Монголчууд Отгонтэнгэр уулыг халх Монголыг даасан Очирваань бурхны газарт буусан дүр хэмээн сүслэж, 1779оноос эхлэн тахиж иржээ. Дараа нь 1911онд Богд хаан жил бүр шашны ёсоор тахиж байгаад, 1992 оноос төрийн зарлигаар дөрвөн жилд нэг удаа тахидаг болжээ.
Харин сүүлд гарсан Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг таван жилд нэг удаа хийхээр болсон ба тахих тайх хугацаа нь 2016 он болж хойшлогджээ. Гэвч сонгуулийн жилд уул овооны тахилга хийх зэргийг хуулиар хориглосон тул энэ жил тахих асуудлаар нутгийн удирдлага Ерөнхийлөгчид хүсэлт тавиад байгаа юм байна.
Отгон сумын иргэд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхоролыг “Цагаан уулын охин” хэмээн ихэд хүндэтгэх аж. Үнэхээр ч тэр ууландаа чин сэтгэлээсээ мөргөж, залбирч явдаг нэгэн аж. “Энэ ард түмний итгэлийг гурван удаа хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдоход, улмаар Монгол төрийн сайдаар ажиллах өндөр үүрэг, хариуцлага ногдоход цагаан уулаа шүтэж, энэ уулаа тойрон амьдарч байгаа ард түмэнтэйгээ амь нэгтэй байсны минь тус шүү дээ” хэмээн Д.Оюунхорол сайд ярьж явлаа. Сүүлийн үед Отгонтэнгэр хайрханд аялах, жуулчлах гадна дотныхны цуваа улам бүр олширч, улмаар орчны газар нутгийг талхлах маягтай болж. Гэвч нутгийн иргэд уулыг үзэн баясаж байгаа нэг ч хүнээс нэг ч төгрөг авалгүй өдий хүрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл,тэнд аялал жуулчлалын шинжтэй үйл ажиллагаа огт алга.
Тиймээс Цагаан уулын дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох, байгаль хамгааллыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч, бодит ажил хэрэг болгохоо УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол амласан.
Энэ ажлыг Монголын онгон дагшин байгалийг хамгаалах зорилго чиглэл бүхий гадны төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ. Харин энэ ажилд нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргааг идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа.
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол мөн Завхан аймгийн Улиастай, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллав. Улаанбаатараас нутгийн зүг хөлгийн жолоо залах явдал замд Баянхонгор аймгийн удирдлага, салбарынхантайгаа уулзаж, ажил төрөлтэй нь танилцсан бол буцах замдаа Архангай аймгийн удирдлага, салбарынхантай уулзсан.
Хөдөөгийн иргэдийн хувьд эдийн засгийн асуудалд үнэхээр санаа зовж буй нь илт. Монгол Улс гаднаас зээл аваад байгаа мөртлөө яагаад мөнгөгүй болсны учрыг огт ойлгохгүй байгаагаа хэлж, асууж, тайлбар хүсэх аж. Мөн төсөв мөнгө хэмнэлээ хэмнэлээ гээд хүүхдийн мөнгө, Эхчүүдийн одонгийн мөнгийг хасаж болохгүйг учирлаж байв. Завхан аймгийн хойд сумдын хувьд ой мод ихтэй, амьжиргааных нь гол эх үүсвэр моды үйлдвэрлэл. Д.Оюунхорол сайдыг яамныхаа мэргэжлийн багийн хамт тэдгээр сумдад ажиллаж, ард иргэдтэй уулзах үед тэр бүс нутаг, тухайн иргэдийн модны үйлдвэрлэлд илүү нарийн эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай нь харагдаж байв. Тиймээс холбогдох хууль дүрэмд өөрчлөлт оруулах замаар байгалийг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэлд ахиц гаргах боломжтой аж. Мөн модыг тодорхой хэмжээгээр ашиглаж, хамгаалж буй бүс нутгийн ард иргэдийн хувьд ой модны мэргэжлийн хүмүүс туйлын хэрэгцээтэй нь илт. Тиймээс Тосонцэнгэлийн МСҮТ-д энэ чиглэлээр анги нээж ажиллуулна гэдгээ сайд энэ үеэр хэллээ.
Цөлжилт, үлийн цагаан оготно, бэлчээрийн даац хэтэрсэн,модны хууль бус хулгай гэхчилэн хаа сайгүй байх бэрхшээл Завханд ч байна. Тиймээс улс орны хэмжээний энэ тулгамдсан асуудлуудыг аль болох үр дүнтэй шийдэхийн төлөө хэдийгээр богино хугацаанд боловч үр дүнтэй ажиллахын төлөө явна гэдгээ УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол иргэдтэй уулзахдаа хэлсэн юм. Иргэд ч аливааг шийднэ хэмээн зоримог хурдтай ажиллаж эхэлж буй шинэ Засгийн газар, нутгаас нь томилогдсон сайддаа итгэж найдаж буйгаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхоролын томилолтын багт БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, БОНХАЖЯ-ны газрын дарга Ц.Банзрагч, Батсансар, Байгаль хамгаалах сангийн захирал Батжаргал нар ажиллалаа.
Эх сурвалж http://www.info.mn