Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга аван иргэдийг оруулсан билээ. Тэгвэл 2015 онд ашиглалтанд орох “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхэнийг хамруулахаар болсон байна. Хамгийн хямд үнэтэй гэх уг байрыг хувийн хэвшлийнхэнд нээх болсон нь дараагийн орон сууцыг барих санхүүжилтийн эх үүсвэрийг босгох гарц бололтой.
2013-2014 онд “Буянт-Ухаа 1” хорооллыг бүтээн байгуулж 1764 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан билээ.ТОСК зорилтот бүлгийн иргэдийг хамарч бүртгүүлсэн, иргэдээс сугалаагаар шударгаар сонголт хийж шалгарсан иргэдтэй гэрээ байгуулан орон сууцны борлуулалтыг хийсэн. Иргэд байранд орохдоо нийт төлбөрийн 30 хувийг урьдчилж төлөөд, үлдсэн 70 хувьд нь банкууд урт хугацааны ипотекийн зээл олгосон юм.
Тэгвэл энэ удаагийн 2 дахь байр нь м.кв-ийн үнэ нь өмнхөөсөө өндөр байх гэнэ. “Буянт-Ухаа-1” орон сууцны 1 м2-ын үнэ 1.280 сая төгрөгөөр үнэлэгдсэн.
БАЙР АВАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ Журамд тусгаснаар төрийн албан хаагч нь хоёроос дээш жил ажилласан байх шаардлагатай. Харин ахмад настан гэдэгт 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай байхаар тусгажээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан байх юм байна. Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртлэх насны гэр бүл байх шаардлага тавьжээ. “Буянт Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тооны хязгаар /квот/ хуваарилах зарчмаар худалдан борлуулах аж. Нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг зорилтот бүлгийн иргэдэд олгохоор журамлан заасан байсан.
Энэхүү журмаас болоод хэрэгжих шатандаа нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад авсан бол хувийн хэвшлийнхэнд хамтарч байгаа нь нэг талаас олзуурхууштай.
“Буянт-Ухаа 2” хорооллын эхний 22 барилгыг, үлдсэн 26-г нь оны төгсгөлд ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр нийт 2592 айлын орон сууцыг ирэх онд багтаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
ТОСК-ийн Хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газрын дарга Ч.Чанлуулодой “ТОСК тухайн үеийн зах зээлийн хамгийн хямд үнээр л орон сууц нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ валютын ханшны огцом өөрчлөлт нь импортоор оруулж ирж байгаа барилгын материалын үнэд нөлөөлдөг. Энэ ханшийн зөрүүгээс болж үнэ хэлбэлзэх нь тодорхой ч бид огцом савлагаа гарна гэж үзэхгүй байгаа. Ямартай ч бүтээн байгуулалтаа хийгээд тэнд оруулсан санхүүжилтийнхээ тооцоог гаргаж байж өртгөө тогтооно. Бид ашгийн төлөө байж, үнийг зохиомлоор өсгөх бодлого барихгүй ч бодитой үнэ тогтоох шаардлагатай” гэв.
Эх сурвалж: www.dorgio.mn