Comment.mn

“Зорилтод бүлэгт хүүхдийн мөнгө олгогдоно”

Засгийн газраас 2015 оны төсөвт тодотгол хийх болсонтой холбоотой зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж буй.  Тухайлбал, төсвийн таналтад хүүхдийн мөнгийг өгөхгүй байх шийдвэр гарсан.  Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс зарим асуултад хариулт авлаа. 

 

– Хүүхдийн мөнгийг олгохгүй байх шийдвэрийг нэлээдгүй гишүүд эсэргүүцэж байсан.  Харин энэ онд зөвхөн зорилтод бүлгийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгохоор боллоо? 

 

– Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хүн амын амьжиргааны түвшинг 20 бүлэгт хуваасан байна лээ. Засгийн газар үүнийгээ бидэнд танилцуулна гэсэн. Тэр судалгаагаар 16 бүлэг нь хүүхдийн мөнгөнөөс хасагдах юм байна лээ. Хамгийн доод түвшиний буюу зорилтод бүлэгт хүүхдийн мөнгө олгогдоно гэж ойлгож байна. Түүнчлэн УИХ-ын эмэгтэй гишүүд алдарт эхийн одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө хасагдана гэсэн үүднээс Ерөнхий сайдтай санал солилцож уулзсан. Тэр уузалтаар Ерөнхий сайд “Ер нь зорилтод бүлэг рүүгээ анхааръя. Сайд дарга нарын хүүхдүүд ч 20 мянган төгрөг, түлээ нүүрс зарж амьдарч байгаа айлын хүүхдүүд ч 20 төгрөг авч байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх нь зүйтэй” гэсэн. Эмэгтэй гишүүд ч үүнтэй санал нэг байгаа. Бид зорилтот бүлгээ бодитоор нь тогтоож чадвал тэдний амьдралд бага ч гэсэн тус болох боломжтой. Социализмын үед алдарт эхийн одонтой ээжүүдэд олгодог байсан мөнгө хүүхдийн мөнгө хэлбэрээр өгч байсан. Хамгийн том хүүхэд нь 18 нас хүрэхэд энэ мөнгөнөөс автоматаар хасагддаг. Энэ зарчим руугаа эргэж орох нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдын байр суурийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа. Алдарт эхийн одонтой ээжүүдэд олгож байгаа мөнгө нь хүүхэддээ өгч байгаа, хүүхдээ дэмжиж байгаа хэлбэр.

 

-Дундаж амьдралтай айлууд энэ мөнгийг авах уу?

 

-Дундаж амьдралтай айлууд хүүхдийнхээ мөнгийг үрэхгүй. Харин ч хүүхдийнхээ ирээдүйд зориулж дансанд хадгалж байсан олон айл бий. Тиймээс 20 бүлгээс 16 нь ямар шалгуураар хасагдсан бэ гэдгийг бид эргэж харах нь ёстой. Тооцоо судалгааг нь харж байж эцэслэн шийдэх хэрэгтэй. Өөрсдийнх нь ярьж байгаагаар байр, машинтай, эхнэр, нөхөр хоёр хоёулаа ажилтай бол хүүхдийн мөнгө өгөхгүй гэж байгаа. Гэхдээ ямар баримтаар үүнийг нотлож байна вэ гэдгийг би нягтлаж үзэх нь зүйтэй гэж бодож байна.

 

Д.Анар

Эх сурвалж:www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.