Comment.mn

ХӨГЖЛИЙН БАНКАНД 181 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ “БЭРЭН ГРУПП” ХХК-ИЙН АРД УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН БАЙДАГ УУ

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсөв хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд Сангийн сайд Б.Жавхланг хатгаж, хэрэлдэж эхэлсэн. Микрофон ашиглах минутаа зөвхөн Б.Жавхлантай хэрэлдэхэд л зарцуулдаг болсон. Улмаар өнгөрсөн баасан гарагт “Сангийн сайд Б.Жавхлан огцруулах шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн. Хэрвээ Б.Жавхланг огцруулахгүй бол Засгийн газрыг бүхэлд нь огцруулах акц өрнүүлнэ даналзсан.

Ц.Даваасүрэн Б.Жавхланг Сангийн сайд болоод 20 сар болоход “Огцор” гэж нэг ч орилоогүй. Атлаа одоо гэнэт “Огцор” гэж орилох болсон нь ойлгомжгүй байгаа. Өөрөөр бол, Ардын нам доторх ан цав ингэтлээ томров уу, эсвэл тэд хагаралтай, хэрүүлтэй харагдах зохиолтой жүжиг тоглож, цаагуураа өөр “ажил” амжуулаад байна уу гэдэг эргэлзээ байгаа юм.  Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын хэрүүлийн цаана Хөгжлийн банк байгаа гэж хардах өнцөг, бас баримт байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Б.Жавхлан Хөгжлийн банкны найдваргүй зээлүүдийг Засгийн газар баталгаа гаргаж төлөх тогтоол оруулж ирсэн байна. Ингэж болохгүй. Хөгжлийн банкны зээлдэгчид дотор Сангийн сайд Б.Жавхлангийн хамааралтай байж болзошгүй компаниуд хэд хэд байна” гэж ярьснаар анх хэрүүлээ эхлүүлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрөө Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу 181 тэрбум төгрөгийн өртэй “Бэрэн групп” ХХК-тай холбоотой байж болзошгүй баримт байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхланг “хоргоож” байгаа гэж хардаж болохоор байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭНГИЙН ТӨРСӨН ДҮҮ БОЛОН ТУСЛАХ НЬ “БЭРЭН ГРУПП” ХХК-ТАЙ 2013 ОНООС ХОЙШ “ЭС ПИ ЭС ИНТЕРНЭШНЛ” ХХК-ИЙГ ХАМТРАН ЭЗЭМШИЖ ИРЖЭЭ 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёр дүүтэй. Төрсөн дүү Ц.Пүрэв-очир нь 2013 оноос хойш “Бэрэн групп” ХХК-тай хамтран “Эс Пи Эс интернэшнл” ХХК-ийг эзэмшиж иржээ. Харин тус компанийн гүйцэтгэх захирлаар нь Баярмагнайн Ганзориг гэх залуу ажилладаг. Судлаад үзвэл, Баярмагнайн Ганзориг нь Ц.Даваасүрэнгийн хувийн туслахаар давхар ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төрсөн дүү, туслах хоёроороо дамжуулж “Бэрэн групп” ХХК-тай 10 жил холбоотой явж ирсэн гэж харагдаж байна. 

ТАЙЛБАР: “Эс пи Эс интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн туслах Б.ГанзоригХамгийн ноцтой нь, “Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкнаас 2014 онд арматурын үйлдвэр барина гэж 27.1 сая ам.доллар, 2017 онд Хангай хотхоныг барих гэж 11.6 сая ам.долларын зээл тус тус авсан. Одоогоор “Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу зээлийн өр төлбөр, үлдэгдэл нь 181 тэрбум төгрөг болоод байгаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төрсөн дүү Ц.Пүрэв-Очир 2013 оноос “Бэрэн групп” ХХК-тай хамтарч эхэлсэн гэхээр аль аль зээлд нь Ц.Даваасүрэн нөлөөлсөн байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. Мөн өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг Хянан шалгах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн багтсан. Ц.Даваасүрэн тус ажлын хэсэгт багтсан нь цаанаа “Бэрэн групп” ХХК-ийг “но”-г цэгцлэх зорилготой байсан гэж харагдаж байгаа юм.         УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төрсөн дүү Ц.Пүрэв-Очир, туслах Б.Ганзориг нарынх нь “Бэрэн групп” ХХК-тай хамтран эзэмшдэг “Эс Пи Эс Интернэшнл” компанийн тухайд модон эдлэл, мебель тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, зураг төсөл гаргаж өгөх зэргээр гэрээлж ирсэн байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тухайд эрчим хүчний салбар дахь нөлөө ихтэй, гол шахааг нь хийдэг гэгдэж ирсэн. “10 хувийн” гэх хоч нь ч энэ салбартай холбоотой гэгддэг.       Ингээд харвал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу 181 тэрбум төгрөгийн өртэй “Бэрэн групп” ХХК-ийг төрд “төлөөлдөг” нууц ноён нь байж болзошгүй харагдаж байгаа юм. Энэ өнцгөөс харвал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон Сангийн сайд Б.Жавхлан хэрэлдэж эхэлсний цаад шалтгаан илүү тодорхой харагдана. Өөрөөр бол, Хөгжлийн банкны зүгээс, тэр тусмаа Сангийн сайд Б.Жавхлан “Бэрэн групп” ХХК-ийн зээлийг төлүүлэхээр шахамдуулсан, эсвэл нэмж зээл авахад нь саад учруулсан, үгүй бол Засгийн газраас баталгаа гаргах зээлдэгчдийн жагсаалтад багтаагаагүй зэргээр гацаа болсон учраас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн түүний эсрэг акцалж эхэлсэн гэж харагдаж байгаа юм. 

ergelt.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.