Comment.mn

ЭХ СУРВАЛЖ: Суудлын бүсээ тайлж амжаагүйн улмаас ээж, охин хоёр галд амиа алдсан

Өчигдөр /2020.07.15/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Цагаан даваа” –нд 93-80 УБЛ улсын дугаартай, “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин уруудах замдаа онхолдож замын хажуу руу унаж шатсан хэрэг гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очиход “Норд Бенз” загварын, автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан Аллион, Альфард, Форестер, Соната-7 автомашинууд болон нэг мотоцикл галд өртөн шатжээ.

-ХОЁР ХҮН НАС БАРЖ, 16 ХҮН ТҮЛЭГДЭЖ ГЭМТЖЭЭ-

Тус гал түймэрт ээж охин хоёр өртөж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн 16 иргэн түлэгдэж гэмтсэнээс Ихтамир сумын эмнэлэгт 4 иргэн, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 иргэн хүргэгдсэнээс нэг иргэн хүлээн авахад, 7 иргэн мэс заслын тасагт, 4 иргэн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа ажээ.

“Шунхлай” ШТС-ийн гэрээт “Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн жолооч  шатахуун тээвэрлэх автомашинаар 35 мянга 970 литр АИ-92 шатахууныг Улаанбаатараас хотоос Завхан аймгийн чиглэлд тээвэрлэж явсан байна. 

Тухайн үед хэргийн газарт очиж, гэмтсэн хүмүүст тусалсан залуугаас болсон явдлын талаар тодрууллаа.

-СУУДЛЫН БҮСЭЭ ТАЙЛЖ АМЖААГҮЙН УЛМААС СУУДАЛ ДЭЭРЭЭ ШАТСАН БАЙСАН-

– Осол гарах үед та хаана байсан бэ. Болсон үйл явдлын талаар манай уншигчдад ярьж өгөөч?

-Бид Архангай аймагт аялаад хот руу буцаж явсан. Даваанаас нэлээд наана дэлбэрэлт болохыг харчхаад очиж туслахаар шийдсэн юм. Биднийг очиход газраар шатахуун асгараад шатаж хүмүүсийн гутал хайлж , замын хажуугийн жалганд түлэгдсэн хүмүүс хэвтэж байсан.

Эх сурвалжийн ирүүлсэн зураг
Эх сурвалжийн ирүүлсэн зураг

Гэмтсэн хүмүүст ус уулгаж туслах гээд ус аваад орох гэхэд цагдаа оруулахгүй гэхэд нь зөрүүдэлж ороод тэдгээр хүмүүст тусалсан. Хэвтэж байгаа газраас нь холдуулж зөөхөд түлэгдсэн арьс нь гарт наалдаж, цус нь гоожоод үнэхээр хүндхэн байдалтай байсан. Хамгийн аймшигтай, харамсалтай зүйл нь дэлбэрсэн автомашины ард явсан машинд ээж нь өвөр дээрээ охиноо суулгасан байдалтай амиа алдсан байсан. Суудлын бүсээ тайлж амжаагүйн улмаас шатсан байхыг харсан. Одоо ч нүдэнд харагдаад хэцүү байна.

-Онцгой байдлын аврагчид , түргэн тусламжийнхан хэр хурдан ирсэн бэ?

-Дэлбэрэлт болж өнгөрөөд, бүх автомашин шатаж дууссаны дараа ирсэн. Түргэний машин ирээд ганц шатахуун тээвэрлэж явсан машины жолоочийг аваад явсан. Бусад хүмүүсийг нь замын машинуудыг гуйж байгаад эмнэлэгт хүргүүлсэн. Хүмүүсээс тусламж гуйхад хүүхэдтэй явж байна гэх шалтгаанаар тэдгээр хүмүүст туслахаас татгалзаж байсан. Зарим хүмүүсийг унаанд  дайж явуулчхаад ой руу орж хүн байгаа эсэхийг үзэхэд тэнд байсан горхи тэр чигтээ шатахуунаар урсаж байсан. Модон дунд самнаж хайгаад хүн байхгүй эргээд гарахад тусламж ирчихсэн байсан. Шатах үйл явц хурдтай, дээр нь сүлжээ байгаагүйн учир дуудлага өгөх гэж удсан байх. Шатахуун тээвэрлэж явсан машин зам тэгнээд унасан байсан учраас цаад талд нь гарах болмомжгүй байсан учраас Ихтамир сумын талаас бид чадахаараа таван хүнийг зөөсөн. Цэцэрлэг сумаас түргэн тусламж ирсэн.

Хүмүүст тусалчхаад буцаж явахад оруулахгүй гэж байсан цагдаа олон хүний амь аварлаа “баярлалаа” гэж гар бариад ёсолсон.

ЗАРИМ ЖОЛООЧ ЗАМ ЧӨЛӨӨЛӨӨГҮЙН УЛМААС ХҮМҮҮС АМИА НАСААРАА ХОХИРСОН УУ-

-Шатахуун тээвэрлэж байсан автомашин яагаад онхолдсон талаар мэдэж байна уу?

-Тоормос нь ажиллагаагүй болсон учраас онхолдсон юм шиг байна лээ. Уг нь дэлбэрэлт болохоос өмнө ард, урдаас нь явж байсан машинуудыг буцахыг зөвлөсөн боловч зарим жолооч зам чөлөөлөөгүйн улмаас тэр ээж, охин хоёр амиа алдчихлаа.

-Тэр хоёртой хамт явсан хүн байсан уу?

-Ээж охин хоёрын сууж явсан машины ард талын автомашин ухрахгүй, урд талын машин нь мөргөөд хөдөлгөөн хийх боломжгүй болгосон юм билээ. Нөхрийг нь олоход гар нь шатчихсан, “охиноо алдчихлаа гээд уйлаад, шатсан гарыг тайрдаг юм болов уу, өвдөөд үхлээ” гэх мэт үг хэлээд шоконд орчихсон, ухаан нь орж гараад хэцүүхэн байдалтай байсан” гэсэн юм. 

Тодруулбал, тус ослын улмаас түлэгдэж, гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд хөөрч өнөөдөр 07:15 цагт Архангай аймагт газарджээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.