Comment.mn

Х.Баттулгыг огцруулах хуулийн үндэслэл бүрджээ, одоо МАН л шийднэ…

1-р сарын 20-нд Сүхбаатарын талбайд олон тооны иргэд Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал хийж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон.

1 сарын 21-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүх: “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.

Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм. 

Дахиж 7 сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. 

 Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье” хэмээж байлаа.

 Үүнээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хуулийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглааныг улс төржүүлж, үймээн самуунд уриалсан эсэхийг шалгасан ч тогтоож чадаагүй юм.

Гэвч өнгөрсөн Ням гарагт буюу 3 сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн Хуулийг илтэд санаатайгаар зөрчсөн байж болзошгүй үйлдэл хийлээ. 

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар  улс төрийн намын гишүүнчлэлээс түтгэлзсэн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч атлаа АН-ын дотоод асуудалд оролцож, уриалга гаргасан билээ.

Уг уриалгад: “Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэлҮндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна…Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.

Эрхэм журмын нөхөд өө,

Ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсны “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, хоёрдугаарт, намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх ёстой” хэмээн хэлсэнчлэн сэтгэж, намын даргын сонгуулийг өргөн утгаар нь харж оролцохыг Та бүхэнд уриалж байна.

Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.

Учир иймд намын даргын сонгуулийг аль болох өргөн сонголттой байлгаж, цөөн хүний мэдэл, сонирхлоос гадуур намын нийт гишүүдийн чөлөөт сонголтод тулгуурласан байдлаар явуулах нь дотоод ардчиллыг бэхжүүлэх талаасаа ч, сонгогдсон даргын дэмжлэг, итгэл үнэмшил талаасаа ч оновчтой болох юм.

Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна.” гэсэн байв. 

Хэрэв Монгол Улсад хууль үйлчилдэг л юм бол илт Үндсэн Хууль зөрчсөн энэ үйлдлийнхээ төлөө Х.Баттулгад хариуцлага тооцох нь зүйд нийцнэ.

 Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 -т  “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Еренхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасан билээ.Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн Хуулийг илт зөрчсөн үйлдэл хийсэн нь тодорхой тул түүнийг огцруулах хуулийн үндэслэл бүрджээ.Одоо гагцхүү МАН-ын удирдлагууд санал нэгдэн, эр зоригтой улс төрийн шийдвэр гаргаж чадах эсэх л Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын түүхэн дэхь анхны огцорсон Ерөнхийлөгч болох эсэхийг шийдэх нь тодорхой болоод байна.

Хэрэв Х.Баттулгыг УИХ-ын хаврын чуулганаар огцруулбал тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.

Э.Мягмар

сонин.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.