Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн уралдаант наадмын 2 дугаар шатны шалгаруулалт өчигдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн Ажилтны холбоод хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус наадмын эхний шатанд Нийслэлийн 8 дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагчид оролцсоноос 2 дугаар шатны шалгаруулалтад 20 сургуулийн 1200 орчим сурагчид оролцож шилдэг хамтлагууд шалгарлаа.
Энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий шүүгчээр МУСГЗ, Хөгжим судлаач, хормейстер Ч.Буянхишиг, МУУГЗ, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, УДБЭТ-ын Ерөнхий хормейстер, МУСТА Н.Дашбямба, СУИС-ийн хүндэт профессор, хормейстер, МУСТА Д.Оюунхишиг, МНДУБХ-ны ерөнхийлөгч, хормейстер, МУСТА О.Эрдэнэцог, МУК-ын хормейстер, МНДУБХ-ны дэд ерөнхийлөгч, МУСТА Л.Баярмаа, НСУГ-ийн Соёлын хэлтсийн дарга, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу нар ажиллалаа.
Ийнхүү 29 дэх удаагийн наадмын тэргүүн байранд Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг, дэд байранд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг, гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын 3 дугаар сургуулийн “Рапсодия” хамтлаг, тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлагууд тус тус шалгарлаа.
Түүнчлэн шилдэг удирдаач багшаар Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын 3 дугаар сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич, шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн захирал Ж.Маргад, шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн соёлын ордны зохион байгуулагч О.Солонго нар шалгарч, Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлаг, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” хамтлаг, Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагууд тус тус тодорлоо.
Шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт Нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Соёлын төв өргөөний тоглолтын их танхимд зохион байгуулагдана.