Comment.mn

Тавантолгойн хувьд миний зүгээс дур мэдэн дангаар шийдсэн нэг ч үйлдэл байхгүй

М.Энхсайхан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

461 дүгээр ангид хоригдож буй Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг тоймлон хүргэе.

Монгол Улсын иргэн Мэндсайханы Энхсайхан миний бие 2020 оны 6 дугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авлаа. Тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 19.6 зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Прокурорын үйлдлийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж, энэхүү буцаасан үйлдэлд, бас автомашин авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.

Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, буруу хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гомдол хэлбэрээр гаргаж байна.

“Мега төсөл” их хэмжээний хөрөнгө оруулалтыг эхэлж гаргаад түүнийгээ олон жилийн дараа нөхөж авдаг. Тавантолгой төслийн хувьд хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгө оруулалтаа гэрээний төслөөр тогтоосон 30 жилийн эхний 12 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцсон байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч олон жилийн том эрсдэлтэй хөрөнгө оруулалтад хэн нэгний албан тушаалд найдахгүй бөгөөд “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Бусдад давуу байдал бий болгох”-ыг огт эрэлхийлдэггүй.

Мега төсөл нь хэзээ ч нэг хүний бүтээл байдаггүй. Тавантолгой төслийн гэрээний төслийг бэлтгэсэн дэд ажлын хэсэг нь хөрөнгө оруулагч нартай 30 гаруй уулзалт хийж, 300 гаруй асуудлаар хэлэлцэж тогтоосон юм. Төсөл бэлтгэхэд миний бие ажлын хэсгийн ахлагчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан шиг “Дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэсэн” нэгээхэн ч тохиолдол байхгүй, угаас боломж байхгүй. 

Мега төсөл улстөржилт, хардлага сэрдлэг дагуулдаг, төслийг зөв буруу, ашигтай ашиггүй гэдэг маргаан, уур амьсгалаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан’’, “Бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэж болохгүй. Эрхзүйн талаасаа ч гэмт хэрэг үйлдэх зорилго, сэдэлт шалтгаан, нөхцөл “ ЭХХШтХ 37.1 дүгээр зүйлийн 2” байхгүй юм.

Мега төсөл монголчуудын хувьд шинэлэг, Олон улсын эрхзүйд нэгэнт хэвшсэн ойлголтыг хэрхэн улстөр болгон буруу ярьдгийг хоёр жишээгээр ойлгож болно. Тавантолгойн хувьд гадаадын ажиллах хүч түүний дотор Хятадаас ажиллах хүч оруулж, “тэдэнд” нэн тааламжтай нөхцөл өгөх гэж байсан гэж улс төржүүлдэг. Англи хэл дээрх “The most favored” гэдэг үг нь “нэн тааламжтай” гэж орчуулагдах боловч энэ нь Монгол ажилчдад Монгол Улсын хууль тогтоомжоор ямар эрх хэмжээ тогтоосон байна, тийм эрх хэмжээг эдлүүлнэ гэсэн үг. Тухайлбал, ажлын таван өдөр хөдөлмөрлөх бол тэдэнд мөн адил эрх эдлүүлнэ, түүнээс илүү эрх эдлүүлэхгүй гэсэн эрх зүйн томьёолол юм.

Англи хэл дээрх ”Waive sovereign immune” гэсэн ойлголт бий. Нэр томьёо нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийг дагаж мөрдөнө гэсэн хуулийн ойлголт юм. Мегатөсөл дээр Арбитрын шүүхийг 3-дагч этгээдээр хөндлөнгөөс авах нь элбэг. Арбитрийн шүүхэд Монгол Улс нь оролцогч байна гэсэн хуулийн ойлголт юм. Үүнийг тусгаар тогтнол, эрх мэдлээсээ татгалзлаа гэж хоосон улстөржүүлсэн байдаг.

Тавантолгой төсөл дээр том хөрөнгө оруулагч татаж, мега төсөл болгох талаар Монголын төр засаг 2008 оноос оролдож, 2011 онд Олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Уг тендерийн эрх зүйн үндэсийг бүрдүүлэх гэж Улсын Их Хурал, Засгийн газар 2008, 2010, 2011 онд хэд хэдэн тогтоол шийдвэр гаргасан байдаг.

…Сүүлийн шийдвэр болох 2014 оны Улсын Их Хурлын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоолд миний гэм буруу байхгүй, тогтоол шийдвэрийг биелүүлэхийн төлөө ажилласан.

Прокурор болон анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой Мега төслийн талаар ойлголтгүй, анхан шатны шүүхийн тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенц, пактыг зөрчсөн учир гомдол гаргаж байна. 

Нэг: Анхан шатны шүүх буруу хууль, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байдаг.

Миний хувьд автомашин худалдан авах үйлдлийг 2013 онд, Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд, эдгээрийг гэмт хэрэг гэж үзэх ахул тэр үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн Хуулийг хэрэглэх ёстой байлаа. Прокурор дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх үүнийг нь таслан зогсоож, засахын оронд 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэснийг зөвтгөх тайлбар хийжээ. Тэдгээр нь худал, үндэслэлгүй, мөн хууль зөрчсөн, дур зоргын явдал болсон байна. Тухайлбал, анхан шатны шүүх “шүүхээс зөв тайлбарлан хэрэглэхдээ”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн”, гэх мэт тайлбар нь хэргийн бодит байдалд үл нийцэх, хууль бус үйлдэл юм.( Анхан шатны шүүхийн тогтоол, 41-42 хуудас)…

..2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн байгаа. Анхан шатны шүүх яаж ч тайлбарласан бай, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хоёрдмол утгагүй заасан байна…

…Тавантолгойн гэрээг гэмт хэрэг гээд прокурор Эрүүгийн хуулийн 22.1.1-ээр ял төлөвлөсөн. Гэтэл Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн “их хэмжээний хохирол” учруулсан гэдэг 22.1.2 заалтаар ял оногдуулсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэснийг харуулж байна.

Хоёр: Нэг үйлдэлд хоёр ял төлөвлөсөн тухайд:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчим гэсний 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж байна. Энэ заалт мөрдөгч, прокурор надад хэрэг үүсгэж Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэсэн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн 22.1.1 “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдал бий болгосон” гэсэн 2 зүйлээр ялласан.

Анхан шатны шүүх прокурорын энэ алдааг засах ёстой атал Тавантолгойн гэрээний төслийг өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж буруутган ял оноосон хэрнээ, мөн хэргийг Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон Сүйтгэх” гэдгээр дахин мөрдөн шалгуулахаар прокурорт буцааж, энэ асуудлаар яллагдагч хэвээр үлдээсэн нь шүүхийн шударга ёсны зарчмыг алдагдуулсан байна.

Гурав: Анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тухайд:

Хэргийн бодит байдлыг тодруулахын тулд улстөржсөн мэтгэлцээнээс дараахь 3 ойлголтыг анхаарч үзмээр байна.

1. “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж юу вэ?

2. “Бусдад давуу байдал бий болгох” гэж юу вэ?

3. “Их хэмжээний хохирол”-ыг яаж тооцох, нотлох вэ?

Анхан шатны шүүхийн хуралдаан дээр албан тушаалаа яаж урвуулан ашигласан, хэрхэн бусдад давуу байдал бий болгосон тухай нэг ч баримт, нотолгоо, энэ байдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн эсэх тапаар яригдаагүй. Зөвхөн төсөл зөв буруу, ашигтай ашиггүй гэх хувь хүн бүрийн мэдлэг боловсролын түвшнээс хамаарсан мэтгэлцээнээс Анхан шатны шүүх “Шүүгдэгч Энхсайхан” “дур мэдэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпораци”-ийн түншлэлтэй гэрээний төсөл боловсруулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ” гэсэн (АШШТ, 39х) дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй.

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл бэлдэхийн тулд Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар нь миний бие, Уул Уурхайн сайд, Сангийн сайд, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Дэд ажлын хэсэгт бүх яам, газруудаас 15 хүн оролцсон. Миний зүгээс дур мэдэн “дангаар шийдсэн” нэг ч үйлдэл байхгүй, энэ талаар хэн ч яриагүй…

Анхан шатны шүүх “Бусдад давуу байдал бий болгосон” гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй улстөржсөн дүгнэлт хийсэн байна. Дээрхээс товчхондоо Анхан шатны шүүх нь төсөл тойрсон улс төр, эдийн засгийн маргаанаас хууль зүйн үр дагавартай гэмт хэргийн гэж болох “Албан тушаалаа урвуулан ашиглах”, “Бусдад давуу байдал бий болгох” гэдгийг ялгаж салгаж чадсангүй.

М.Энхсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо өөрийг нь буруутгаж яллах шалтгааны нэг болсон автомашины тухай ч дэлгэрэнгүй тайлбар хийжээ. Дашрамд дурдахад М.Энхсайханы тухайн үед шийдвэр гаргаж худалдаж авсан автомашиныг Тавантолгой цахилгаан станцын төслиин нэгж өнөөг хүртэл ашиглаж байгаа юм. М.Энхсайхан найман зүйл бүхий гомдол гаргажээ. Тэрээр гомдлынхоо төгсгөлд “Анхан Шатны шүүхийн хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч (Б.Халиун) яллагдагчийг гэм буруугүй гэж үзсэнийг тэмдэглэж байна. Намайг хууль бусаар баривчлан саатуулсныг олон улсын хүний эрхийн “Эмнэсти Интернэшнл” байгууллага монгол, англи хэл дээр мэдэгдэл гаргасныг тэмдэглэж байна.

Миний бие дээрх эсэргүүцлээрээ Анхан шатны шүүхийн шийдвэр нь буруу хууль хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг эн тэнцүү авч үзээгүй, үгүйсгэсэн үндэслэл заагаагүй, буруутай гэж үзсэн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх эрх зүйн бус, улс төрийн баримтыг яллахдаа үндэслэл болгосон, хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенци, Пактыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүхийн хуралдаа өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Гомдол, эсэргүүцлээ 461-р хорих ангийн захиргаагаар дамжуулан хүргүүлж байна” гэжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.