УИХ-ын 2016, 2020 оны сонгуулийн үр дүнд АН парламентад 9-11 суудал авч, ялагдал хүлээсэн. 2016 оны ялагдлын дараа тус намын даргаар С.Эрдэнэ сонгогдож, Ардчилсан намын үйл хэрэг түүний Шонхор таур байрнаас сүүлийн 3 жил үргэлжилсэн гэж болно.
Харин 2020 оны сонгуулийн ялагдлын дараа С.Эрдэнэ АН-ын даргын ажлаа өгч, тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан томилогдсон. Улмаар АН шонхор таур /Ардчиллын өргөө/ -аас нүүж, хуучнаар С.Зоригийн хөшөөтэй байрандаа буцаж ирсэн.
Харин тус намын үйл ажиллагаа УИХ-ын сонгуулийн ялагдлын дараахан ШИНЭ намын удирдлага, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Л.Болдын эзэмшлийн “Богд банк”-ны байранд үйл ажиллагаа нь явагдаж байна гэх мэдээлэл байсан.
Харин үүнд нь АН-ын зарим гишүүд итгэж чадахгүй байсан юм. Учир нь 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал хураалтад АН-ын бүлгийн 9 гишүүдээс Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын гурван гишүүн У.Хүрэлсүхийг огцруулахгүй гэж санал өгсөн юм. Үүний дараа Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ нам гэгчийг байгуулж, АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, тус нам УИХ-д бүлгэгүй болж хувирсан.
Тэгвэл АН-ын үйл хэрэг Л.Болдын гэрийн хатавчнаас явагдаж байснаа албан ёсоор ил зарлах шиг боллоо. Учир нь Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Л.Болдын эзэмшлийн Богд банкны байрны хаяг “Ардчилсан нам” болжээ.