Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд:
- 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна.
- 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.
2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл:
- Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.
- Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
- Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг болголоо.
Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.