Tулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр Наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна.
Жил бүрийн улсын баяр наадмын хурдан морины уралдааны үеэр Эрлийз, Монгол адууны маргаан дэгддэг. Тиймээс энэ жил уг маргаанд цэг тавихын тулд Сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах дүрмийг мэргэжлийн байгууллагуудын зүгээс гаргажээ. Энэ талаар СГЗ, Морьтны соёл судлаач, Л.Цагаандалайгаас тодрууллаа.
Тэрбээр, Хурдан морины уралдааны яаж зохион байгуулах вэ гэдэг сорил тулгараад байгаа. Сүүлийн үед уяачид адуугаа гадаадын сайн үүлдрийн адуугаар сайжруулах болсон. Үүнийг нь Монголын морин спорт уяачдын холбоо, уяачид маань ялгаж уралдуулъя гэсэн санал гаргасан. Ингээд ялгаад уралдуулчихлаа. Гэтэл эрлийз, монгол адуу гэдгээ яаж ялгах уу гээд маргаан дэгдээж эхэлсэн юм. Ингээд Морин спорт уяачдын холбоо, Хөдөө аж ахуйн яам, уяачид хамтарч стандарт бий болголоо. Маш олон санал ирүүлснээс сэрвээний өндрөөр ялгаж уралдахаас өөр гарц энэ цагт алга гэдэгт олонхи нэгдсэн. Монголын хурдан холын зайн уламжлалт морин уралдааны хурлаар 74 хувийн саналаар энэхүү саналыг дэмжсэн. Ингээд олонхийн саналыг авсан болохоор дүрэм болчихож байгаа юм л даа. Дүрэм гэдэг бол хууль, стандарт. Ер нь аливаа спорт бол дүрэмтэй. Тулгамдаж байгаа асуудлаа давахын тулд дүрмээ шинэчлээд явж байгаа л үзэгдэл. Түүнээс Монголын уяачид маргаад байгаа юм биш.