Британи-Шведийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин хүний биед цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Европын зарим орнууд тус вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоожээ.
Тухайлбал Дани, Норвеги, Исланд улсууд шалгалтын үр дүн гарах хүртэл AstraZeneca вакциныг хэрэглэхийг түр зогсоосон байна.
Мөн Итали, Австри, Эстони, Латви, Люксембург, Литва улсууд хэсэгчилсэн хориг тавьж, хамгийн сүүлд Европын Холбооноос гишүүн 17 орондоо түгээсэн нэг сая тун AstraZeneca вакцины багцыг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахгүй байх шийдвэр гаргажээ.
AstraZeneca компани вакцины туршилтын үеэр өвчтөнд цусны бүлэгнэл үүсгэсэн тохиолдол гараагүйг баталсан байна.
Их Британийн засгийн газар өөрийн үйлдвэрийн вакцинд ийм сөрөг нөлөө байхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахаа мэдэгджээ.
Харин Дани улсын эрүүл мэндийн сайд Магнус Хюнике “Одоогоор вакцинтай холбоотой үүссэн эрсдэл гэж дүгнэх боломжгүй байна. Ямартай ч бид түрүүлж арга хэмжээ авч, нарийвчлан шалгах хэрэгтэй” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Тус улсын иргэн 60 настай эмэгтэй вакцин хийлгэснийхээ дараа цусны бүлэгнэлийн улмаас нас барсан юм.
Дани улсаас ийм мэдээ тарсны дараа Норвеги, Исланд улсууд мөн AstraZeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэхээ түр зогсоожээ.
Сицили аралд 12 хоногийн өмнө вакцин тариулсан 43, 50 настай хоёр цагдаагийн албан хаагч мөн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан байна. Италийн эрх баригчид сүүлд нийлүүлэгдсэн нэг багц AstraZeneca вакциныг дархлаажуулалтад ашиглахыг хориглож, цагдаа нарын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Даваа гарагт 49 настай сувилагч мөн AstraZeneca вакцин тариулсны дараа цусны бүлэгнэлээр нас барсан тул Австри улсын засгийн газар ижил арга хэмжээ авсан байна.
Өчигдөр Европын Анагаах Ухааны Агентлаг (EMA) нийт Европ даяар коронавирусийн эсрэг вакцин тариулсан 5 сая орчим хүний дотор цусны бүлэгнэл үүссэн 30 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлжээ.
Тиймээс AstraZeneca вакцины эрсдлийг харьцангуй бага гэж үзээд шалгалтын дүн гарах хүртэл дархлаажуулалтдаа үргэлжлүүлэн ашиглах зөвлөмжийг гишүүн орнууддаа өгсөн байна.
Эх сурвалж: The Guardian