Comment.mn

Хакухогийн хувь заяа хаашаа эргэх вэ

d8530bf5fdb7acf77961422db8a0097d69dd69b2Энэ сарын башё мэргэжлийн сумод асар их зүйлийг өгнө. Үүнтэй Японы ард түмэн ч санал нийлж байгаа билээ. Наран улсын бурханчлан шүтдэг домогт их аварга Тайхогийн 32 удаа түрүүлж, эзэн хааны цом хүртсэн амжилтыг хэзээ ч, хэн ч эвдэж чадахгүй мэтээр төсөөлж байсан цаг ард хоцрох нь. Одоо их сумогийн ноён оргилд Монгол хүн суухыг зарлах учир хацу башёг ийнхүү онцолж байна.

Японы мэргэжлийн сумогийн холбооны ерөнхийлөгч, ёкозүна Китаноүми Монголын бөхчүүдийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Тэрээр шинэ оны босгон дээр “Ёмиүри” сонин товч ярилцлага өгчээ. Тэнд 69 дэх ёкозүнагийн тухай дурдахдаа “Хакүхо бол гэмтэл бэртэл авдаггүй, тогтмол сайн барилддаг аварга. Энэ чигээрээ явбал ойрын үед 40 дэх түрүүгээ авах байх гэж бодож байна” гэсэн. Мөн Японы иргэн хүн ояката болох эрхтэй гэсэн сумогийн дүрмийг өөрчлөх боломжтой юу? гэж асуухад: “Японы иргэн л ояката болно гээд дүрмэнд заачихсан байгаа. Энэ чинь бидний мөрдөж хамгаалан, сахиж ирсэн эртний уламжлал, ёс заншлын нэг хэсэг шүү дээ. Яасан ч өөрчлөхгүй гэж мөхөс би бодож явдаг” гэдгийг онцолсон.

Өдгөө 30 нас хүрч буй Хакухо зодог тайлаад ояката болохыг хүсвэл заавал иргэншлээ солих хэрэгтэй болно. Харин Хакухог сумогийн холбооноос дарамталсан учраас иргэншлээ солихоор болсон тухай мэдээлэл хэвлэлээр нэг хэсэг цацагдсан билээ. Тэгвэл дээрх мэдээллийг тэрбээр эрс үгүйсгэсэн юм.

Энэ тухай Хакухо “Китаноми ерөнхийлөгч “Дэвжээ өвлөх гэж байгаа хүн Японы иргэншилтэй байх ёстой” гэж хэлдэг. Ерөнхийд нь сануулаад өнгөрч байгаа хэрэг. Түүнээс биш иргэншлээ ав, тэгэхгүй бол зодог тайлуулна гэж дарамталж, шахаад байсан асуудал байхгүй. Би нэг ярилцлага өгөхөдөө хэлсэн байдаг юм. Соль гэхээр сольчихдог зүйл иргэншил биш гэж. Үнэхээр тийм шүү дээ, энэ бол хувь хүний л асуудал. Би хувьдаа хоёр улсын гүүр нь байхыг хичээдэг. Энэ бол зөвхөн М.Даваажаргал гэдэг хүнээс гадна улс, орны асуудал. Харин интернэтэд бичсэн байгааг, зурагтаар гарч байгааг харахаар жаахан сэтгэл эмзэглэж л байлаа. Намайг юу, юугүй Японы иргэн болчихсон мэт бичих юм. Яагаад ийм яриа гардаг юм бол гэж их гайхдаг. Өөрийнхөө паспортыг гаргаж ирж харуулдаг юм билүү. Тийм мэдээний доор бичигдсэн сэтгэгдэл унших их эвгүй шүү. Иргэн хэвээр байгаа хүнийг цааш түлхээд ч байгаа юм шиг. Үнэндээ надад тийм сэтгэгдэл төрсөн” гэдгийг хэлжээ.

Хакухогийн 33 дахь түрүү бүгдийн анхаарлын төвд байгаа нь дээрх мэдэгдлүүдээс харагдаж байна. Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 2006 оны нэгдүгээр сард озэки Точиязүма түрүүлсэн нь хамгийн сүүлд Япон бөх түрүүлсэн гэсэн тоо баримтыг сануулж байна. Үүнээс хойш бүтэн есөн жил буюу 53 башёд гадаад бөхчүүд Эзэн хааны цом хүртжээ. Гэхдээ Монголын их аваргууд Японы зан заншил, түүх соёл, сумо бөхийн дүрэм, ёс жудаг зэрэг бүгдийг чанд сахиж, Наран улсын ард түмнийг дээд зэргээр хүндэтгэж байгаа нь зөвхөн Монгол хүнээс гарах ухаан ажгуу. Эзэн хааны цом Монголчуудын гараас гаралгүй 12 жил боллоо. Цаашдаа олон жил талын хүчтэнүүд түрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж явах болтугай.

 

Мэргэжлийн сумод хамгийн их түрүүлсэн бөхчүүд

Бөхийн нэр Түрүүлсэн тоо Барилдсан он
1 Тайхо 32 1960-1971
2 Хакухо 32 2006 оноос хойш
3 Чиёнофүжи 31 1981-1990
4 Асашёорюү 25 2002-2010
5 Китаноүми 24 1974-1984
6 Таканохана II 22 1992-2001
7 Важима 14 1972-1981
8 Футаяама 12 1936-1943
9 Мусашимару 12 1994-2002
10 Акэбона 11 1992-2000

 

Э.Гүнтөмөр

Эх сурвалж: http://www.mongolcom.mn/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.