УИХ-ын нэр бүхий 22 гишүүн нэгдэж төсвийн тодотголын хүрээнд Засгийн газар дээр яригдаж буй Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүдийг татан буулгах, холбогдох их сургуулиудын харьяанд шилжүүлэх, цаашдаа шинжлэх ухааны хүрээлэнгүй болох өөрчлөлт хийх гэж байгааг эсэргүүцэж Я.Содбаатар нарын нэр бүхий 22 УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн. Тэрээр дээрх ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудад нийлүүлэхийг эсэргүүцсэн жагсаалыг ШУА, Монголын Үйлдвэрчний Эвлэлтэй хамтран өнөөдөр зохион байгуулж, энэ салбарын эрдэмтэн, судлаачидтай санал солилцож, эрдэмтэн судлаачдын байр суурь, саналыг нийгэмд хүргэсэн байна. Уг жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар Ерөнхий сайдад хандсан шаардлагаа танилцуулж, өөрийн ажил, амьдралын гараагаа энэ академиас эхлүүлж, тодорхой цаг хугацааг зориулж өнгөрөөсөн болохоор энэ салбарт хөндөж болшгүй олон үнэ цэнэтэй зүйл байгааг онцлон, ШУА-ийн холбогдох хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудад нийлүүлэх асуудлыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн нь энэ салбарын албан хаагч, эрдэмтдийн дэмжлэгийг авч байсан юм.
Тэрээр Ерөнхий сайдад хүргүүлсэн уг шаардлагандаа Монгол Улсын Шинжлэх ухааны академи, түүний харьяа байгууллагуудад шинэчлэлт, өөрчлөлт менежмент хийх, зарим шинжлэх ухааны төвүүд дээр явагдаж буй нээлт, технологийг үйлдвэр, практикт нэвтрүүлэх чиглэлээр тодорхой алхам хийх шаардлага бий. Гэхдээ тооцоолол үндэслэл байхгүй, шинжлэх ухааны салбарын албан хаагчид, удирдлага, эрдэмтдийн саналыг сонсохгүйгээр нийтээр нь хомроглон ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг татан буулгаж их, дээд сургуулиудын харьяанд оруулах нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт том эрсдэлийг авч ирнэ хэмээн үзэж байгаагаа дурджээ.
Мөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж буй “Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргаж, түүний дараа судалгаа, тооцооны үндсэн дээр зөв шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: www.tsag.mn