Comment.mn

АТГ-ын барьсан “тул”-нуудыг шүүхээр шийтгэж эхэллээ

УИХ-аар 2006 оны долдугаар сарын 6-нд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн. Уг хуулийн дагуу АТГ-ыг байгуулсан. Ингээд АТГ 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм.

Энэ байгууллага үйл ажиллагаа явуулж эхлээд 13 жил болж байна гэсэн үг.

Харин өнгөрсөн хугацаанд АТГ-ыг “жараахай” барьдаг. “Тул”-ыг чаддаггүй гэсэн шүүмжлэл дагасаар ирсэн юм. Үнэхээр ч өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд нэр нөлөө бүхий этгээдүүдийг үйлдсэн хэргийнх нь төлөө шүүхээр шийтгэсэн тохиолдол тун цөөхөн байсан юм.

Тэгвэл өнгөрсөн хавраас энэ байдал өөрчлөгдсөн гэхэд болно. АТГ-ын мөрдөн шалгаж, прокурор хянаж гүйцээсэн томоохон хэргүүд шүүх дээр ирж, шүүх ч хавраас эхлээд зунжин олны анхаарал татсан томоохон хэргүүдтэй “зууралдсан” юм.

Анхан шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Салхитын мөнгөний ордтой холбогдож авлига авсан шүүгч нар гээд урьд өмнө хэрэг нь гацаад явдаггүй байсан эрхмүүдийг шүүж ял оноосон. Хэрэг нь прокурор, мөрдөн байцаалтын шатанд яваа хэд хэдэн хэрэг бас бий.

Ингэж олны нэхээд байдаг “тул”-нуудыг АТГ барьж, прокурор ял төлөвлөж, шүүхээс үйлдсэн гэмт хэрэгт нь ял оноож эхэллээ.

Гэвч Монголын хууль, шүүхийн байгууллага авлигын “тул”-нуудыг шийтгээд эхлэхээр “Улс төрийн хэлмэгдүүлэлт”, “Улс төрийн хэрэг” гэх нэр томъёо, өнгөлөн далдалж, гэм буруугаа хаацайлж, нийгмийг сэнхрүүлэх оролдлого “тул” бүрийн зүгээс гарав. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнээ улстөржүүлж буй нь хэн бүхэнд ил байгаа юм.

Ээлж дараалан урьдчилан хорих төв, хорих ангиас ил захидал бичиж “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэх шал анги утгатай үгийг малгай болгон хийсгэцгээв.

Үгүй шүү дээ. Ерөөс Монголын шүүх С.Баярыг, Ж.Эрдэнэбатыг “Чи Ерөнхий сайдаар ажиллалаа” гэж шийтгээгүй. С.Баярцогтыг Сангийн сайдаар ажилласанд буруутгаагүй. Өнгөрсөн парламентын хэдэн гишүүнийг хэн нэгэн улс төрийн өш хонзонгоор яллаагүй.

Харин С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа охидынхоо нэр дээр олон хаусыг Америкт авсан. Түүний найз Ч.Давааням охидтой нь хил дамнасан хэдэн сая ам.долларын гүйлгээ хийсэн. Энэ мөнгө хаанаас ямар эх үүсвэрээс гарсныг С.Баяр тайлбарлаж чадаагүй учир шийтгүүлсэн.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа төрсөн дүүдээ, “Азаргын гол чонот” ХХК-д стратегийн ач холбогдол бүхий, УИХ-ын тогтоолоор хорьсон нийт найман лицензийг хууль зөрчиж олгосон.

С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээ байгуулагдахыг мэдэж байхдаа уг төслийг хэрэгжүүлэх компанийн хувьцааг худалдаж аваад гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ өсөхөд худалдаж их хэмжээний ашиг олсон.

Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас хууль зөрчиж зээл авсан.

Нэр бүхий шүүгч нар тангаргаасаа няцаж авлига авч, шийдвэр гаргасан.

Эндээс улс төр үнэртэж байна уу. Үгүй. Зүгээр л эрүүгийн гэмт хэрэг харагдаж байгаа юм.

Нэгэнт төрд зүтгэх гэж байгаа бол хулгай хийж, ашиг хайх хэрэггүй гэдгийг эдгээр “тул”-ын жишээнээс харах учиртай.

Тэд өчигдөр Монголын төрд, өндөр албан тушаалд заларч байсан. Түүнийгээ ашиглаж улсад хохирол учруулж, өөртөө ашиг орлог олсон гэмт хэргийг үйлдсэн.

Өнөөдрийн төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа нөхдүүд ч хүслээ дарж, шуналаа барьж байх ёстой юм.

П.Мандах

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.