Олимпийн аварга, Хөдөлмөрийн аварга Н.Түвшинбаяр найзынхаа аминд хүрсэн нь олныг цочирдуулж өдгөө ял эдэлж буй билээ. Тухайн үед эл хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах Их хуралдай төвд байрладаг С.Гал-Эрдэнийн офисст болсон байдаг. Эл хэргээр Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ олны хараанд өртсөн.
Тэгвэл тэрбээр өнгөрөгч долоодугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу шалгагджээ. Тухайн үедээ буюу оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Ж-д хахууль өгч хэргээ хаалгах гэж хандсан аж.
Ингээд цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь данс руу хоёр удаагийн мөнгөн гүйлгээ хийсэн байна. Тиймээс О.Ж-г АТГ-аас шалгаж, энэ сарын эхээр цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгаж дуусан, прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Харин хахууль өгсөн С.Гал-Эрдэнэд хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Түүнийг ирэх сонгуульд Булган нутгаасаа хүч үзнэ гэсэн шуум ч дэгдэв.
С.Гал-Эрдэнийн холбогдсон хэрэг үүгээр ч дуусахгүй. Түүний нэр өмнө нь залилан, С.Батдөлийн хэрэгт ч дурдагдаад авсан удаатай.