Comment.mn

Р.Бурмаа: Сонгуулийн зардлыг багасгах тал дээр том өөрчлөлтийг хийнэ

Р.Бурмаа: Сонгуулийн зардлыг багасгах тал дээр том өөрчлөлтийг хийнэ

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн сонгуулийн хуулийн шинэчлэлийн талаарх байр суурийг хүргэж байна.

Нэлээд олон удаа парламентад суудалтай болон суудалгүй намууд, сонгуулийн үйл явцад оролцдог төрийн байгууллагууд, ТББ, гадна, дотнын экспертүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг хангалттай хийлээ. Ажлын хэсэгт тэдгээр хэлэлцүүлгүүдийн саналыг нэгтгээд тараасан. Эхний конценци дээрээ санал нэгдсэн.

Таван хууль нэгдэж нэг хууль болж байгаа бөгөөд нэр томьёо нэг болсон гэсэн үг. Түүнчлэн хариуцах эзэн ойлгомжтой, тодорхой болж байгаа. Тэгэхгүй бол таван өөр хуулинд нэрийн жагсаалт гаргах асуудлыг өөр субьект хариуцах болчихдог. Тиймээс эзэн тодорхойгүй байдаг зөрчил арилсан. Зохион байгуулалттай холбоотой  асуудал жигдэрч ойлгомжтой болсон.

Намын нэрийн жагсаалтын хувьд холимог хувилбарыг ажлын хэсэг дээр шийдчихсэн байгаа. Тооны хувьд яригдаж байгаа. Сонгуулийн санхүүжилтийн асуудалтай холбогдуулан нарийвчилсан зохицуулалтууд орж байна. Сүүлийн хоёр сонгуулийн зардлын тайланг харьцуулахад сонгуулийн зардал асар өндөр өсөж байна.

Албан бусаар бол түүнээс ч их зардал гардаг шинжтэй байна. 2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарж байсан бол 2012 онд 200 сая төгрөг зарцуулсан байна гэсэн үг. Дунджилж үзэхэд ийм байгаа юм чинь үүнээс илүү мөнгө зарсан хүмүүс байна гэж ойлгож болно. Бид хэдэн төгрөгийн цалин авдаг билээ дээ.

Ийм их мөнгө сонгуульд зарцуулаад байх юм бол улс төр хандивлагчаас хараат болно. Тэгэхээр хэн хандивлагч байх вэ гээд асуудал гарч ирнэ. Монголын бизнесийнхэн гэхээсээ илүү уул уурхайд санаархаж буй гадны бизнес байгууллагуудын хандив авч эргээд улс төрийн хараат байдал руу орж болзошгүй.

Улс төрийг мөнгөний нөлөөллөөс багасгах нь өөрөө улс орны аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс сонгуулийн зардлыг багасгах тал дээр анхаарч байгаа.Энэ чиглэлд том өөрчлөлт хийж байна.
Манай улс төрийн намууд төвлөрүүлсэн мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүйн дээр, нэг хүнээс авах хэмжээнээс илүү эсвэл төрийн албан хаагч болон төрийн өмчит компаниас хандив авсан бол хэрхэн шийдэх талаар зохицуулалт сул байгаа.

Тиймээс улс төрийн намд өгч байгаа санхүүжилтэд хэн хяналт тавихыг тодорхой болгох ёстой. Татвар төлж буй олон нийт ч хяналт тавьдаг байх эрхтэй. Хэрэв хууль зөрчвөл дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасах, бүр намыг татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг болох ёстой. Тухайн намыг удирдаж байгаа албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно.

Хариуцсан эзэн байхгүйгээс хуулийн заалт байдаг ч хэрэгжихгүй байна.Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо манайд хамааралгүй гэдэг бол Улсын Дээд шүүх намуудыг бүртгэх ажил хийхээс хэтэрдэггүй.

Ямар нэгэн маргаан гарвал тухайн намд нь ханд гэдэг. Гэтэл нам уг асуудлыг шуурхай, шударга шийдэж байгаа нь эргэлзээтэй. Ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудлыг өөрийнх нь дотоод хяналтад найдаад үлдээнэ гэдэг учир дутагдалтай.Татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрийн намуудад санхүүжилт өгч байгаа учраас зарцуулалтад нь зайлшгүй хяналт тавих ёстой.

Сонгуулийг аль болох бага зардалтай хийх сонгуулийн санхүүжилтын асуудлыг  ил тод  хяналттай байлгах зохицуулалтыг нарийвчилж оруулж ирсэн,  энэ дээр ОУ-ын туршлагуудыг оруулж өгсөн байгаа.

Дараагийн том өөрчлөлт нь сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх. Сонгуулийн дараа маргаан байнга л гардаг. Сонгууль өнгөрөөд хоёр жил болдог. Сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгддэггүй. Энэ байдлыг зогсоохыг зорьж байгаа. Сонгуулийн маргааныг хэн ямар хугацаанд хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудал маш тодорхой болж байгаа. Хэн нэгнээс болж, хэн нэгэн нь хуралд ирэхгүйгээс болж, ирцгүй гэж сунжруулаад байхгүй. Дээд талын хугацаа нь 60 хоногт маргаан бүрэн эцэслэн дуусна. Гэхдээ маргаан үргэлжлэх тусам шударгаар шийдэхгүй улс төржөөд өнгөрдөг. Үүнийг сонгуулийн нэгдсэн хуульд онцгойлон ингэж тусгасан байгаа.

Сонгуулийн системтэй холбоотой орон нутгийн болон их хурлын асуудал дээр шинээр заалтууд орж ирсэн байгаа. Мөн орон нутгийн болон Их хурлын сонгуулийг нэг өдөр хийнэ. Орон нутгийн сонгуульд улс төрийн намуудын оролцоог багасгах чиглэлээр яригдаж байна. Сонгуулийн системийн хувьд мажоритар буюу тойргоос сонгогдох нь нэг мандаттай байх гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Тоон дээр харин хоёр янзын тоо яригдаж байна.

“Орон нутагт бүхэл бүтэн аймгийг тойроод ажиллах хэцүү байдаг. Хэрэв аймгийг хоёр хуваасан байх юм бол хүнд хүрэх сонгогчтойгоо уулзахад дөхөм болно.Сонгогдсоныхоо дараа орон нутагт хүрч ажиллах нь илүү дөхөм болно. Бас нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж байгаа нь өөрөө зөрчлийг агуулж байна.  Дотооддоо нэг нам болж нэг мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн ажиллахын оронд өөр хоорондоо өрсөлдөөнийг бий болгож байгаа нь зохисгүй байна гэдэг ийм үүднээс нэг мандаттай байх нь зүйтэй гэдэг саналд дийлэнх нь нэгдэж байна.

Сонгуулийн хандив авах дээр бас нилээн хязгаарлалтыг тавьж өгье.Хуулийн этгээдээс хандив авахыг больё.  Иргэд байгууллагаас өгч буй хандивыг ил тод байлгах гэсэн зохицуулалтуудыг нилээн сайн оруулж ирж байгаа.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.