Comment.mn

МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй

Францын судлаач Антойне Майрг 2011 оны наймдугаар сард болсон Олон улсын монголч эрдэмтдийн X Их хуралд “Монгол дайнд: Хөх тэнгэрийн доорх эдийн засгийн дайн” гэдэг илтгэл тавьж байжээ. “…Монгол Улс бол ашиглагдаагүй асар их хэмжээний эрдэс баялаг бүхий орон бөгөөд энэ нь гадаадын олон тооны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах стратегийн чухал давуу тал билээ.

Гэвч энэ нь тус орныг ихээхэн шунал болон ашиг сонирхлын уулзварт аваачиж байна. Монгол бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бусдын шуналыг татсан орон болоод байгаа бөгөөд олон улс орон түүний баялгийг ашиглаасай гэж байж ядаж байна. Тийм эмзэглэл нь Монголын хувьд нэг талаар том боломж, нөгөө талаар аюул занал юм” хэмээж байв.

Франц судлаач эрхэм нөгөөх “…Алтан дээр суусан гуйлгачин” гэдэгтэй агаар нэг дүгнэлт хэлжээ.

Угтаа энэ үнэн. Үүгээр нь бид явж байна.

Монгол бол байгалийн баялгийн асар их нөөцтэй. Олон улсын судлаач, эдийн засагчдын 2013 онд манай улсын нөөцөөрөө хамгийн ихэд тооцогддог 15 эрдэс баялгийн түүхий эдэд хийсэн үнэлгээнд дурдсанаар 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум ам.долларын нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.долларын төмрийн хүдэртэй. Мөн хоёр тэрбум ам.долларын фосфор, 16 тэрбум ам.долларын цайр, 4.1 тэрбум ам.долларын уран, хоёр тэрбум ам.долларын мөнгөтэй гэжээ. Ерөнхийдөө 1.3 их наяд ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэсэн байна.

Манай улсад 80 төрлийн ашигт малтамлын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгджээ. Тухайлбал, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая, нүүрсний 175 тэрбум орчим тоннын нөөц батлагдсан байна.

Томоохонд нь гэвэл зэсийн Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Заамар, Олон Овоот, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг ордууд бичигдэнэ.

Энэ талаар Гавьяат хуульч Ц.Шаравдорж бичсэн номдоо хураасан байна.

Манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийгээд 11 жил болж байна. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бодитойгоор оруулж IPO хийх гэж оролдоод 12 жил болж байна.

Аль аль нь бүтэлтэй болсонгүй.

Оюутолгойн ордоо яасхийж хэрэглэж байгаагаа бид мэднэ. Энэ ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2009 онд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-тай хийсэн.

Улс төрийн хүрээнийхэн, эдийн засгийн мэргэжилтнүүд тэр Засгийн газрыг Оюутолгойн гэрээг байгуулахын тулд хуйвалдаанаар байгуулагдсан гэж үздэг. Ингэж үзэх шалтгаан ч хангалттай бий.

С.Баярын тэргүүлсэн МАХН /МАН/ 2008 оны сонгуулиар дангаараа засаг барих 45 суудал авсан ч АН-ыг урьж хамтраад “Стандарт бус Засгийн газар”-аа байгуулж байлаа.

С.Баяр өөрөө С.Баярцогтыг Сангийн сайдаар нэрлэн урьсан байдаг. Тэр үед нь С.Баярцогт “Айваенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан нь хожим илэрсэн.

Мөн С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулснаас ердөө хорь гаруйхан хоноод чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт “…Тэр үед УИХ, Засгийн газрын шийдвэрээр гурван сайд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр би яахаараа ганцаараа буруутгагдаад явдаг юм бэ” гэсэн агуулгатай зүйлийг ярих болсон. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт өнөөдөр Дундговь аймгат нэр дэвшихээр болсон Сү.Батболдын сонгуулийн санхүү хариуцсан даргаар ажиллаж байна. Тэр үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан Л.Гансүх өөр асуудлаар хэлмэгдэж шоронд орсон. Түүнээс хойш нам жимдүүхэн амьдрах болсон.

Үнэнийг хэлэхэд С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ашиггүй болсон. Үүнийг улстөрчид ч, эдийн засагчид ч нэгэн дуугаар хэлдэг. Ордоосоо 34 хувийг эзэмшиж ашиг хүртэнэ гэсэн Монгол Улс өнөөдөр “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан хүүтэй зээлийн хамтран төлөгч болж хувирсан. Хэн нь хөрөнгө оруулагч вэ гээд яривал их юм бий.

Хөрөнгө оруулалтын гэрээ хуудуутай байна гэдгийг 2016 оноос хойш УИХ, ҮАГ, АТГ тус тусдаа шалгасан. Харамсалтай нь шалгалтын дүн ижил гарсан гэдэг. Тодорхой хэлбэл, Монголд ашиггүй, бас алдагдалтай гэрээ болсон бөгөөд гэрээний хүрээнд авлига, албан тушаал, ашиг сонирхлын маш их зөрчил илэрсэн байгаа юм. Үүн дээр 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Дубайд очиж зурсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг зүйл нэмэгдэнэ. Бас л Монголдоо халгаатай “бичиг” дээр гарын үсэг зурцгаажээ.

Өнгөрсөн жилийн өдийд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан дүнг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир УИХ-ын гишүүд ч танилцаж амжаагүй шахам байсан дүгнэлтийг “Оюутолгой” ХК-д илгээсэн. Нөгөөдүүл нь Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд хариу тайлбар ирүүлчихсэн байв.

Удалгүй Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-д орж ирээд 2019 он дуустал Оюутолгойн шалгалтын дүнг нам гацаасан. Үндсэн хуулийн өөрчлөлт нь явцын дунд нэмэлт өөрчлөлт болж хувираад арайхийн дууссаны дараа Оюутолгойн шалгалтын дүгнэлт дахин хэлэлцэж эхэлсэн ч дахиад нам гацсан. Үнэнийг хэлэхэд энэ бүхэн санаандгүй явдал ерөөсөө биш юм. Оюутолгойг ярихаар л Монголын төр ямар нэг байдлаар гуйвж дайвж, бултаж зугтаж байдаг зүй тогтолтой болчихсон.

Шулуухан хэлэхэд, “Рио Тинто”-гийн эрх ашгийг хамгаалагчид Монголын төрд хэдэн арваараа бугшсаар байна. Нэрс нь ч тодорхой. Хамгийн гол нь “Рио Тинто”-гийн төлөө “амиа өгөхөөс ч буцахгүй” хэдэн улстөрч бий.

Монголын улстөрчид, төрийн түшээдийн оролцоотой хөдөлдөг ч үгүй нэг төсөл бол Тавантолгойн нүүрсний ордын IPO юм.

Улс төрийн хөшигний цаадах яриагаар бол Тавантолгойн төслийн гэрээ Оюутолгойн гэрээний дараахан хийгдэх байжээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдсэн тохироогоор эхлээд Оюутолгой, дараа нь Тавантолгой “хөдлөх” ёстой байсан гэдэг. Тавантолгойг авах компани нь ч тодорхой. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг “дүлий цэрэг” Тавантолгойн төслийг хөдөлгөөгүй гэдэг. Тиймээс түүний Ерөнхий сайдаас огцорсон нь Тавантолгойтой холбоотой болж таарч байгаа юм. Н.Алтанхуягийг явсны дараа Тавантолгойн төсөл УИХ-д орж ирээд унасан. З.Энхболд өнөөдөр “…Тэр бол миний гавьяа” гэж PR-даж буй.

Хориод хоногийн өмнө “Эрдэнс Тавантолгой Майнинг” ХХК-иар дамжуулж хийх гэж байсан IPO босгох ажил бас унасан. 80 хувьтай явж байсан ажлаа Ерөнхий сайд нь өөрөө татаж унагасан гэхээр бас л чамгүй том хүч нөлөөлжээ гэсэн үг.

Ийм маягаар хоёр “толгой”-н асуудал лав гацаад, зогсоод явахгүй болоод байгаа. Нөгөөх Франц судлаачийн хэлснээр “…Монгол бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бусдын шуналыг татсан орон болсон нь нэг талаар том боломж, нөгөө талаар аюул занал” гэдэг л болчихоод байна.

Боломжийг цөөхүүлээ хүртээж бүгддээ аюул занал учруулаад байгаа нь 2008 оноос хойш Тавантолгойн төслийг гацаасан, 2009 оноос хойш Оюутолгойг “Рио Тинто”-гийн аманд аваачиж хийсэн Монгол төрийн түшээд хийгээд түшээ асангуудтай холбоотой. Бүр нарийсгавал энэ хооронд Монголыг ээлжлэн удирдсан МАН, АН холбогдоно.

Учир нь Оюутолгойн ашгийг гадагшаа урсахад, Тавантолгойн ашгийг нэг, хоёр ам.доллараар хүртэх сонирхолтой нэр бүхий улстөрчид МАН-д ч бий, АН-д ч байна.

Тиймээс цорын ганц хөшиггүй үнэн гэвэл МАН, АН хоёр байгаа цагт монголчууд Оюутолгойгоос ашиг авахгүй. Тавантолгой ч ялгаагүй. Манай улс “гурван үсэгтэй компани” бус сая эхлүүлээд явж байснаараа гадаадын Хөрөнгийн бирж дээр IPO хийж  хөрөнгө босгосон бол монголчууд бид тун удахгүй Тавантолгойн үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэх байсан юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.