Хууль зүй, Дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд долоо дахь удаагийн Үндэсний чуулганыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулж байна.
Тус чуулганд гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий салбарын 800 гаруй төлөөлөл оролцож байна. Үндэсний чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын хийж, гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний мэдээллийг сонсож, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээ харилцан ярилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм.
Чуулганыг нээж, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Д.Солонгоо үг хэлэв. Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 онд батлагдсанаас хойш энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ сайжирсан. Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог тодорхойлж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож хэвшүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь тодорхой нэг асуудлыг шийдвэрлээд өнгөрөх төдий бус нийгмийн үндэс болсон гэр бүл, хойч ирээдүй болсон үр хүүхдийн ашиг сонирхлыг баталгаатай хамгаалахад чиглэсэн нийгмийн цогц арга хэмжээ гэдгийг бид бүгд мэднэ. Өнгөрсөн хугацаанд сум хорооны Засаг дарга, өрхийн эмч, нийгмийн, халамжийн болон ХГБХ-ын, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, төрийн албан хаагч, Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан багуудын үйл ажиллагаа тогтворжиж, салбарын дундын хамтын ажиллагаа бүх шатанд бүрдэж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 770 хамтарсан баг үйл ажиллагаа явуулж байна. Бид урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр олон ажил хийж байгаа ч, харамсалтай нь тоо буурахгүй байна. Өнгөрсөн жилийн тоон баримтаас үзвэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь хохирсон иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бидэнд илүү өргөн цар хүрээнд ажиллах шаардлага тулгарсаар байна” гэдгийг онцолсон юм.
Үүний дараа чуулганд оролцогчид суудлаасаа босож, Төрийн дуулал эгшиглэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар “Хууль нийгмийн харилцааг зохистой төвшинд зохицуулах, өөрчлөлт авчрах хамгийн чухал хэрэгсэл. Гэхдээ хуулиас чухал нийгмийн үнэт зүйлд суурилсан нийгмийн харилцаа бий. Бидний уламжлал зан заншилд суурилсан хэм хэмжээ зарим тохиолдолд хуулиас чухал гэдгийг онцолмоор байна. Ямар нэг асуудлыг хэлэлцэхдээ хууль л ярьдаг. Гэтэл хуулиас чухал нийгмийн хэм хэмжээг бид заримдаа мартдаг шүү гэдгийг сануулж хэлэх гэсэн юм. Нэг нэгнээ хайрлах, хүндлэх, түүний төлөө амьдрах нь бидний суурь үнэт зүйл юм” гэдгийг чуулганд оролцогч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий салбарын 800 гаруй төлөөлөлд санууллаа.
Ч.Амарбаясгалан: Салбар бүрийн оролцоог хангах, үгээ хэлэх боломжийг олгох зорилгоор чуулганыг зохион байгуулж байна
/Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/
– Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, ард нь үлдэж буй хохирогчийг хамгаалах, түүнчлэн холбогдогч болон хохирогчийн эргэн нийгэмших, сэтгэл санааны байдлыг нөхөн сэргээх зэрэгт олон салбарын ажилтан, албан хаагчдын үүрэг оролцоо чухал байдаг. Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас өнгөрсөн жил батлуулан хэрэгжүүлж буй хууль зүйн туслалцааны хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод улсын өмгөөлөгч үнэ төлбөргүй үйлчилдэг. Хохирогчдын гэмтлийн зэргийг тогтооход шүүхийн шинжээчийн дүгнэлт чухал үүрэг гүйцэтгэдэг тул шинжээчдийг мөн энэ удаагийн чуулганд оролцуулж байгаа. Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эцэг эх байх эрх хязгаарлах, гэр бүл цуцлах, өв залгамжлал, хүүхдийн тэтгэмжийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаагаараа онцлогтой. Сум, хороо, дүүрэг бүрийн салбарын ажилтнуудаас гадна ТББ, анхан шатны нэгжид ажиллаж байгаа бүх албан хаагчдын саналыг сонсож, хууль журмыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, хуулиудын хоорондын уялдаа холбоо хэр байгаа талаарх дуу хоолойг нь сонсох зорилготойгоороо энэ удаагийн чуулган онцлогтой.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албанаас долоо дахь удаагаа энэ чуулганыг зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс салбар бүрийн оролцоог хангах, үгээ хэлэх боломжийг олгох зохион байгуулалтын ажлыг хариуцан хэрэгжүүлж байна.
Д.Чинзориг: Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол буурч байна
/ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвийн дарга, хурандаа/
– Манайх шүүхээс оноосон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг зан үйлийн 10-50 цагийн албадан сургалтад ШШГБ-ын нийгэм, сэтгэлзүйн мэргэжлийн алба төрийн болон ТББ-тай хамтран хамруулдаг. Энэ оны байдлаар 5053 гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 10-50 цагийн албадан сургалтад хамруулсан байна. Давтан ирэгсдийн тухайд 2022 онтой харьцуулахад 39.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч, эрүүлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хандах ихсэх хандлагатай байгаа. Мөн хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол буурч байна.
Г.Мөнхбаяр: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч бүрийн мэдээллийг нэгдсэн санд бүртгэж байна
/ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Захиргаа, дүн шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч/
– Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийн нэгдсэн санг Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочтой адил гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрийг регистерийн дугаараар нь нэгдсэн санд бүртгэн, баяжуулалт хийж байгаа юм. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн ял завшилтыг таслан зогсоох боломжтой болсон. Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцлийг тодруулах чиглэлээр дүн шинжилгээ хийж үзэхэд, нийгмийн ажилгүйдэл, ядуурал, архидалт голлож байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 80 хувь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдсэн байдаг. Мөн жендэрийн хэвшмэл ойлголт, гэр бүлийн гишүүдийн харилцан тэнцвэргүй байдал зэргээс үүдэн хүчирхийлэл үйлдсэн шалтгаан нөхцөл тогтоогддог.
Энэ оны байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1138 тохиолдол, зөрчлийн 9438 тохиолдол бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас шалгалт явуулсан байна.