-Ч.Хүрэлбаатар сайд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хүний амьдралаар тохуурхаж сууна-
Монголын төр зүтгэсэндээ халтай гэж үнэн бололтой. Төрийн өндөр албан тушаалтнуудаа шоронд илгээдэг болоод удаж байгаа бол дунд давхаргын албатуудаа хууль бусаар халж, цалин, тэтгэмж, тэтгэвэргүйгээр хохироож байна. Үүнийг нь шүүхээс буруутгаж, буцаан ажилд нь авахаар шийдвэрлэсэн ч Сайд, дарга нар нь гүйцэлдүүлдэггүй аж.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж, ээлжийн амралттай байхдаа тус газраас халагдсан Н.Энхцогтын тухай бид өмнө өгүүлсэн. Түүний хувьд төрд 35 жил ажиллачхаад өндөр насны тэтгэвэртээ гарахаас 9-хөн сарын өмнө халагдсан. Хэрвээ алдаа дутагдал гаргаад халагдсан бол зүйн хэрэг. Харамсалтай нь тэгсэнгүй. Харин ч бүр эсрэгээрээ хуулийн дээгүүр жаалсан, харалган сайд, дарга нарын балгаар халагдсан байдаг. Энэ хугацаанд агентлагийнх нь дээд удирдлага болох Ч.Хүрэлбаатартай ч уулзаж, асуудлаа тайлбарласан байна.
Арга ядсан Н.Энхцогт шүүхийн байгууллагад хандсан бөгөөд гурван шатны шүүхээс эргүүлэн ажилд нь томилох, ажилгүй байх хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ. Эдгээр үйл явц 2016 оны 9 дүгээр сараас өнөөг хүртэл үргэлжилж, Н.Энхцогтын хувьд одоо тэтгэвэрт гарах нас нь аль хэдийн болсон ч нийгмийн даатгалын шимтгэлээс нь шалтгаалан тэтгэврээ ч тогтоолгож чадаагүй яваа. Товчхондоо ажил ч үгүй тэтгэвэр ч үгүй болсон.
Уг нь 2016 онд Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж, Гаалийн ерөнхий газрыг бие даасан агентлаг болгосон. Тухайн үед Н.Энхцогт татан буугдсан байгууллагын дэд дарга байсан учраас хуулиараа адилтгах албан тушаал хаших эсвэл өөр албанд шилжих учиртай. Гэтэл Н.Энхцогтыг халж, оронд нь Ё.Бат-Эрдэнийг Засгийн газрын хуралдаанаар томилсон байдаг. Гэвч Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон мэдээлэл нь ил болсноор халагдсан. Энэ үеэс түүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хүн гэдэг нь ил болсон байдаг. Үндсэндээ байгууллага хоорондын бүтцийн өөрчлөлтөөр халчхаад сайд нь өөрийн хүнээ томилсноос Н.Энхцогт ажилдаа эргэн орж чадаагүй аж. Тэгээд ч дээрх бүтцийн өөрчлөлтийн дагуу Гаалийн ерөнхий газар Сангийн сайдын “мэдэлд” оччихсон хэрэг.
Уг нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх Дээд шүүх гээд бүгд хууль зөрчсөн байна гэдгийг нь бататгаад Гаалийн ерөнхий газарт шийдвэрийг хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь тэд ажилд нь авсангүй, нийгмийн даатгалын бичилтийг нь ч хийсэнгүй. Тиймээс Н.Энхцогт дахиад Иргэний хэргийн шүүхэд хандахад мөн л тухайн шүүх болон давж заалдах шатны шүүхээс ч Шүүхийн шийдвэрийг биелүүл хэмээн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдсэн ч жишим ч үгүй байсаар 4 жил болж байна.
Н.Энхцогт шат шатны хуулийн байгууллагад хандаж, туйлдахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчид ч хандсан байдаг. Тэндээс ч, Засгийн газрын ХЭГ-аас ч Ч.Хүрэлбаатарт энэ хүнээ ажилд нь аваад, шүүхийн шийдвэрийг биелүүлээчээ гэдэг албан тоотыг илгээсэн ч бас ч таг.
Мэдээж Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд сайн ажиллаж байна хэмээн магтах нэг нь бий. Гэлээ гээд хууль хийгээд удирдах дээд байгууллагынхаа тушаал шийдвэрийг биелүүлэхгүй бай гэсэн үг биш. Түүнээс хууль бус зүйл нэхээгүй. Ердөө л шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан. Гэтэл хариу үйлдэл үзүүлж, ажилд авах байтугай. Шүүхийн зарим шатанд давж заалдаж байсан нь ч эмгэнэлтэй. Магадгүй зарим эх сурвалжийн хэлснээр Ч.Хүрэлбаатарын хүн Н.Энхцогтын оронд томилогдсон учраас хөдлөхгүй байгаа гэдэг нь үнэний ортой мэт. Гэлээ гээд Ё.Бат-Эрдэнэ нь ч арга хэмжээ авагдан халагдчихаад байхад Ч.Хүрэлбаатар ёстой л “хорхойтой араа”-ндаа зуусан мэт Н.Энхцогтыг ажилд нь авахгүй байгаа нь тун хачирхалтай. Хачирхалтайн дээр Шүүхийн шийдвэрийг үл тоож, Засгийн газрын ХЭГ-ын үүргийг ч уландаа гишгэж байгаа нь Ч.Хүрэлбаатарын хувьд савнаасаа хальсан шийдвэр гаргачхаад түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл.
Ч.Хүрэлбаатар анх л хууль бус гэдгийг нь мэдэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол өнөөдөр Н.Энхцогт хохирохгүй, тодорхой хугацаанд ажиллаад тэтгэвэртээ гарчих боломж байсан. Нөгөө талдаа ажилгүй байсан хугацааны төлбөрт төрийн байгууллага унахгүй байх байлаа. Ч.Хүрэлбаатар сайдыг салбартаа сайн эдийн засагч, төсвийн хөрөнгийг хэмнэж, гамнаж чадсан гэдэг. Гэтэл “сайн сайн гэхээр сахлаа будав” гэгчээр хууль зөрчиж гаргасан шийдвэрээс нь болж төр төлбөрт унаж, хувь хүн төрд зүтгэснийхээ хариуд амьдралаараа хохирсон зэргийг ойлгохгүй байна гэж баймааргүй. Харин ч эсрэгээрээ савнаасаа хальж, өөрөөс нь бусдын шийдвэр түүнд юу ч биш санагдаад хуруугаа ч хөдөлгөхгүй, бусдыг “ялласаар” байна уу гэлтэй.
Б.Төгөлдөр