-Оршихуйгаа хайрлах монголчуудын уламжлал дэлхийд гарах шат болно-
Дэлхий ээжийгээ хайрлах ёстой гэж бид ярьж, бичдэг ч үнэндээ алхам тутамдаа тэгж чаддаг сан бил үү. Тэгвэл яг үүнийг бодитоор хэрэгжүүлж яваа ногоон бизнес эрхлэгчид, энэ чиглэлийг эрхэмлэдэг байгууллагууд АНУ-ын Сан Франциско хотноо тав хоног чуулав. Энэ чуулганд байгуулагдаад долоон жил болж буй хэдий ч Монголын байгаль орчинд ээлтэй анхдагч брэндийг бүтээсэн “Eco life mongolia” компанийн захирал Г.Гантулга Монгол Улсаа төлөөлж оролцжээ.
Нүүдэлчин монголчууд язгуураасаа огт хог хаягдал гаргалгүй амьдарч ирсэн түүхтэй. Тэгвэл орчин үед тэрхүү зөв дадал, амьдралын хэв маягийг сэргээн сурталчилж, хэвшүүлэхийн төлөө ажиллаж байгаа “Eco life mongolia” компани оролцсон нь чуулганы нэг онцлог юм.
АНУ-ийн Калифорни мужийн Сан Диего хот бол эрүүл амьдралын хэв маягийг хамгийн их эрхэмлэдэг хот. “ТЭГ ХОГ ХАЯГДАЛ” олон улсын чуулга уулзалтад оролцогчид тэнд туршлага солилцсон байна. Бразил, Канад, Герман, Монгол, Индонез зэрэг улсын төлөөлөл оролцсон тус чуулганаар “Байгалийн тэнцвэргүй байдлыг хэрхэн шийдэх вэ”, “Хүмүүст хэрхэн дадал болгох вэ” , “Хэрэглээг нь хэрхэн өөрчлөх вэ” гэсэн сэдвүүдээр ярилцаж, шийдлүүдийг хэлэлцжээ.
“Eco life mongolia” бол “Байгалийн эрүүл мэнд хүнээс- Хүний эрүүд мэнд байгалиас” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа салбартаа төдийгүй Монголдоо анхдагчдын нэг. Дэлгүүр – Сургалт – Жижижг дунд үйлдвэрлэл- бүтээгдэхүүн хөгжүүлж экспортонд гаргах зэргээр дэвшил хийж, түүгээрээ хөгжлийн түүчээ болж яваа залуус тэнд ажилладаг.
Бид байгалийн өгөөж, баялгаараа баян тансаг дэлхийд амьдарч байгаа. Гэвч хүн ам өсөж, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тэр нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Бас техник, технологийн дэвшил гарч байгаа нь сайн ч түүнийг дагасан байгальд ээлгүй сөрөг үзэгдлүүд ч гардаг. Тэгвэл байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд ээлтэй бизнес моделийг бий болгох, хог хаягдалгүй хөтөлбөр, арга хэмжээг бий болгох, сурталчлах, зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх нь аль нэг улс орны биш, зөвхөн Монголын ч биш, ерөөс дэлхий нийтийн өмнөх тулгамдсан асуудал болжээ. Энэ аюулыг сэрэмжлүүлж, гарц, шийдэл хайсан хонх нь “ТЭГ ХОГ ХАЯГДАЛ” чуулган юм.
Энэ чуулганд Монгол Улсаас “Eco life mongolia”-ийнхан оролцсон нь бид язгуур соёл, уламжлал, өвгөдийнхөө үлдээсэн нүүдэлчдийн өв, зан заншлыг франчайз болгож, дэлхийд гарах үүд хаалга нээлттэй болохыг харууллаа. Монгол хүний генд байдаг, судсанд нь цохилж байдаг эх орон үзэл, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл, зүтгэлийг дадал болгох амархан. Нэг ёсондоо бид бүгдээрээ брэнд бүтээгч болох ирээдүй байна. Түүнийгээ дэлхийд экспортлох боломж байна. Тэнгэр хангайг ажиглаж, аж амьдралаа зохицуулж ирсэн монголчууд цаг уурын сөрөг өөрчлөлтийг бууруулахад илүү шийдэл олж чадна. Уур амьсгалын өөрчлөлтөөс эрүүл мэндээ хамгаалах, ногоон ажлын байр бий болгох боломж ч хангалттай бий. Энэ бүхэн дэлхий нийтийн зорьж тэмүүлж байгаа тогтвортой хөгжлийн зорилтод шууд утгаараа нийцэн нэгдэнэ. Тэгэхээр Eco Life Mongolia франчайз нь дэлхий рүү гарах цаг ирж байна. Түүний эхлэл дээрх олон улсын чуулганд эх орноо төлөөлж оролцсон явдал юм. Та бүхэнд амжилт хүсье.