Comment.mn

Ж.Эрдэнэбат: Төсвийн бодит хөрсөн дээр буулгасан тодотгол байх учиртай

 Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

 

-Засгийн газраас энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа. Өнгөрсөн оны төсвийн тодотголыг УИХ хугацаанд шахагдаж баталсан учраас шүүмжлэл дагуулсан зүйл цөөнгүй гарсан. Харин энэ оны төсвийн тодотголыг ямар байдлаар хийхээр байна вэ?

 

-2014 оны төсвийн тодотголыг хугацаа их алдаж баталсан. Өөрөөр хэлбэл, төсвөө эрүүлжүүлээд явах бололцоог алдсан гэсэн үг л дээ. Шинэ Засгийн газар бий болоод намайг ажлаа авахад төсвийн жил дуусч байсан. Энэ утгаараа дансныхаа үлдэгдлийг ашиглах байдлаар санхүүжих ёстой зардлуудаа санхүүжүүлээд явсан байсан. Өнгөрсөн оны хувьд төсвийн алдагдал нэлээд өндөр гарсан. Тодруулбал, хуулиа хэрэгжүүлэх бололцоогүй болсон гэсэн үг. Өрийн босгын хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг заалтыг ч мөн хэрэгжүүлэх боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар өрийн босго 55 орчим хувьтай, төсвийн цэвэр алдагдал дөрөв орчим хувьтай байна. Энэ мэт хууль зөрчихөөр нөхцөл байдал үүсчихээд байна. Тиймээсэнэ оны төсвийн тодотголыг хийхдээ аль болох эрүүлжүүлэх ёстой. Бодит байдал руу аваачих ёстой гэсэн үг. Өнөөдрийн Монголын эдийн засаг данхайсан, тэлсэн төсвийг санхүүжүүлж явах чадваргүй байхад нь 2012-2014 он хүртэл нь зүтгүүлчихсэн. Нэг давуу тал нь гэвэл 2013,2014 оны төсөвт тодотгол хийж чадсан. Харин 2014 оны төсөвт тодотгол хийсэн нэртэй ч үндсэндээ жинхэнэ тодотгол болж чадаагүй.

 

-Яаж ч хичээгээд  2014 оны тодотголыг бодитоор хийх боломж байгаагүй гэсэн үг үү?

 

-Ямар ч боломжгүй. Нэгэнтээ санхүүжилтыг нь хийчихсэн байсан учраас Засгийн газрын шинэ бүтэцтэй холбоотой өөрчлөлт болоод л өнгөрсөн. Харин одоо энэ байдлыг давтахгүйн тулд хөрсөн дээрээ буусан, бодит төсвийг хийх ёстой. Манай улсын хувьд халамжийн бодлого ихтэй, зөвхөн цалин гэхэд нийт төсвийн 30 гаруй хувийг эзэлдэг, цаашлаад маш олон зардал бий. Эдгээрээс тодорхой хэмжээнд хэмнэж, тэвчиж болохоор зардлыг эхний ээлжид суутгасан. Үүний дараагаар эдийн засгийн нөхцөл байдал нь төсвөө санхүүжүүлж дийлэхгүй байгаа учраас халамжийн бодлогоо зорилтот бүлэг рүү чиглүүлье, хөрөнгийн зардлын хувьд өмнө нь төсвийн ачааллаа дийлэхгүй байх үед эхлүүлсэн олон ажлыг санхүүжилтгүй хаядаг зарчмаасаа ухаръя, өмнө нь эхлүүлээд дутуу хаясан ажлуудаа эхний ээлжид дуусгах чиглэлд анхааръя гэдэг үндсэн зарчмаар 2015 оны төсвийн тодотголыг хийх юм.2015 оны төсвийг батлах үеэр манай бүлгийн гишүүдийн зүгээс “Хийж байсан ажлаа дуусгаагүй байж яагаад шинэ зүйл эхлүүлэх гээд байгаа юм бэ” гэж шүүмжилж байсан. Тэр утгаараа 2015 оны төсөвт МАН-ын гишүүд нэлээд идэвхийлж оролцсоны хүчинд “Царцаасан” гэж нэрлээд байсан бүтээн байгуулалтыг дуусгая гэдэг үүднээс энэ оны төсөвт суулгасан. Ингэж бодит байдал руугаа төсвөө аваачих асуудал МАН цөөнх байсан учраас дэмжлэг авч чадаагүй. Харин одоо бол хамтарсан Засгийн газар бий болсон учраас бодит нөхцөл байдалд аваачих нь бидний зайлшгүй үүрэг болчихоод байна.

 

-Энэ он МАН-ын хувьд засагт хамтарснаас эхлээд олон зүйлээр онцлогтой жил байх болов уу. Тухайлбал, өнгөрсөн онд цөөнх байсан учраас гишүүдийн байнгын хороонд хуваарилагдах байдал хүртэл харьцангуй байсан шүү дээ. Харин энэ засагт МАН таван ч байнгын хороог тэргүүлэхээр болж байна. Үүнийг МАН-ын үүрэг оролцоо бүх төвшинд нэмэгдлээ гэж харах уу эсвэл та өөр байдлаар тайлбарлах уу?

 

-Ер нь манай намын Бага хурлаас гарсан шийдвэр бол “Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихлээ. Тиймээс хамтын хүчээр энэ хүнд бэрхийг давах ёстой” гэдэг зарчмыг барьсан юм. Магадгүй бид засагт хамтрах шийдвэр гаргаагүй бол эргээд “МАН улс эх орон, ард түмнээ боддоггүй” гэдэг хаяг зүүж мэдэхээр байсан. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн улс орны эдийн засгийн тоон үзүүлэлт бүгд уруудсан байсныг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу. Цаашлаад төлбөрийн тэнцлийн алдагдлууд, экспортын хэмжээ өмнөх жилүүдийнхээс хэдэн зуу дахин буурснаас харвал эдийн засаг үндсэндээ маш хүнд байдалд орчихсон байгаа. Эдийн засаг хүндэрнэ гэдэг ард түмний нуруун дээрх ачаа хүндэрнэ гэсэн үг. Тиймээс бид засагт хамтарснаар бодлогын шинж чанартай зүйлүүд дээр улс эх орныхоо хөгжлийн төлөө гэсэн сэтгэлээр хандаж байж ард түмнийхээ нуруун дахь ачааг хөнгөлөх зорилготойгоор засагт орсон гэдгийг онцолъё. Үүнийг эрх мэдлийн хуваарилалт гэхээс илүү бүх үйл ажиллагаа ойлголцлын төвшинд явна гэж харвал ононо.

 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн оны сүүлээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзана” гэсэн нь төрөөс тодорхой хэмжээний халамж хүртдэг иргэдийг багагүй бухимдууллаа. Ер нь энэ оны төсөвт халамжийн бодлогыг ямар байдлаар зохицуулахаар байгаа вэ. Түүнчлэн төрийн байгууллагуудад тодорхой хэмжээний цомхотгол хийхээр болсон?

 

-Халамжийн бодлогыг орхигдуулж ерөөсөө болохгүй. Гэхдээ хавтгайрсан биш зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн байх ёстой гэдэг чиглэлийг барина. Түүнчлэн улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед магадгүй ажилгүй иргэдийнхээ тоог нэмэх, цомхотголд оруулах асуудал байдаг. Гэхдээ бидний хувьд ийм зүйл хийснээс нэг жил цалингаа нэмэхгүйгээр яваад энэ хоорондоо эдийн засгаа сайжруулаад бодит орлогоо багасгачихгүй байх зорилго агуулж байна. Хүмүүсээ ямар ч байсан ажилтай байлгах ёстой гэдэг зарчмыг барьж байгаа. Цомхотголыг 15 хувь гэж ярьж байсан. Гэхдээ бүтэц, бүрэлдэхүүн нь хэтэрхий данхайсан яам, тамгын газруудад энэ цомхотголыг хийж байгаа. Төрийн бусад албан хаагчдын дунд ямар нэгэн цомхотгол хийхгүй гэсэн үг. Цаашлаад бүтцийн өөрчлөлт хийх байгууллага цөөнгүй байна. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллагыг нэгтгэх замаар бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Харин цомхотгох үйл ажиллагаа энд явахгүй гэж ойлгож болно. Ер нь эдийн засаг хүндрэлтэй байгаа үед хүмүүсийг халж, цомхотгох тусмаа эдийн засагт их дарамт болдог. Тиймээс Засгийн газар, Сангийн яамны зүгээс иргэдээ ажил, орлоготой байлгах зарчмыг барьж байгаа.

 

-Таны хувьд эдийн засаг хүндэрсэн үед Сангийн сайдаар томилогдлоо. Ер нь таныг ажил авах үед нөхцөл байдал хэр байв. Сангийн яам энэ онд ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьд хүрчихсэн, төсвийн алдагдал арваад хувьтай байна гэдэг үнэхээр хүнд байгааг харуулж байгаа юм. Улсын өр Төсвийн тогтвортой байдлын хуулиасаа давчихсан үед төрийн болон төсвийн зүгээс эдийн засгаа тэтгэх боломжийг хаачихсан байна гэсэн үг. Магадгүй бид экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Засгийн газар зайлшгүй баталгаа гаргаж өгдөг. Гэтэл өрийн босго хуулиа давчихсан учраас ийм боломж засагт байхгүй болсон. Бидний эхний ээлжид хийх ажил бол эдийн засгийн уналтыг зогсоох юм.

 

-Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгой, Оюутолгйн бүтээн байгуулалтын ажил хаана хаанаа анхаарал татаж байна. Өнгөрсөн оны сүүлээр “Рио тинто” компанийн төлөөлөл манай улсад ирээд явсан нь “Оюутолгойд ямар нэгэн өөрчлөлт орох нь уу” гэдэг хүлээлтийг олны дунд бий болгосон. Та Сангийн сайдын хувьд “Рио тинто”-ийн төлөөлөлтэй уулзсан. Хоёр дахь шатны гэрээнд талууд ойлголцсон болов уу?

 

-Энэ асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй, яриа хэлэлцээрийн төвшинд байна. “Рио тинто”-ийн зүгээс саналаа тавьсан, харин манай талаас өмнөх гэрээгээ үргэлжлүүлж ажиллах чиглэлтэй байгаа. Ер нь намууд хамтарсны хүрээнд Оюутолгойн гэрээг өмнөхөөс нь муутгахгүй, сайжруулах гол зарчмыг баримтална гэж зөвшилцсөн. Энэ хүрээнд ажил урагшлах учиртай.

 

-Өрийн босго хуулиа зөрччихсөн яваа энэ үед “Чингис”, “Самурай” бонд болон гадны зах зээлээс босгосон зээлээ төлж эхлэх хугацаа тулчихлаа. Ер нь эдгээр өрийг ямар байдлаар төлөхөөр төлөвлөж байгаа вэ?

 

-Өнөөгийн нөхцөлд манай улсын гаднаас авсан зээлийн дийлэнх нь арилжааны буюу өндөр өртөгтэй зээл байгаа. Дотоод болон гадаад бонд бол дандаа арилжааны зээл. Харин урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр өрийнхөө бүтцийг өөрчлөх нь хамгийн том зорилт байх ёстой. Үүний тулд төсвийнхөө нөхцөл байдлыг сайжруулахаас гадна богино хугацаатай,өндөр өртөгтэй зээлүүдээ төлснөөр урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх бололцоог эхлээд хайх ёстой. Ер нь 2017 оноос улсын төсөвт маш том хэмжээний өрийн дарамт ирнэ. Энэ дарамтыг багасгахын тулд бид нэг талдаа эдийн засгаа сайжруулах, бололцоо гарвал төсвийнхөө орлогыг бүрдүүлж өрөө дарах нь хамгийн сайн хувилбар. Дараагийн хувилбар нь өрөө шилжүүлэх байдлаар хугацаагаа сунгаж болох юм. Эс бөгөөс богино хугацаатай өрөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрөө урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр солих нэг хувилбар бий. Энэ мэтчилэн өрөө хэрхэн дарах талаар янз бүрийн хувилбар боловсруулж байна.

 

-Өнгөрсөн оныг таны хувьд хэрхэн дүгнэх вэ. Намууд хамтарснаар томоохон төсөл хөтөлбөрүүд урагшилсан, шинэ бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болов уу гэсэн хүлээлт нийгэмд их байна л даа?

 

-Засгийн газрыг огцруулах байсан. Өнөөдрийн байдлаар төрийн сан хасах 710 тэрбум төгрөгтэй, төсөв нь алдагдалтай, өрийн босго нь хуулиа зөрччихсөн, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь өнгөрсөн оны хувьд ердөө 800-хан сая ам.доллартай тэнцэж байлаа. Гэтэл 800 сая ам.доллар гэдэг дэлхийн дундаж компанийн сарын л орлого шүү дээ. Ийм нөхцөлд хариуцаж байсан хүмүүстэй нь бид зайлшгүй хариуцлага тооцох асуудлыг ярьсан. Одоо намууд хамтарснаар энэ хүнд байдлыг засч, залруулахаар хичээж ажиллахгүй бол цаашдаа байдал хүндрэх тал руугаа орчихоод байна. Үйлдвэрлэлийн хэмжээ буурсан. Эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрэхтэй үгүйтэй. Уг нь 2012 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр үүнээс бараг гурав дахин уначихсан байна. Энэ удаан үргэлжилбэл эдийн засгийн өсөлт хасах руу орох төлөвтэй байна. Тиймээс үүнийг зогсоох нь нэн тэргүүний ажил болсон. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүргэх зорилттой байна. Ингэж байж байдал тогтворжино. Мэдээж цаашдаа жил бүр өсөлт гаргаж яваандаа эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд хүргэхийг зорьж, ажиллах төлөвлөгөөтэй байна.

 

М.Өнөржаргал

www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.