Comment.mn

Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна

Мах мөрөөдөл болж, яс моод болох цагаар…

Монголд мах мөрөөдлийн, тансаг хэрэглээ болсон, ядруухан иргэн оройн хоолондоо яс цуглуулаад захаас гарч явахтай таарлаа гэвэл гайхаад байх зүйл биш болжээ. Магадгүй, хоосон яс гэж юу байдгийг ч мэдэхгүй төрийн түшээд “Энэ ч арай худлаа байх аа” гэх биз. Гэхдээ махтай хоол идэхийг мөрөөддөг бүхэл бүтэн давхарга бий болчихсон нь үнэн. Оройн хоолондоо хоосон яс чанаад шөлөөр нь өл залгуулан амьдарч байгаа иргэн хэдэн мянга болсон нь бас л үнэн байна. 

Монголын ядуурлын түвшин 28 хувьд хүрсэн тэр өдрөөс хойш нийт хүн амын гуравны нэг нь буюу 970 мянган иргэн махнаас яс руу шилжсэн гэхэд хислдэхгүй. “70 сая толгой малтай байж” гэж улиглах гэсэнгүй. Харин 70 сая мал байлаа ч махыг нь худалдаж авах мөнгөгүй иргэд арга буюу ясны шөлөөр өл залгуулж байна гэдгийг сурвалжиллаа. 

Эхлээд “тасарсан амьдрал”-тай төрийн түшээддээ ойлгохгүй байж юуны магад гэх үүднээс энэхүү сурвалжилгын явцад хэд хэд бичигдэх зарим нэр томъёоны тайлбарыг сонордуулъя. 

Жижиглэн- Хонь, үхрийн гэдэс дотор буюу зүрх, элэг, гүзээ, уушги, бөөрнөөс бага багахан хэсгийг нийлүүлэн 500-800 граммаар уутлан зарж байгааг хэлнэ. Үнэ нь хямд учраас мах авч идэж чадахгүй иргэдэд энэ нь мах төгс орлуулагч болдог. Гэхдээ үүнийг хонины шинэхэн чанасан гэдэстэй адилтгаж болохгүй. 
Яс- Махны захуудад хонь, үхрийн ясыг бүртийх махгүй болгож шулаад хаясан байгааг хэлнэ. Уг хаягдал ясыг мах болон жижиглэн авах мөнгөгүй иргэд цуглуулж авдаг бөгөөд нэг ширхэг ч махгүй хоолыг махны амттай болгодог амт оруулагч юм. 

ЯС ТҮҮХДЭЭ ХАМГИЙН САЙН ШӨЛ ГАРАХЫГ НЬ СОНГОХ ЧУХАЛ

Дэнжийн мянгад “Хүчит шонхор”, “Нарантуул-2” гэх хоёр том махны бөөний зах бий. Нийслэлчүүдийн хэрэглэж буй махны 60 гаруй хувь нь энэ хоёр захаас нийлүүлэгддэг. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд хэдэн мянган тонн яс энэ захаас гарч байдаг. 

“Хүчит шонхор” захын нэгдүгээр давхарт бүх төрлийн мах зарах бөгөөд зоорийн давхарт нь шулааны хэсэг байх аж. Тэнд орвол 30 гаруй  хүн төмөр ширээн дээр мах эвдэж, төмөр өлгүүрт гулууз дүүжлэн шулж зогсоно. Шулагч, ачигч, эсвэл махны ченж биш бол “хориотой бүс”. Хулдаасан хормогч өмсөж, том хутга барьсан шулаач нарын хөлөөр шулсан яс хөглөрөх нь тун ч эвгүй дүр зураг. Энэ шулааны цэгээс мах нь лангуун дээр, шулсан яс нь цөөн тооны үйлдвэрт, хогны цэгт хуваагдан очдог ажээ. Махны өөх тосонд каток шиг гулгаатай болсон шалан дээгүүр хөглөрөх яснуудыг таван хүн төмөр тэргээр машин руу зөөж ачна. Барилгачид аятай л машины тэвшинд яснуудыг өрж харагдана. Чанга чанга инээлдэж, нус шүлсээ хаяж, шулсан яснуудаа шидлэх тэдний дундуур 25 килограммын гурилын шуудай барьсан эмээ бөгтөгнөнө. Кино эсвэл клипнээс эмээ нарыг аргал түүж бөхөлзөн яваагаар нь л харж байсан хүнд бол шулааны газарт яс түүн бөхөлзөж яваагаар харах нь хэсэгтээ л сэтгэл хөндүүрлүүлнэ. 

Орчин тойрныг хэсэгхэн ажиглаж зогсох зуурт “Гадны хүн гар, гар” гэж хэн нэг нь орилов. Өөр нэг нь “Хурдан гарахгүй бол хэдэн өдөртөө хоолны дуршилгүй болно шүү” гэж чанга инээх аж. Яс ачсан машинууд гардаг арын хаалганы гадна өнөөх эмээг хэсэг хүлээж зогслоо. Гарч ирэхээр нь хөвөнтэй хүрэм өмсөж, дундуур нь гутлын үдээсээр бүсэлсэн түүнээс сайхан зусаж байна уу гэж асууж болохгүй, яс түүн бөхөлзөж явааг нь бодсон ч сайн байна уу гэж асуух цаанаа л эвгүй. Ингэж бодож зогстол нэг их удсангүй гарч ирэн, бөгтийж хөшсөн нуруугаа тэнийлгэн сая нэг хүмүүсийн нүүр өөд харан зогслоо. 25-ын шуудайныхаа талаас дээгүүр нь яс түүжээ. Шуудайтай ясыг нь өргөлцөн, Дэнжийн мянгын гудамжаар өгсөж явахдаа хэсэгхэн ярилцав. 

Түүнийг Х гэе. Х одоо 70 нас шүргэж яваа. Тэрбээр 1970-аад оны эхээр хотод орж ирж, залуу насаа оёдлын цехед ажиллан өнгөрүүлж, хоёр хүү төрүүлж өсгөсөн буурай. Одоо ганц ачтайгаа амьдардаг бөгөөд яс түүж хоногийн хоолоо аргацааж байгаа аж. Тэрбээр энэ тухай “Ямар үйлийн үр гэдгийг нь мэдэхгүй ч насны эцэст амьдрах гээд л ядаж яваа хүн. Том хүү маань хэдэн жилийн өмнө хүнд хорлуулаад бурхан болсон. Бага нь жаахан юм хүртдэг юм. Жаахан ч гэж дээ. Эхнэрээсээ салснаас хойш хүүгээ надад үлдээгээд орон гэртээ тогтохоо болиод удаж байгаа. Миний тэтгэврийн хэдэн төгрөг буухаар ирдэг юм. Би сард тэтгэвэр гэж 200 гаруй мянган төгрөг авна. Талыг нь аваад явдаг юм, хөөрхий. Зөнөг хар юм болчихоод ухаарахгүй, одоо яая гэхэв” гэхээс өөр юм хэлсэнгүй.  

Сардаа нэг килограмм мах, эсвэл жижиглэн авдаг. Бусад үед нь “Хүчит шонхор” захад долоо хоногтоо нэг ирдэг болохоор даах хэмжээгээрээ яс уутлаад авахыг нь зөвшөөрдөг гэнэ. “Хонины шулсан хаа, чөмөг, сүүжний яс ахиухан авчихвал сайн шөл гардаг юм. Бас ачтайгаа хавиргануудыг нь мөлжчихнө” гээд шуудайтай яс руугаа олзуурхсан янзтай харах аж. Өнөөдөр овоо мөлжүүртэй яс цуглуулсан нь царайнаас нь  илт. Өөрөөс нь эрт тэнгэрт одсон хүүдээ ч, бор дарсанд толгой мэдүүлсэн бага хүүдээ ч гомдохгүйгээр бүтэн хонины мах авсан юм шиг л ач хүүдээ яарч яваа түүнээс  элдвийг шалгаахыг хүссэнгүй. Тэр шуудайныхаа амыг тас боож, бөгтөр дээрээ бөгтийтөл үүрээд гудамж өгсөөд яваад өгөв. 

“Хүчит шонхор” захаас яс авдаг өөр хэсэг хүмүүс нь худалдаа эрхлэгчид. Тэд яс, жижиглэн зэргийг бөөндөж аваад захын дүүргүүдэд аваачиж зардаг. Ясны хамгийн өргөн худалдаа нь Долоон буудалд байдаг аж. Автобусны буудал дээр зам дагууд зургаан хүн яс зарж сууна. Яснаас гадна жижиглэн, сэмжний өөх зэргийг тус тусад нь ууталж зардаг ажээ. 40 гаруй насны, махлагдуу эмэгтэй худалдагчаас сонирхвол “Зуслангийнхан нохойндоо авна, эндхийнхэн хоолондоо авна. Ясаар хоол хийдэг тодорхой хэд хэдэн айл бий. Тэднийг ирэхээр арай махтай ясыг нь шилээд өгдөг юм. Аль аль нь 1500-2000 төгрөгийн үнэтэй. Яс, жижиглэнгээ “Хүчит шонхор”, “Нарантуул-II”-оос бөөндөж авдаг юм. Ер нь хүмүүс их авна шүү” гэж тайлбарлав. Ясны худалдааны дэргэд хэсэг зогсох зуурт хүн ер тасрахгүй юм. Зарим нь автобусны буудал дээр зогсох хүмүүсээс дальдчин нохойн хоол авъя гэж нэрэлхэнгүй асуух бол зарим нь аль махтайгаас нь шилж сонгоод авах аж. 

50 орчим настай болов уу гэмээр эр хоёр уут жижиглэн, нэг уут шулсан хааны яс авч зогсох үед нь дөхөж очвол өнөөх худалдагч эмэгтэй “За манай үнэнч үйлчлүүлэгчийн нэг шүү дээ” гэж өөриймсөв. Ясны тухай сурвалжилж яваагаа учирлавал өнөөх эр “Угаасаа амьдрал хүнд байхад яс голж ярвайгаад байх хэрэг байна уу” гэж яриагаа ширүүхэн эхлэв. Цааш үргэлжлүүлэн “Бодоод үз, халаасандаа 20 мянган төгрөгтэй хүн тэр мөнгөөрөө ганц килограмм мах аваад хоёр хоног идсэн дээр үү, 10 ширхэг жижиглэн, хоёр хааны яс аваад 20 хоног идсэн дээр үү, энэ чинь л бодит амьдрал болоод байна. Ах нь үнэндээ мах авч тансаглаад байж чаддаггүй болохоор эндээс жижиглэн, яс холиод авчихдаг юм. Мөнгөтэй боломжтой бол сайхан тарган мах аваад чанаад идвэл идмээр л байна” гээд яриагаа дуусгав. Бодоод үзэхэд тун энгийн хэрнээ, амьдрах ухаан аж. 

Мах нэг килограмм нь 10-20 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр ирж байхад худалдан авч чадахгүй байх нь арга ч үгүй юм. Мах авах мөнгөгүй иргэд захаас шулсан яс аваад шөлнийх нь үнэр, амтаар мах идэж байна гэж өөрийгөө хуураад амьдарч байгааг сурвалжлахын тулд олон газраар явж, олон хүнтэй уулзах ч хэрэггүй юм байна. 

Гэр хорооллоор “Улс орноо хөгжүүлнэ”, “Иргэдээ сайхан амьдруулна” гэсэн өнгө өнгийн самбарууд дүүрчээ. Тансаг хослол өмссөн эрхмүүд үнэтэй машинаараа уулзалтаас уулзалтын хооронд гэр хорооллын гудамжаар тоос манарган давхилдана. Тоостой саарал гудамжаар оройн хоолныхоо ууттай ясыг бариад гундуухан алхаж байгаа жирийн нэг иргэнийг хэн ч тоохгүй. Оройн хоолондоо мах иддэг байхад нь тэд анх хуурамч, худал амлалтуудаа өгч байсан. Одоо хоосон яс цуглуулаад харьж явахад нь ч өнөөх л амлалтуудаа өгсөөр зогсоно. 

Дөрвөн жилийн эргэлтээр баян ядуугийн зааг улам алсарсаар. “Амьдрал сайхан болно, ядуурлаас гаргана” гэж итгэж хүлээсэн иргэд эцэстээ махаа ч авч чадахгүй хэмжээнд хүрч байна. Хүний анхдагч хэрэгцээ бол хоол. Гэтэл сайхан амьдруулна гэж үргэлж амладаг төрийн түшээд иргэдийнхээ анхдагч хэрэгцээг ч хангаж өгч чадахгүй байна шүү дээ. Түүнчлэн монголчуудын уламжлалт хооллолт, хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж буй өрхийн төсөвт махны эзлэх хувь зэргийг харгалзан үзвэл мах бол иргэдийн эдийн засгийн чадамжийг тодорхойлох нэг хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ямар ч ойлголтгүй улстөрч байсан ч “Монголчууд махныхаа үнийг дийлж, авч идэж чадахгүй байна” гэдгийг ядуурал үнэхээр эрс нэмэгджээ гэж холбож ойлгож чадах биз ээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.