Comment.mn

АН сонгуульд ялах эсэх нь С.Эрдэнэд чухал биш байсан уу

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ орох оронгүй, оочих аягагүй байсан АН-ынхныг орон байртай болгосон хэмээн гишүүд нь үнэлдэг байсан.

Харамсалтай нь магтсан хүүхэн хуримдаа гэгчийн үлгэрээр олон жил тэжээсэн намаараа бизнес хийж, лидер ч үгүй, нэр хүнд ч үгүй, байр ч үгүй  болгон гудамжинд хөсөр хаясан.

 УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горьлогчиддоо 100 саяын дэнчин тавьж, нэр дэвшигчдээсээ хэдэн зуун саяар мөнгө татаж, намынхаа сан хөмрөгийг хэдэн тэрбумаар нь арвижуулж эхлэхэд намын нөхөд нь “одоо л нэг алаад өгөх нь”, “манай нам мөнгөөр зодож энэ сонгуульд ялах нь” хэмээн том итгэл хүлээлгэн хүссэн мөнгийг нь өгч байлаа. Харамсалтай нь С.Эрдэнийн сонгуулийн энэ стратеги намаа ч, нэр дэвшигчдээ ч “алж” АН-ыг нэгмөсөн булшилсан. Тэрчбайтугай аудитын шалгалтаар нэр дэвшигчид, хандивлагчдынх нь хуруу хумсаа хуйхлан, өр шир тавин байж тушаасан мөнгөнөөс 8 тэрбум төгрөг хэрхсэн нь тодорхойгүй, баримтгүйгээр дутаад байгаа  нь С.Эрдэнийг АН-аар бизнес хийснийг хүлээн зөвшөөрөхөд хүргээд байна. Учир нь УИХ-ын сонгуульд ажилласан ухуулагчдынхаа ажлын хөлс, урамшуулал болон телевиз, хэвлэл мэдээллүүдийн сурталчилгааны мөнгийг төлөлгүй намаа хэдэн тэрбум төгрөгийн өр ширтэй үлдээсэн С.Эрдэнэ НИТХ-ын сонгуулийн чимээнээр БГД-т хэдэн зуун саяар нь мөнгө цацаж эхэлжээ.

С.Эрдэнэ бүхэл бүтэн намын дарга атлаа УИХ-ын сонгуулиар ганц ч тойрогт уулзалт хийж нэр дэвшигчдээ дэмжээгүй. Гэтэл одоо БГД-ийн намын байрандаа хонож өнжин ажиллаж, энэ дүүргийн харьяат бүх хүнийг шахуу өдөр шөнөгүй Их Тамир амралтын газар руугаа зөөн, биечлэн уулзаж, бэлэг сэлт тараан, шагнал урамшууллаар булж байгаа аж. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлсэн бүх хүндээ ямар ч үнээр хамаагүй БГД-т ялах ёстой гэсэн үүрэг чиглэл өгч, сонгуулийн штабаа өөрөө удирдахаа мэдэгдээд байгаа гэнэ.

УИХ-ын сонгуульд мөнгө нэхэж, дарамтлахаас өөрийг хийгээгүй түүнийг гэнэт ийнхүү идэвхжсэнд гишүүд нь гайхаж байна. Нам нь эрх баригч болох эсэх нь хамаагүй мэт огт улс төр хийгээгүй тэрбээр  УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээсээ мөнгө, мөнгө бас дахин мөнгө л нэхдэг байжээ. Харин одоо Орон нутгийн сонгуульд БГД-т нэр дэвшигчдээсээ мөнгө нэхэх биш харин тэднийхээ өмнөөс мөнгө тарааж, цацаж эхэлжээ. Энэ нь С.Эрдэнэд БГД-т ноён хэвээр үлдэх нь нам нь УИХ-ын сонгуульд ялагдахаас чухал байсныг батлах мэт. Тэр орон нутгийн сонгуулиар БГД-т ямар ч үнээр хамаагүй ялах мөнгөө л АН-аас босгосон бололтой

 С.Эрдэнэ АН-ын нэрээр УИХ-ын сонгуулиар босгосон мөнгөөрөө одоо БГД-ийг “худалдаж авахаар” сүүлчийн сумаа тавьж байна. Баянгол дүүрэг С.Эрдэнэд үлдэх үү? Эрдэнэ вангийн 8 жилийн ноёрхол Баянголыг хөгжүүлсэн үү, худалдсан уу?

 С.Эрдэнэ АН-ыг мөнгө болгон ашиглаж чадсан. Харин одоо Баянголыг  тэр мөнгөөрөө худалдаж авч чадах эсэхийг шийдэх сонгууль БГД-т өрнөх нь.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.