Comment.mn

У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй бүлэглэлүүд МАН-д бий боллоо

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирсан. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өөрөө танхимаа бүрдүүлсэн юм. Ерөнхий сайд хэнтэй ч ярилгүйгээр сайд нараа томилсон.

Гэнэт зарласан сайд нарын нэр яг л баяр наадмын бөхийн таавар шиг юм болсон. Ерөнхий сайдын танхимын гишүүдээ зарлахад сайд болохоор эртнээс бэлдсэн, нэр дэвшилгүй үлдсэн, зөвшөө тохироонд орсон олон горилогч байсангүй. Харин голдуу тухайн яамандаа ажиллаж байсан хүмүүс дэвшиж сайдаар томилогдлоо.

Гэвч Ерөнхий сайдын “толгой”-гоороо шийдэж бүрдүүлсэн танхим МАН-ынханд таалагдсангүй. МАН дахь хамгийн хүчтэй Сү.Батболдын фракц ч хүссэн яамдаа авч чадсангүй. Гаднаас сайд горилогчид болох Батлан хамгаалах яамыг жил гаруйн өмнөөс “усалсан” Ж.Энхбаяр,  мөн Ө.Энхтүвшин, Д.Зоригт, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Н.Хүрэлбаатар, Б.Цэнгэл, Н.Цэрэнбат, П.Ганхүү, Г.Ганбаяр нарт сайдын суудал олдсонгүй. УИХ-аас сайд болно гэж  байсан Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар болсонгүй.

Сайдад гарцаагүй яригдаж байсан хүмүүсээс Я.Содбаатар л Шадар сайд, УИХ-аас Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нарын гишүүн сайд болов.

Харин сайдад горилогч бусад нь бөөн бухимдал болжээ. Яамаа харж хандаад явж байсан зарим горилогч агсам тавиад, хаалга саваад гарсан тухай ч ярьж байна.

Уг нь хэдхэн сарын өмнө МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг 64-үүлээ кнопдож баталсан. Гэсэн ч энэ сонгуульд ялалт байгуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийг эдэлж эхлэнгүүтээ зүхэж гарсан байгаа юм. УИХ-д сонгогдсон 62 гишүүний нэгээс дээш сонгогдсон болгон нь сайд болчих гээд хэсэг явлаа. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн гишүүн л сайд болох боломжтой байдаг. Эндээс л дээр хэлснээр баталсан хуулиа шүүмжилж эхэлсэн хэрэг.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнийг ажиглагчид, судлаачид хоёр янзаар харж байна.

Эхнийх нь энэ бүрэл­дэ­хүүнээр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ажиллана. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дээр яригдаж байсан “хуучны” голдуу хүмүүсээ сайдаар томилж танхимын бүрэлдэхүүнээ өөрчилнө. Сайдыг томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын захирамжаар шийдэгддэг болсон тул УИХ яах вэ, ийх вэ гэж толгой өвдөхгүй, тохиролцоонд хүрэх гэж зовлон болохгүй.

Хоёр дахь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН дахь бүлэглэлүүд болоод Ерөнхийлөгчийн санаа онооны хавчлагад орсон. Тиймээс Засгийн газартаа мерит зарчмаар өгсөж ирсэн мэргэжлийн хүмүүсийг авсан. Улс орны хувьд ашигтай, хэрэгтэй хувилбараар шийдвэр гаргасан гэж байна.Харин нөгөө талдаа Ерөнхий сайдын энэ шийдвэр МАН-д дахин шинэ гомдогсдын арми бий болгож, нөгөөдүүл нь ойлголцдог хэсгээрээ нийлж нэгдэж намын даргаа эсэргүүцэж тэмцэх талаар уулзаж ярьцгааж эхэлжээ.

Засгийн газар бүрдсэн өдрөөс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй МАН-ын гишүүд энд тэнд хэсэг бусгаараа уулзаж эхэлсэн байна.

Тухайлбал, баяр наад­мын үеэр Д.Сумьяабазар, Ж.Мөнх­бат, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар “таарч” яриа хөөрөө болж, хэл амаа тааруулсан байгаа юм. Энэ жилийн Орон нутгийн сонгууль, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайдыг “хөдөлгөж”, Засгийн газрыг нь унагах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрчээ. Ийм мэдээлэл МАН-д яригдаж байна.

Мөн шинэ Засгийн газар бүрдсэний дараа тус намын томоохон фракцийг тэргүүлдэг Сү.Батболд ихээхэн ууртай үлджээ. Тэрээр бас л дээрх гишүүдийн адил У.Хүрэлсүхэд гомдолтой хоцорсон бололтой.

Сү.Батболд Ерөнхийлөгчид хандаж дэмжлэг авахаар бэлдэж байгаа ажээ. Түүний үзэж байгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч сонсолгүйгээр сайд нараа сонгож томилсон. Тэгэхээр Ерөнхийлөгч түүнд тусалж “галын дэмжлэг” үзүүлнэ гэж найдаж байгаа юм байна.

Сү.Батболд ингэхдээ намдаа байгаа М.Энхболдын талын гэгддэг гишүүдийг нэгтгэж, дээрээс нь фракцгүй гишүүд болох Х.Болорчулуун, Ц.Анандбазар нарыг нэгтгэж байгаад намын даргадаа өөрийгөө мэдрүүлэх эхний алхмаа хийхээр бэлтгэж буй гэх мэдээлэл бас л МАН, улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Ер нь бол МАН-ын гишүүд иймэрхүү мэдээлэл, санаа оноогоо нуухгүй байна. Гомдож байгааг нь Ерөнхий сайд мэдэх хэрэгтэй гэж үзэж байгаа бололтой юм.

Ерөнхийдөө бялуу хуваагаагүй гэж намынхандаа шүүмж­лүүлж байгаа Ерөнхий сайд улс орны өмнө тулгарсан эдийн засгийн хямралын хажуугаар намдаа өрнөх эрх мэдлийн төлөөх хямрал, дажинг зохицуулах, засгаа хамгаалах гэж нэлээд ажил болох бололтой дог.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.