Comment.mn

Хятадын толгой эргэм хөгжил ба Шанхай хот

ЗАМ ГҮҮРИЙН ХОТ ШАНХАЙ

Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсөн 1990-ээд онд Хятадад Шанхай хотыг шинээр бүтээн байгуулах их ажлын суурь тавигджээ. Загасчин тариачны суурин байсан Пүдун дүүрэгт тэнгэр баганадсан сүрлэг барилгууд босож, өдгөө Азийн Нью-Йорк гэгдэх болсон өндөр, шинэ Шанхай хот ийнхүү 30 жилийн дотор нүд гялбуулан өндийсөн аж. Хуучин Шанхайн төв болж байсан Пуши дүүрэгт ганц ор эзэмшчихвэл Пүдунд гэртэй байснаас илүү хэмээн хөөрцөглөж байсан Шанхайчуудын хувьд өнөөдөр шинэ Пудүнд нэг ортой болох нь Пүшид харштай байхаас ч илүү болж байр нь солигдсон байх юм. Хөгжил гэдэг ийм ажээ.

Пуши гэдэг нь Хуанпү мөрний баруун бие, Пүдун нь зүүн бие. Ерөөс шинэ хуучин Шанхай хотыг зааглагч нь их хотын дундуур урсах Хуанпу мөрөн. Хөх мөрний далайтай нийлж байгаа дээд урсац болох энэ өргөн гол Шанхай хотын төвөөр урсах. Голын дээгүүр арав гаран нүсэр гүүр, доогуур нь мөн тооны нүхэн замууд байх агаад энэхүү их мөрнийг гатлага онгоцоор туулж байсан Шанхайнхан өнөөдөр Хуанпу мөрнөө өдөрт хэдэнтээ дээгүүр доогуур нь давхиж өнгөрөхдөө мөрөн голыг гаталж байгаа мэдэмсрээ ч бүүр гээчихэж. Их усны доогуур тавьсан замаар ФМ хөгжим сонсон машиндаа тухалж зорчихдоо Хятадын бүтээн байгуулалтын хурдыг тархиныхаа бор хальсны гадаргууд наах гэж хичээн зүдэх амьтан надаас өөр алга. Шанхай хотод хөл тавингуутаа л анзаарсан анхны зүйл бол тус хотын зам гүүр. Шанхайг гүүрэн замын хот гэж нэрлэж болмоор. Энэ олон гүүрэн байгууламж, усны дээгүүр доогуур тавьсан зам, хотыг сүлжих өргөн дардан харгуйнууд бол тус газар дахь хөгжлийн анхны төрөгдөл байлаа.

ХУУЧИН ШИНЭ СОЁЛЫН НИЙЛБЭР ШАНХАЙ

Шанхай хот гадаадын колони байх үед Унгарын архитекторч Хюдок Ласла гэгч эрхэм 1918-1947 оны хооронд өрнийн хийцтэй 50 гаруй том барилгын зураг төслийг гардаж 200 гаруй уран барилга бариулжээ. Одоо Ласлагийн байшингууд бүгд музей шахуу соёлын үнэт өв болон гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлахын зэрэгцээ Шанхай хотын түүхийг эрт эдүгээд хүүрнэх онцгой дурсгал болсонтой хаа сайгүй тааралдах. Тухайн үед мэдээж хөрөнгө чинээтэй язгууртнууд гэр хаусуудаа Ласла тэргүүт өрнийн архитекторчдоор захиалан бариулж байжээ. Тэдгээр баяд ноёд, дарга даамлуудын амьдарч байсан гэр орон нь өнөөдөр Лаоянфан хэмээх хуучны хотхон болон хадгалагдаж үлджээ.

Бээжинд Юаний үеийн хутунгууд хуучин соёлын үзмэр байдаг бол Шанхайд лаоянфангууд яг тэр үүргийг гүйцэтгэнэ. Жуулчид ёстой хөл тавих зайгүй бужигнаж байх аж.

Өдгөө лаоянфангууд орчин үеийн урлагийн хотхон болжээ. Гадна талыг нь мэргэжлийн урчуудаар сэргээн засварлуулж яг хуучны өнгө төрхөөр нь сайжруулан додомдсон тэрхүү өрнийн сүрлэг байшингуудын дотор засал нь хамгийн орчин үеийн контенперари шийдэлтэй агаад гэрэл зургийн болон уран зургийн урлангууд, уран бүтээлчдийн ажлын байрууд, тохилог этгээд ресторан, хоолны газар, баар, кафе, Хятадын уламжлалт хувцас эдлэлийн дэлгүүрүүд гэхчилэн өнөө цагийн брэндлэг бүхэн тэнд суурьшиж жуулчдын халаасыг нимгэлж суух авай. Харин энгийн иргэдийн амьдарч байсан Тэнзифан гэх мөн тухайн үеийн сэргээн засварласан хороолол маягийн байшинд үзвэрийн газрууд, жуулчдын амрах тухлах аятай таатай үйлчилгээний бүх зүйлийг төвлөрүүлжээ. Шанхайд ирсэн гадаадынхан 30-хан жилд өндийж боссон тэнгэр баганадсан сүрт барилгын “арал” болох Пүдун дүүргийн Люжиазүйг үзэж Шанхайн хөгжилтэй танилцсаны дараа Лаоянфан Тэнзифан гэх мэтийн хуучны соёлын газруудыг үзэхээр хөгсөн тэмүүлнэ. Хуучин соёл төдийгүй шинэ хөгжлийн сүлэлдээн болсон энэ газарт тэд чухам жаргалаа эдлэн, үзэх бүхнээ үзэж халаасаа харамгүй гөвцгөөх ажээ. Шанхайн энэ хэсэг яг л хятадын хуучны кино, шинэ үеийн драма хоёрын дүрс ээлжлэн солигдож байдаг асар том дэлгэц гэлтэй.

ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР ШАНХАЙ

Хятадын хөрөнгийн зах зээлийн гол төвлөрөл нь мөн л Шанхай. Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржийн 4100 гаруй том компаний нийт хувьцааны өртөг нь 46 их наяд болж дэлхийд хоёрдугаарт жагсаад байгаа. Хятадад сүүлийн үед хувьцааны зах зээл маш эрчимтэй тэлж байгаа нь зөвхөн өнгөрөгч онд л гэхэд 180 сая хүн энэ талбарт тоглогчоор бүртгэгдсэнээс илэрхий харагдах биз ээ. Үүнээс зөвхөн Шанхайн биржид л гэхэд 3600 компани бүртгэлтэй байна. Хонконгийг оролцуулахгүйгээр Хятадын эх газрын хөрөнгийн зах зээлийн хувьцааны индекс сүүлийн үед байнга өсөж ирсэн юм. Мөн Шанхай хот бол хамгийн том боомт хот. Хятадаас дэлхийд гарч буй бараа бүтээгдэхүүний ихэнхийг эндээс зөөвөрлөдөг. Үүнийгээ дагаад брэндингийн хөгжүүлэлтээрээ л цойлж байгаа. Хуучин цагт Хятад улс хамгийн хямдхан эд барааг хамгийн ихээр нь нийлүүлдэг бөөний худалдааны зартай том сүлжээ байсан бол өдгөө харин дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалж эхлээд байна. Тэдний эдийн засаг сүүлийн жилүүдэд огцом үсрэнгүй хөгжиж байгаагаас хямд юмыг олон ширхгээр үйлдвэрлэх улангаслаа орхиж одоо энд дэлхийг хамгийн үнэтэй чанартай брэндээр хангах зах зээлийн их өрсөлдөөн нэгэнт эхэлжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй том брэндийн дэлгүүрүүд ярайж байдаг байсан Шанхайн худалдааны томоохон төвүүдийн павильоныг одоо дэлхийд алдаршиж буй хятад брэндүүд эзэлчихсэн байх юм. Бээжингээс галт тэргээр 20-оод цаг нүдүүлж сэгсчүүлж хүрдэг байсан Шанхайд 4 цаг гаран дотолгоод очдог болжээ. Хурдны төмөр зам хийгээд түүгээр зорчих өндөр хурдны галт тэргүүд нь онгоцноос дутахгүй тав тухтай аж.

Дашрамд дурдахад Хятадын өндөр хурдны төмөр замын нийт урт одоо 40-өөд мянган км-т хүрчихээд байгаа. Дөнгөж 2008 онд Бээжин Тяньжинийг холбосон өндөр хурдны анхны зам ашиглалтад орж байлаа шүү дээ. Гэтэл одоо өндөр хурдны төмөр замынхаа уртаар дэлхийд нэгдүгээрт бичигдчихэж.

Аан тийм, Шанхайд ирээд мэдсэн хамгийн гайхшрууштай нэг зүйл нь тэндэхийн метро. Чийглэг нанги хөрстэй энэ газарт метро барих нь ямарч боломжгүй гэгдэж, олон орны энэ салбарын мэргэжилтнүүд үүнийг нь зуунтаа, мянгантаа баталж байсан ч хятадууд цөхрөлгүй зүтгэж, инженер техникийн ажилчид нь уйгагүй судалгаа хийсээр метро барих нээлтийн чанартай шинэ технологи олж бүтээн байгуулалтаа хийснээр дэлхийн хамгийн урт метротой хот болжээ. Энэ мэтчилэн үзсэн харсан, сонссон дуулснаа бичвэл дуусахааргүй их сонинтойгоор Шанхайд аяллаа. Хятадын хөгжлийн дүлийрэм олон мэдээллүүдээсээ хальт хульхан хуваалцахад ийм байна.

Сэтгүүлч Б.Занданхүү

Эх сурвалж: mn.cctv.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.