“Хос Мөнгөн зам” ХХК нь буюу түүний толгой компани болох “М-Ойл” ХХК нь “Шинжиан Шинфа” ХХК-д төлөх ёстой “Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын барилгын төсөл”-ийн төлбөр 31 сая гаруй ам.долларыг төлөхгүй унжсаар 5 жил гаруй хугацаа өнгөрч байна.
“Шинжиан Шинфа” ХХК нь уг төслийн барилгын ажлыг гүйцэтгэсэн гэдгийг бүгд мэднэ. Ялангуяа Увс, Завхан аймгийнхан андахгүй. Гэтэл “Шинжиан Шинфа” ХХК-г огт байгаагүй мэтээр санхүүгийн баримт бүрдүүлэн “М-Ойл” ХХК-ийн захирал Р.Батбаяр нь улсаас 237 тэрбум төгрөг залилан авчээ.
Хэдийгээр “Шинжиан Шинфа” ХХК нь цагдаагийн байгууллагад хандаж, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээллэж байсан боловч “Хос Мөнгөн Зам” ХХК, түүний эзэн “М-Ойл” ХХК-ийн Р.Батбаяр арга саам хайн хойшлуулсаар, хууль хяналтын байгууллагыг уландаа гишгэсээр байна. Одоог хүртэл төлбөр барагдуулах талаар ямар ч алхам хийсэнгүй. Харин ч залилангийн шинжтэй үйлдлүүд үргэлжлүүлэн гаргасаар. Төр, засгийн холбогдох байгууллагад хуурамч гэрээ, баримт гаргаж өгөх замаар “Шинжиан Шинфа” ХХК-г үргэлжлүүлэн залилж, хууран мэхлэх, авлига өгөх замаар улсаас төслийн төлбөрийг зувчуулан авчээ.
Тухайлбал, Сангийн яамнаас төслийн төлбөрийг гаргуулахын тулд Улсын Аудитын байгууллагын аудитын хяналтыг аргалах зорилгоор “Хос Мөнгөн Зам” ХХК нь 135.7 км замын төслийг М-Ойл ХХК-ийн охин компани болох “Монпетекс” ХХК гэх хуурамч компаниар төслийг гүйцэтгүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнийх нь үнийн дүн 64 сая ам.доллар, үүнтэй дүйцүүлж хуурамч санхүүгийн баримт бүрдүүлж, Сангийн яамыг залилж, Аудитын байгууллагыг хөнгөхөн аргалчихжээ. Үүний үр дүнд 135.7 км замын төслийн төлбөр, өөрсдийн менежментийн төлбөр, мөн аваагүй зээлийн нөхөн олговорт нийт 237 тэрбум төгрөгийг улсаас бүрэн авсан байна.
Шинжиан Шинфа ХХК нь 2015 оноос 2019 оны хугацаанд энэхүү 135.7 км замын төслийн ажлийг дангаар гүйцэтгэхдээ олон хөрөнгө оруулагч гэгчдийн нүүр үзэж, эцэст нь “Хос Мөнгөн Зам” ХХК нь уг төсөлд хөрөнгө оруулагчаар тендерт шалгарсан. 2016 оноос 2019 оны хооронд буюу төсөл хэрэгжих хугацаанд “Хос Мөнгөн Зам” ХХК нь Шинжиан Шинфа ХХК-д төслийн хөрөнгө оруулалтад 63,818,225 ам.доллар төлөх ёстой байсан. Гэвч бодит байдал дээр 2.19 сая ам.доллар л төлсөн. Бусад бүх хөрөнгө оруулалтыг “Шинжиан Шинфа” ХХК нь өөрсдөө хөрөнгөөр босгож, зээл авч, туслан гүйцэтгэгч нартаа өглөг үүсгэх байдлаар төслийн бүх ажлыг дуусгаж, үүргээ бүрэн биелүүлсэн.
2019 оны 11 сард “Шинжиан Шинфа” ХХК нь замын төслийн ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш буюу 2020 онд 130 тэрбум, 2021 онд 45 тэрбум, 62 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас “Хос Мөнгөн Зам” ХХК-д өгсөн боловч үүнээс” Шинжиан Шинфа” ХХК-д бартер, шахаа зэрэг хэлбэрээр 31 тэрбум төгрөг, мөн 10 орчим сая ам.долларыг хаасан боловч 31 сая гаруй ам.долларыг өгөхгүй унжсаар байна. “Шинжиан Шинфа” ХХК нь одоогийн байдлаар Архангай аймгийн Өлзийт сум, Хайрхан сумд тавигдаж байгаа 120 км автозамын ажлыг гүйцэтгэж буй бөгөөд гүйцэтгэлийн ажил удааширч буйн цаад шалтгаануудын нэг нь энэ юм.
“Хос Мөнгөн Зам” ХХК нь хөрөнгө оруулагч болохын хувьд төслийг санхүүжүүлж, замын барилгын ажлыг явуулах ёстой байтал хууран мэхлэх замаар гүйцэтгэгчийг их зээл авхуулж, өөрсдөө болохоор зам барих нийт хугацаанд 2.19 сая ам.доллар буюу төсөлд оруулбал зохих нийт хөрөнгө оруулалтын 3.43% -ийг л оруулсан байна.
“Хос Мөнгөн Зам” ХХК нь Сангийн яамнаас төслийн төлбөрийг хэрхэн гаргуулж авсан бэ? Хуурамч гэрээ, санхүүгийн баримт бүрдүүлж аудитын байгууллагын хяналтыг яаж давж гарсан бэ? Төслийн гүйцэтгэлийн ажлыг хийсэн жинхэнэ гүйцэтгэгч “Шинжиан Шинфа” ХХК-г хэрхэн огт байгаагүй мэтээр төслийн гадна орхигдуулсан бэ? Холбогдох төрийн хяналт шалгалтын байгууллага хариуцлага алдаж, хууль бус үйлдэлд оролцон авлига авсан уу? гэх мэт олон асуулт байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон энэ мэт үйлдлийг таслан зогсоох талаар холбогдох хууль, хяналтын байгууллагууд шударга ёсыг баримталж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт найдахаас өөр алга.