай цуг гарч ирсэн залуусаас бүрдсэн тэргүүлэгчид гээд байна. 13 залуу байгаа. Мөн намын даргын хувьд өөрийн баг гэж байх ёстой шүү дээ. Тийм баг байна. Ажиллаж байна.
-Нийслэлийн Иргэдийн хуралд танай нэлээн сайн баг байгаа байх.
-НИТХ-д баг байгаа. Энэ бол бас намын бүтцэд байгаа. Энэ олон талт ажиллагааг явуулахын тулд бүх баг тал талаасаа нэгдэж ажиллах ёстой. Тэр зарчмаар ч явж байгаа. Ийм олон юман дотроос бид авах гээхийн ухаанаар хандаж, нэгдэж ажиллах ёстой л доо. Харин энэ хүчийг зөв залах нь удирдаж байгаа хүний үүрэг гэж би ойлгодог. Бүх хүний оролцоог хангах ёстой.
-Та зэмлэлд хэр тэсвэрлэдэг вэ?
-Би дандаа л ард түмэнд загнуулдаг, хардуулдаг ажил хийж байсан учраас үг дааж төлөвшсөн хүн шүү дээ. Шүүмжлэл бол байх ёстой зүйл. Шүүмжлэл чинь хүнийг хурцалдаг юм.
-Би их эмзэг. Ахмад уншигчид маань утасдаад загнана. Даахад заримдаа хэцүү байдаг. Уур хүрээд байдаг. Тэгээд л асуусан юм.
-Сэтгүүлчид, урлагийнхан бол их өөр хүмүүс. Аягүй оргилуун сэтгэлтэй. Биднээс сэтгэл зүйн хувьд их өөр. Би бол консерватив талдаа хүн. Миний хүмүүжил ч тэр. Манай аав чинь социализмын үед биднийг хүмүүжүүлэхдээ хэдхэн л зарчим тавьж өгсөн. Томоотой байх ёстой. Онц сурах ёстой. Хөдөлмөрч байх ёстой гээд бүх юманд биднийг хайрцаглаад сургачихсан шүү дээ. Бодвол та ч энийг тойроогүй биз.
-Би түрүүн танд нэг үг хэлсэн, та тойрчихлоо. Ер нь бол улс төрд нөхдөө их бодож явсан, чирч явсан лидер их зовлон туулдаг юм аа гэж. Энэ амьдралыг жишээ нь, танай намын даргын амьдралаас их мэдэрдэг юм. Ер нь дээшээ мацна гэдэг нөхдөө орхиж явахыг л хэлдэг юм гэвэл та юу гэж хариулах вэ?
-Үгүй гэж хэлмээр байна. Би улс төрийг багийн тоглолт гэж хардаг. Яахав ээ, ганцаарчилсан улс төр бол богино хугацаанд амжилт олно. Олчихсон юм шиг ч харагдана. Миний яриад байгаа холын зайнд харах юм бол алдаа болчихсон л байна. Богинохон хугацаанд огцом дүрэлзэн асаад унтрах. Төөнөөд л дулаан оргиод явж байх бол өөр ойлголт. Та хэрэв санаж байгаа бол танд анх ярилцлага өгч байхдаа хэлсэн миний нэг үг байгаа. Намайг нэг том далайд хөлөө дүрээд зогсч байхад тээр тэнд нэг том арал байгаа. Чи тийшээ сэл гээд л хэлчихсэн гэж. Би сэлэх гээд харсан. Би энэ үгээ бодоод л явдаг. Өнөөдөр ч би таныг ирэхээс өмнө тэр үгээ бодож байсан. Тухайн үед юу хэлсэн юм бол гэж. Тэгээд бодоход үнэхээр баримжаагаа сайн тогтоогоогүй байсан байна даа гэж бодогдсон. Гэхдээ үнэхээр тэр үед тэгж хариулахаас өөр хувилбар байгаагүй юм билээ. Одоо бол би юу гэж хариулахаа тооцсон. Би багаа сайтар бүрдүүлэх ёстой. Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд усан онгоцоо хийгээд дуусч байна. Далайд гарахад бэлэн. Ямар ч байсан тийшээ онгоцтойгоо гарахад 2016 онд хүрнэ гэсэн итгэлтэй байна. Гэхдээ онгоцон дээр байх баг их зөв байх хэрэгтэй л дээ. Бүгдээрээ капитан болох гээд байвал бас хэцүү ш дээ, тийм үү.
-Үнэхээр тийм.
-Хэцүү. Тийм учраас би багийн тоглолт гэж бодож байна.
-Тийм ч биз, үгүй ч биз. Үнэндээ лидер хүн ганцхан өөрийгөө боддог юм шүү дээ. Хэчнээн олон хүний мөрөн дээр гишгэж гарч ирэх хамаагүй. Зөвхөн өөрийгөө л боддог хатуу тоглогч лидер болдог.
-Би харин үүнтэй ерөөсөө эвлэрч өгөхгүй байна.
-Тийм лидер л хамгийн өндөрт гардаг. Нөхдөө боддог, чирдэг, өвддөг хүн бол хамгийн их зовдог. Хамгийн их шархаддаг.
-Тийм байх аа. Тэрийг бас би үгүйсгэхгүй. Түрүүчээс нь амсч л байна.
-Та чансаатай, сайн усан онгоц хийхэд нэлээд хугацаа зориулж. Нөгөө талд усан онгоц байгаа. Ахмад нь буурал капитан. Одоо хотын дарга хийж байна. Улсын баатар хүн. Алдаа оноо хийж нэлээн л шүүмжлүүлж байх юм. Жишээ нь, хонгилын доод талын хотын тухай хаширт ойлголт байхгүй. Таныг бол залуу л гээд хараад байдаг. Та чинь бас хэт залуу хүн биш шүү дээ. Би таныг 44 юм уу 45-тай гэж бодож байна. Манай баатрыг нэрээс нь сүрдээд хүмүүс тийм ч хүчтэй шүүмжлэхгүй байна. Таны хувьд энэ хүний тухай юу хэлэх бас сонин байна. Түүнтэй өрсөлдөх стратегиа боловсруулсан байх. Тэр тусмаа энэ хариултыг авмаар байна.
-Би Э.Бат-Үүл гуайтай хотын дарга болохоос нь өмнө хэд хэд уулзаж байсан. Жишээ нь, би хүүг нь сайн танина. Бидний хувьд хувь хүний үүднээс янз бүрийн юм байхгүй. Хотын дарга болсноос нь хойш би Э.Бат-Үүл дарга руу хоёр удаа л бичиг явуулсан. Гэхдээ уулзъя ч гэсэн бичиг биш юм аа. Нэгдүгээрт, Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн асуудлаар. Хоёрдугаарт, Хотын намын хорооны байрыг хураасантай холбогдуулж бичиг явуулсан. Хотын намын хороо байргүй байна. Энэ асуудлыг бас шийдэж өгөөч гэж. Хариу ирээгүй л дээ.
-Ихэрхсэн юм болов уу?
-Би шууд тэгж дүгнэхэд хаашаа юм. Үл тоосон байх. Гэхдээ өрсөлдөгч намынхаа хотын намын хорооны даргыг адилхан л хүндэтгэж харилцах ёстой байх. Эсвэл доор нь байгаа хүмүүс үл тоосон юм биз дээ. Хотын дарга чинь ажил ихтэй шүү дээ. Би мэднэ. Бүх юм руу анхаараад байж чадахгүй байх. Би зүгээр нэг зүйл дээр жаахан гайхсан. Сая нийслэлийн 370 жилийн ой боллоо. Энэ баяртаа өрсөлдөгч намын даргадаа урилга ядаж өгөх нь яав даа гэж би бодож байсан юм.
-Өө, уриагүй юм уу?
-Уриагүй.
-Уучлаарай, ёстой өчүүхэн санагдчихлаа.
-Энэ Ц.Сандуй гэдэг хүндээ биш л дээ. Нийслэлийн МАН-ын хороо гэдэг чинь энэ хотыг босгох үйл ажиллагааг зохион байгуулсан улс шүү дээ. Асуудал үүндээ л байсан юм. Гэхдээ яахав дээ. Э.Бат-Үүл даргын хувьд миний хүндэтгэдэг хүн. Мэдээж энэ хүн бол сайн муу олон юм үзсэн. Монголын ардчиллын түүхэнд өөрийн орон зайтай хүн. Энэ түүхийг ярих юм бол олон юм бий. Монгол хүний нэг зан байдаг юм байна. Хүндэтгэдэг хүмүүс рүүгээ үг шиддэггүй. Би тэр зарчмыг бас барьсан. Улстөрчийн хувьд бол шүүмжлэх цаг нь болчихсон гэж би үзэж байна. Зөндөө харлаа. Би жишээ нь, Бат-Үүл даргаас их юм хүлээж байсан. Даанч тэр хэмжээнд хүрч ажиллаж чадсангүй.
-Ер нь бол хотын дарга гэдэг хүн бол ажил хийдэг, гараа тоосонд хутгадаг хүн байдаг л даа. Гэвч энэ удаа улс төрийн хүн ирчихсэн л харагддаг.
-Үе үеийн хотын дарга нар дандаа хөдөөний хүн байсан гэж манай Бат-Үүл дарга хэлсэн байна лээ. Би сонссон. Харамсалтай санагдсан. Хот бол угаасаа аж ахуйн ажил. Үнэхээр таны хэлдгээр газар доорхи хотыг мэддэг хүн дээрх хотоо авч явна шүү дээ. Түүнээс биш юун дээр юу барьж байгаагаа мэдэхгүй байж болохгүй. Тийм болохоор тэр үгээ жаахан буруу өнцгөөс хэлчихээ юу даа гэж би бодсон.
-Өөрөө ч гэсэн хоёр дахь үеийн л сэхээтэн байлгүй дээ. Бүгд л ирж энэ хотыг байгуулсан биз дээ.
-Хотжилт ерөөсөө гурван үе шаттай. 1950 онд аж үйлдвэржилтийн үеэр нэг хотжилтын хөдөлгөөн өрнөсөн байгаа юм. Дараагийнх нь атар эзэмшлийн үеэр хотжилт руу хүмүүс тэмүүлсэн, нааш цаашаа урссан түүх байдаг. Гурав дахь нь 2000-аад оны үеийн шилжилт хөдөлгөөн. Эхний хоёр шилжилт хөдөлгөөн нь төлөвлөлтэй байсан. Намын бодлогоор өрнөсөн. 2000-аад оны үеийн шилжилт хөдөлгөөн нь ерөөсөө урсгалаараа явчихсан. Одоо өнөөдөр Улаанбаатар хотод 17 төлөвлөлтгүй суурьшил үүсчихсэн л байгаа юм л даа.
-Гэхдээ анх хот төлөвлөх үеийн өвөг дээдсийн маань бололцоо, мэдлэг боловсролын хэмжээ, улс орны гадаад байдлын нөлөөлөл гээд олон хүчин зүйлсийн дунд байгуулсан л хот шүү дээ. Тэр үеийн хүмүүсийн асуудлыг өнөөгийн хэдэн үеийн хотын зүтгэлтнүүдэд нялзаах юм бэ. Хот ийм, тийм л гэнэ. Анх хэн төлөвлөсөн юм. М.Энхболд төлөвсөн үү, Г.Мөнхбаяр төлөвлөчихсөн юм уу. Энэ асуудал надад их хачин санагддаг.
-Монгол Улсын хөгжлийн гарцууд бий л дээ. Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол гээд. Манай улсын хөгжлийн бас нэг гарц нь хотын хөгжил гэж би үздэг. Би ийм концепци дэвшүүлэх бодолтой байгаа юм. Бид гадаадын аль нэг хотод очихоороо ямар гоё вэ гэж хэлдэг. Гэтэл тэр улсын эдийн засгийн салбарууд, түүний дотор уул уурхай, тэрийг дагасан гуниг зовлонг гаднын бид мэдэхгүй шүү дээ. Тэрэндээ л байгаа юм. Тэгсэн мөртлөө л энэ улсын хөгжил ямар гоё юм бэ гэж уулга алддаг. Тийм учраас энэ хотын хөгжлийг бид түлхүү тавих ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотод нийт хүн амын 44 хувь нь амьдарч байна шүү дээ. Улаанбаатар хотын дундаж наслалт 70,6 хувь болж уртассан байна. Одоо бид хотжилтыг шинжлэх ухаанд түшиглэх, хот судлалын үүднээс харах шаардлага бий болжээ. Хотжилтын эхний үеүдэд шинээр төлөвлөлт голлон хийж байсан бол одоо дахин төлөвлөлт шаардаж байна. Миний хэлэх гээд байгаа санаа бол, одоо хот руу хүмүүс шилжихийг зэмлэж, бас буруутгаж байна. Энэ бол буруу. Бид Үндсэн хуулийн заалтаа чанд мөрдөх учиртай. Угаасаа хотын хөгжлийн үндэс нь оршин суугчдын тооны өсөлт шүү дээ. Энэхүү өсөлт нь ердийн болон механик өсөлтийн аль алины нөлөөгөөр явна. Харин өсөлтийг оновчтой тооцож, иргэд, байгууллагыг төлөвлөсөн байршилд зөв суурьшуулах нь төрийн, хотын захиргааны үүрэг байх ёстой.
-Зарим маань хотын хаалгыг хаа. Дотоодын цагаачдыг бүү оруул гээд л хашгирдаг байсан.
-Ингэж болохгүй. Хот руу улам олон хүн ирж болно. Харин тэднийг зөв суурьшуулах асуудлыг л шийдэх ёстой. Үүний тулд Улаанбаатар хотын эрх зүйн орчинг ихээхэн сайжруулж, түүний бие даасан байдлыг хангах, дагуул хот, тосгоныг хөгжүүлэхэд онцгой анхаарч хүч, хөрөнгөө төвлөрүүлэх хэрэгтэй байна.
-Налайх, Төв аймаг, Багануур гээд хэд хэдэн дагуул хот босгох боломж бидэнд байна л даа.
-Тийм. Одоо хотыг тойроод л байж байна. Шинээр гэхэд Хөшгийн хөндий гээд л эхэлнэ шүү дээ. Уг нь Э.Бат-Үүл дарга хотын эрх зүйн статусыг өндөр болгож өгөх ёстой. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хотын дахин төлөвлөлтийн асуудлууд, энэ хоттой холбоотой бусад хуулийг батлуулах ёстой. Үүнийг хийхгүй л байна. Энэ нь өөрөө буруу.
-Айлгаж загнаж байгаад төсвөө гайгүйхэн батлуулж авахыг л чухалчилж харагдана. Мөнгө аваад л яваад байдаг. Явж байгаа ажлууд нь амьдрал дээр төдийлөн наалдац муутай байх шиг.
-Би наадахийг чинь ярих гээд байна л даа. Баатар маань саяхан яагаад дуугарав. Өмнө нь яагаад дуугарахгүй байсан юм. Осол, өвчлөлөөр хүн үхээд байхад яагаад дуугараагүй юм. Сургууль цэцэрлэгийн асуудлууд босч ирж байхад тэр дуугараагүй. Нийслэлчүүдэд тулгараад буй бусад асуудал дээр дуугараагүй. Зөвхөн өөрийнх нь зарцуулах мөнгө дутахад сүрхий хашгирав. Энэ бол зүгээр л улс төр хийж байгаагийн нэг илрэл. Э.Бат-Үүл даргын сонгогчдоос санал авсан нөгөө амлалтууд хаачсан бэ. Өнөөдөр тэдгээр амлалтын биелэлтийг нэхэх цаг болчихлоо шүү дээ. Хотын иргэдийн хурал дээр ч бүлгээрээ дамжуулж бид иргэд сонгогчдын өмнөөс энэ амлалтыг шаардах болно.
-НИТХ дахь танай намын бүлгийг их сул байна гэж шүүмжилмээр байна. Манай хотын дарга автобусаар иргэдийг үнэгүй зорчуулна билүү нэг тэнэг шийдвэр гаргаж, туршилт хийв дээ. Шууд энэ хачин үйлдлийн төлөө гурван тэрбум төгрөг аваачаад өгчихсөн. Тэр туршилтын автобусанд иргэд бараг суугаагүй. Гэтэл тэрийг хэн ч хянаагүй. Энэ бол аймшигтай явдал шүү дээ. Дээрээс нь хогны уутанд 6,8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Иргэд маш их эсэргүүцэж байгаа. Танай бүлэг яагаад тэнд хяналтын үүрэг гүйцэтгэхгүй байгаа юм бэ?
-Бид судалж байна. Энэ бүх туршилтын сөрөг үр дагаврыг иргэд сайн мэдэж байгаа учраас түүнээ илэрхийлж л таарна. Иргэдийг басамжилж болохгүй.
-Өөрөө шууд гурван тэрбумыг аваачаад л өгчихөж байна гэдэг бол хэтэрхий дур зоргоороо явдал биз дээ.
-Туршилт нэрээр мөнгө угаагаад байна уу л гэж таамаглаж байна. Туршилт гээд л шийдвэр гаргачихна. Өө, болохгүй байна гээд больчихно. Мөнгө хөрөнгө зарцуулчихсан байдаг. Энд хариуцлага тооцох механизмгүй байна.
-Нэгэнт хотын намын хороон даргатай уулзаж байгаагийнх Лениний музейн барилгын талаар асуумаар байна. Зарим нэг нь цахим ертөнцөд энэ музейг эргүүлж авсны төлөө МАН-ынхан өсөрхөж Засгийн газрыг огцруулсан гэх мэт дэмий юм ярьж л харагдсан. Ер нь музейн байранд танайх түрээсээр сууж байсан юм байгаа биз дээ. Яагаад тэр байр танайх болчихдог юм бэ.
-Уг барилга угаасаа манай намын өмч гэж Улсын Дээд шүүхээр 1997 онд тогтоочихсон байдаг юм билээ. Гэвч шинээр үүссэн нөхцөл байдал гээд л шүүхээр шийдвэр гаргуулаад л авсан. Энэ бол тун тусгүй явдал.
–Тэгвэл өмнө нь нэрийг нь сольчихгүй яасан юм бэ?
-“Чандмань” төв, МАН-ын хоёрдугаар байр гээд л явж байсан шүү дээ. Хотын намын хороо тэнд байрладаг
байлаа. Улс төрийн соёл гэж байх ёстой. Улс төрийн нэг хүчин төрийн эрх авлаа гээд бусдын өмч рүү дайрах нь зохисгүй. Хуулийн байгууллагуудыг эрхшээх, хүчээр далайлгах, бусдыг доош хийх зэрэг нь манай нийгэмд байх ёсгүй зүйл гэж би боддог. Музейн барилгын асуудал дээр үнэхээр зохисгүй үйл ажиллагаа явуулсан. За яахав, музейн зориулалтаар ашиглана гээд авч болно. Тэгвэл зөрүүлээд бас орох орон өгөх хэрэгтэй шүү дээ. Хүний ёс гэж бид ярьдаг. Энгийн соёлын төвшинд хэлэхэд шүү дээ. Одоо Хотын намын хороо байргүй л байж байна.
-Биднийг анхны уулзалтаа хийхэд танай нам усан бассейны тэнд байсан биз дээ. Тэр байраа яасан юм.
-Тийм. Баар байсан газрыг бид засвар хийгээд орсон. Тэр байраа бас хураалгасан. Дараа нь “Чандмань” төв рүүгээ нүүж очоод бас “булаалгалаа”. Хоёр жилийн дотор л ийм зүйлс болж байгаа юм л даа. Тэгээд одоо намынхаа байранд ирээд нэг буланд нь сууцгааж л байна.
-Хотын төв талбайн нэрийг өөрчилсөн. Чингис нэртэй юм хэдийг эрх баригчид маань нэмчихлээ. Жишээ нь, Өндөр хаан гэдэг нэрийг Чингис аймаг болгож өөрчиллөө. Уг нь өмнөх нэр нь бас л өндөр утга тээж байсан.
-Тийм. Чингис хаан хот болгосон шүү дээ. Уг нь хотыг байгуулах, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, нэрийг нь солих зэргийг төрийн эрх барих дээд байгууллага шийддэг байсан. Үүнийг хэн ч тоохгүй байгаа нь гайхалтай.
-Тэр ч өнгөрч. Төв талбай маань Чингисийн талбай нэртэй болсон. Одоо энэ Д.Сүхбаатарын хөшөөг яах вэ. Гадна, дотнынхон яаж ойлгодог бол. Хэнийх нь талбай гэх вэ. Хоёр өөр хүний хөшөө өөд өөдөөсөө хараад энэ жижигхэн талбай дээр байж байдаг.
-Төв талбайн нэрийг өөрчилснийг би буруу шийдвэр гэж үзэж байна. Түүхийг дураараа өөрчилж болохгүй ээ. Түүх түүхээрээ л үлдэх ёстой. Мэдээж агуу их Чингис хаанаа үгүйсгэж болохгүй. Хэн ч тэгэхгүй. Мянганы хүнээр тодорсон тэр агуу их өвөг дээдсийн хөшөөг бид хаана ч, ямар ч шийдлээр хийж, талбайг нь байгуулж болно. Өвөрмонголчууд Ордост хэчнээн гоё юм хийсэн байна. Тийм байдлаар л хийх ёстой болов уу.
-Та нар Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгээд намынхаа төв байрны үүдэнд ч юм уу авчирч болдоггүй юм уу?
-Болохгүй шүү дээ.
-Яагаад?
-Анх энэ хөшөөг барихдаа байршлыг нь тохиолдлоор сонгоогүй юм. Д.Сүхбаатар жанжин угаасаа л энэ талбайд ухаа хонгор морьтойгоо орж ирээд ард олноо сэрээсэн биз дээ.
-Тэгвэл бид 40, 50 мянгатын нурах гэж байгаа байшингуудтайгаа л байя. Энэ орчин үеийн барилгуудаар яах юм гэж байгаатай адилхан биш үү?
-Үгүй. Энэ бол улс төрийн зорилгоор хийсэн атгаг шийдвэр л гэж би хардаг.
-Тийм үү?
-Та заавал Сүх жанжны хөшөөг нүүлгэе гээд байгаа юм уу. Яагаад та тэгж бодож байна вэ.
-Би нийгмийн нэг хэсгийнхний байр суурийг л төлөөлж асууж байна.
-Би таны бодлыг бас сонсмоор байна л даа. Жанжны түүхийг гуйвуулсан олон яриа гаргаж, олон ородлого хийж байсан. Бунхан дотор шарил нь байсан, байгаагүй гээд л, сүүлдээ бүр монгол хүн биш ч гэх шиг. Энэ хүний үр удмын сэтгэлийг шархлуулсан, энэ хүний үүсгэн байгуулсан намын мянга мянган гишүүдийн урмыг хугалсан явдал зөндөө л боллоо. Би ч бас гишүүдээ л төлөөлж байр сууриа илэрхийлж байна шүү дээ.
-Төв талбайг хэчнээн тэрбумаар янзаллаа. Талбайг бүхэлд нь гантиг болгосон. Үүнийг М.Энхболд дарга хийсэн. Ордны урд талын энэ өөрчлөлтийг муу сайн хэлүүлэн байж С.Баярцогт хийсэн. Одоо бид Чингис хааныхаа нэрээр талбайгаа нэрлэчихлээ. Ордноо ахиж нурааж өөрчлөх үү. Танай нам л буулт хийхэд болох юм биш үү. Үнэхээр л Д.Сүхбаатар танай намын түүхийн нэг хэсэг юм бол та нар л энэ хөшөөгөө хаа нэг тийшээ нүүлгэчих л дээ. Энэ үгээрээ би Сүх жанжинд хүндэтгэлгүй хандаж байгаа юм биш. Хотын захын аль нэг дүүрэгт намын хороондоо байшин бариад тэндээ талбай байгуулаад байршуулж болно шүү дээ.
-Би зөрүүлээд асууя. Заавал Чингис хааны талбайг энд ингэж давчуу байгуулж байхаар өөр газарт төлөвлөн байршуулж болдоггүй юм уу. Нэгийг сөнөөж нөгөөг хийх ямар хэрэг байна. Түүхийн нэгэн гэрчийг устгах ёстой юм уу. Хөшөө гэдэг зүгээр нэг бодлогогүй, дуртай газраа барьчихдаг зүйл биш ээ.
-Манай хотыг зорьж ирсэн монгол туургатнууд Д.Сүхбаатарын хөшөөнд биш Чингис хааны хөшөөнд сунаж мөргөөд явж байна. Их хааны маань дурсгал, хөшөө баримал хоймор эзлээд байж байгаа нь үнэхээр сайхан. Гэтэл урдаас нь нэг морьтой хүн. Утга авцалдаагүй юм л болчихоод байна л даа.
-Монголчуудын тусгаар тогтнолоо хадгалж авч үлдсэн түүхийн хоёр том гэрч мөн үү гэвэл мөн. Ингээд байж байсан ч буруудах юм бас байхгүй. Та бид хоёр хөшөөний талаар өөр өөр өнцгөөс л ярьж байна шүү дээ.
-Тийм ээ, одоо энэ асуудлыг орхиё. Э.Бат-Үүл даргын үед хийсэн гэх ажлаас арай гарт баригдах нь “Гудамж” төслийн ажил. Энэ бол яг амьдралын тулсан асуудлыг шийдээд шийдээд явж байгаа төсөл. Гэхдээ миний санахын энэ ажил Г.Мөнхбаяр даргын үед та нар ярьж судалж, баталж байсан санагдах юм. Гайгүй ажил нь болохоор ингээд өөр хүмүүст наалдаад явчих…
-Ийм том ажлыг богино хугацаанд санаачлаад хийчихдэг юм биш ээ. МАН эрх барьж байх үед Улаанбаатар хотын автозамыг нөхөөсний аргаас салгаж туушид нь шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энхтайвны өргөн чөлөөний засварын ажлыг бид мартаагүй байна. Ямар их хэл ам, бэрхшээлийн дунд энэ замыг бид туушид нь шинэчилсэн билээ дээ. Одоо авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна гэж би боддог. Харамсалтай нь гавьяа нь бусдад, гай нь бидэнд тохогдоод байна (инээв).
-Г.Мөнхбаяр дарга тухайн үед бид хотоор хамт явлаа. Ийм ийм ажлууд хийхээр төлөвлөлөө гэж ярьж байсан юм л даа.
-Үнэн. Бүр УИХ-ын гишүүдтэй автобусаар яваад үзэж, судалж байсан.
-Та нар хийсэн, эхлүүлсэн, ажил хэрэг болсон төслүүдээ огт сурталчлахгүй юм.
-Үнэхээр бид тэр тал дээр алддаг тал бий. Зүгээр л ажил хийдэг.
-Хогны уут гэж нэг юм гарч ирсэн. 6,8 тэрбум төгрөг төсөвлөөд л явж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ төслийг аль нэг нам гэхээсээ илүү оршин суугчид өөрсдөө эсэргүүцээд байна шүү дээ. Э.Бат-Үүл дарга өөрөө оршин суугчидтай биечлэн уулзвал бодит байдлыг илүү мэдрэх байх аа. Бид иргэдтэй уулзаж байгаа. Уулзалтын явцад тэд хогны уутыг их шүүмжилдэг. Та нар юу хийгээд байгаа юм бэ. Яагаад дуугарахгүй байна вэ гэж яг тань шиг асуудаг. Цэцэрлэг, сургууль барих мөнгөөр ингээд тоглоод байна. Үүнийг зогсоогооч гэж зэмлэдэг. Тэгсэн ч энэ төслийг зүтгээд л явуулна гээд байгаагийн ард чухам юу байна вэ.
-Хэцүү юм даа.
-Хэцүү. Өөр нэг санааг энэ ялдамд цухас дурдъя. Өнөөдөр Улаанбаатар хотод долоон бэрхшээл байна. Энэ долоон бэрхшээлийг бид цогцоор нь шийдэж байж хотод тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах болно.
-Ямар?
-Агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, хог, инженерийн шугам сүлжээний насжилт, гэр хороолол дахь ядуурал, ногоон байгууламжийн хомсдол. Энэ долоог бид иж бүрнээр нь төлөвлөж шийдэхгүйгээр зөвхөн агаарын бохирдолтой тэмцэх юм уу, зөвхөн замын түгжрэлтэй тэмцээд хотын асуудлыг шийдэхгүй. Дэд бүтцийг шийдвэрлэх ёстой. Дэд бүтэц гэхээр бид зөвхөн нийгмийн болон инженерийн шугам сүлжээгээ яриад байдаг. Гэтэл Улаанбаатар хотод өнөөдөр өөр гурван дэд бүтэц байгаа юм. Энийгээ бид ярихгүй байна. Хөдөлмөрийн дэд бүтэц байх ёстой. Ажлын байрны хомсдол нүүрлэлээ. Өнөөдөр улаанбаатарчууд юу хүсч байна вэ. Ажлын байртай болохыг л хүсч байна. Дулаан орон гэртэй байхыг хүсч байна. Хүний хүсэл уг нь маш цомхон шүү дээ. Үүнийг бид шийдэх ёстой. Гэтэл манай улстөрчид ард олон бүх юмыг нэхэж байна гэж худлаа яриад байгаа болохоос хүмүүс улстөрчдөөс олон юм гуйхгүй байгаа шүү дээ. Мөнгө төгрөг өг гэхгүй байна. Биднийг ажилтай, байнгын орлоготой, өөрийн амьдралыг өөрсдөө зохицуулах нөхцөл бүрдүүлээд өгөөч л гэж хүсч байна. Тэрийг нь хийхгүй тойрч зугтаагаад байна. Дараагийнх нь аюулгүй байдлын дэд бүтэц. Өнөөдөр Улаанбаатар хотод амьд явах баталгаа хэцүүдчихээд байна шүү дээ. Гарцаар гарч яваад машинд дайруулчихаж байна. Зүгээр явж байхад нь дээрээс нь юм унагачихаж байна. Траншейны нүх нь онгорхой. Тэр рүү нь хүмүүс уначихаж байна. Энэ бол аюулгүй байдлын дэд бүтцийн төвшин ямар хэмжээнд очсоныг харуулж байгаа хэрэг. Дараагийнх нь мэдээллийн дэд бүтэц. Үүнийг бас ярих шаардлага гарч ирлээ. Мэдээллийн зуун учраас. Бид энэ бүхнийг хийх ёстой.
-Хотын дарга энэ асуудлууд руу орох нь юу л бол. Үнэнийг хэлэхэд тэр намын зүтгэлтэн, улс төрийн үзэл санаа тээгч л харагдаж байгаа болохоос хотын дарга харагдахгүй байна л даа.
-Бодит үнэн. Хот улстөржих ёсгүй газар. Ер нь хотыг улстөрч хүн удирдах ёстой юу, инженер, менежер удирдах нь зөв үү гээд манай нийтлэлчид сонгуулийн үеэр олонтаа хөндөж л байсан. Гэвч яая гэхэв. Хотын маань сүр хүч нэмэгдэж, хотын маань соёл шинэчлэгдэж, хотын маань хүндрэлтэй асуудлыг шийдэхийг л иргэд хүлээж байна. Харин энэ бүхнийг улстөрч хүн барьж авдаггүй юм байна л даа. Үүнийг бид сайн харж, мэдэрч байна шүү дээ.
-Хотын даргыг ер нь иргэдээс сонгох ёстой гэдэг рүү л хүмүүс бодож эхэлж байх шиг байна.
-Зарим хүн энэ талаар хөнддөг. Хотын даргыг оршин суугчид шууд сонгох хуультай, гэвч хэрэгжүүлэхгүй л байна. Хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс ялгаатай болохыг ойлгож, биеэ дааж хөгжих эрх зүйн үндсийг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үнэндээ бид бүгдэд нэг л хүсэл байдаг. Манай танай, хүний өөрийн гэхээс одоо бүгд залхаж байна. Бидний хүсэл бол сайхан хотод амьдрах. Би сайхан л хотод амьдармаар байна шүү дээ, Ганчимэг ээ. Үр хүүхдээ сайхан хотод өсгөж хүмүүжүүлмээр байна. Хотынхоо төлөө ажилламаар байна. Үүнийг л хүсч байна.
-Та хотын захиргааны байраар хамгийн сүүлд хэзээ орсон бэ. Тэнд таних хүн байна уу?
-2012 оны наймдугаар сарын 10-нд нийслэлийн Засаг даргын орлогч гэдэг албан тушаалаас би захирамжаар чөлөөлөгдсөн. Түүнээс хойш хотын захиргаа ороогүй. Төрийн мэргэшсэн олон албан хаагчийг халсан. Хууль журмыг уландаа гишгэсэн. Энэ бол муухай арга, муу явдал. Төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон ажлаас халсан нь төрийн дархлааг сулруулж байна.
Б.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: www.unen.mn