Хэнтий аймагт 12-уулаа аялж явсан хүмүүсийн гурав нь голын усанд живж, энджээ. Тус аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн 32 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй М, 20 настай эрэгтэй М нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг хүлээн авчээ.
Мөн өчигдөр Туул голд 3 настай хүүхэд эндсэн ба онцгойгийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг хийж байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн өчигдөр /06.29/ 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олжээ.
Аврагчид завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.