2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр, үдшийн 20:00 цаг өнгөрч байхад гэртээ харихаар явж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хаанаас явж байгаа нь мэдэгдэхгүй хар хувцастай хүмүүс хулгайлах гэж оролдсон.
Бичиг баримтгүй, баривчлах зөвшөөрөлгүй хүмүүс ирж буу тулган Н.Энхбаярыг хүч хэрэглэн барьж авах гэсэн үйл явдлыг мартаагүй байгаа.
Н.Энхбаяр руу дайрсан хүмүүс хаанахынх нь үл мэдэгдэх хар хувцастай, гүйцэтгэх ажлын залуус байсан. Харин ажиллагаа нь бүтэлгүйтээд үлдчихсэн машины арын “хонины хонхор”-т толгой дээгүүрээ хүрмээ нөмөрсөн залууг хүмүүс таньсан байдаг. Өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан, АТГ-ын гүйцэтгэх ажилтан байна гэцгээсэн. Хамгийн ноцтой нь тухайн үед Н.Энхбаярыг баривчлах зөвшөөрөлгүй байсан. Зөвшөөрлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат шөнө 22:00 цаг өнгөрч байхад авчирч байлаа.Хэрэв тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагч байгаагүй бол юу болох байсан бол…
Оролдлогын зорилго нь Н.Энхбаярыг хулгайлах байжээ гэдгийг хүн бүр гадарласан. Ер нь бүх зүйл тодорхой байлаа. Хулгайлах гэдэг танил технологи шүү.
Энэ талаар ОХУ-ын www.ria.ru сайтад “Нэгэн цагт Монголын улс төрийг зангидаж явсан Н.Энхбаярыг АТГ-аас баривчиллаа. Пүрэв гарагийн шөнө экс Ерөнхийлөгчийн машиныг хэсэг бүлэг хүмүүс зогсоосон байна. Түүний бие хамгаалагчид ямар учиртай хүмүүс болохыг мэдэж чадаагүй аж. Улмаар галт зэвсэг гаргаж нөхцөл байдал хурцаджээ. Хэсэг хугацааны дараа дээрх хүмүүс АТГ-ын ажилтнууд болохыг дарга нь тодорхойлжээ. Төд удалгүй Н.Энхбаяр ойролцоох нэгэн байранд бие хамгаалагчид, намын гишүүдийн хамт хамгаалалтад орсон байж. Гэвч өглөөний 06:30 цагийн үед хүчнийхэн дайралт хийж түүнийг баривчилсан аж” хэмээн мэдээлсэн байдаг.
Нөгөө талаас энэ бол Ц.Элбэгдоржийн “Хонгил” -ын хуульгүй ажилладгийн жишээ юм. Тэр шөнө Н.Энхбаярыг хүч хэрэглэж баривчилсан АТГ болон цагдаагийн байгууллагууд холбогдох хуулиа зөрчин байж дээрээс өгсөн тушаалыг биелүүлсэн. Ц.Элбэгдоржийн “хонгил” яг ингэж ажилладаг. Тэр ч бүү хэл, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Шаардлагатай бол галт зэвсэг хэрэглэж болно” гэж байв. Хулгайлахыг завдахдаа зэвсэг ашигласан тухайгаа хэлсэн хэрэг.
Тэр үед АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр ойр ойрхон, сүржин сүржин хууль бус мэдэгдэл хийж байв .
Ерөөс хууль бол Ц.Элбэгдоржийн “Хонгил” -ынхонд падлийгүй.
Ц.Элбэгдорж 2009 онд МАХН-ын дарга С.Баярын дэмжлэгээр Ерөнхийлөгч болсноосоо хойш бусдыг хэлмэгдүүлдэг “Хонгилоо барьж” эхэлжээ. Хууль шүүхийн байгууллагад өөрийн үгийг үг дуугүй биелүүлэх хүмүүсийг байршуулж, тэднээр дамжуулан хэлмэгдүүлэлтээ үйлддэг байлаа.
Нэгэнт бий болгочихсон “хонгил”-оороо найман жилийн өмнө Н.Энхбаярыг оруулан хэлмэгдүүлж байхад хүмүүс “хонгил”-ын талаар сайн ойлгохгүй л байв.
Үнэн хэрэгтээ 1937 оны “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-оос хойш 80 гаруй жилийн дараа Ц.Элбэгдорж “Хонгил” хэмээх албан бус нэршилтэй “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ыг дахин байгуулсан юм. Ц.Элбэгдоржийн “Хонгил” нь “Онцгой бүрэн эрхт комисс”-ын 80 гаруй жилийн өмнө Улсын Төв театрт олны өмнө шүүх хурал хэмээх жүжиг тавьж байсан шиг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар олон нийтийн “тархийг угаах” ажиллагааг зохион байгуулсан бөгөөд түүний эрхийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болгоныхоо өмнө хэвлэл мэдээллийн тусламжтайгаар гүтгэн гүжирдэх ажлыг өргөн цар хүрээтэйгээр хийх ажлаа өмнө ч хийж байсан, одоо ч үргэлжлүүлэн хийж байна.
Н.Энхбаярыг хэдэн зуун цагдаагаар хүч түрэмгийлэн баривчилсныхаа маргааш Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй хийх уулзалт гэдэг арга хэмжээ зохион байгуулж, тэрэн дээрээ хорьсон хүнийхээ тухай баахан ярьж, яг таарсан асуулт асуулгаж, яг тэр уулзалтыг нь хэдэн телевиз шууд дамжуулж байлаа. Энэхүү уулзалтыг шууд дамжуулсан нэвтрүүлгийг Н.Энхбаярын хоригдож байсан хорих ангид дууг нь чангалан үзүүлж байсан гэдэг.
“Оюутолгойн 51 хувийг төр, ард түмэн эзэмших ёстой”, “Тавантолгойг төрийн мэдэлд авч, бүх ард түмэндээ хувьцаа болгож тараах хэрэгтэй” гэдэг байр суурьтай байсан Н.Энхбаярыг шоронд хийж, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь дараалан хасах ажил үргэлжилсээр…
Н.Энхбаярыг баривчилж, хэрэг үүсгэхээсээ өмнө Ц.Элбэгдоржийн “Хонгил” -ын гар хөл болж зориуд томилогдсон улстөрчид, хууль хяналтын байгуулалгын ажилтнууд, сэтгүүлчид газар доогуур ортол муулж, гэмт хэрэгтэн болгож харагдуулаад, дараа нь үүнийгээ хууль шүүхийн тусламжтайгаар хууль бусаар баталсан.
Ц.Элбэгдоржийн “Хонгил” нь эрх мэдлийн хувийн дарангуйлал тогтоох, өмч хөрөнгө дээрэмдэх, бизнесийг шантаажилсан авлигыг улам цэцэглүүлсэн.
Ц.Элбэгдоржийн “Хонгил” -ын бүтэц маш тов тодорхой. Хууль хяналтын байгууллагын удирдлагыг өөрийн хүмүүсээрээ бүрдүүлээд цааш нь дунд тушаалын хүмүүсийг элсүүлэн авдаг.
“Хонгил”-ын эд эс болсон хууль шүүхийн ажилтнууд хамгийн түрүүнд өргөсөн тангарагаасаа урвана. Монгол Улсынхаа төрийнхөө соёмбот сүлд туганд мөргөж хуулийн дагуу шударгаар ажиллана гэж тангараг өргөсөн хүмүүсийг тангарагаас нь няцуулах нь бараг л эх орноосоо урвах дайны ноцтой хэрэг билээ.
“Хонгил”-ын толгойлогч Ц.Элбэгдорж эхлээд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг зохион байгуулалттайгаар өөрийн хүмүүсээрээ бүрдүүлэн томилуулсан. Улсын Ерөнхий прокуророор АН-ын генсек байсан Б.Дорлигжавыг томилуулсан. АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг ажилтнаа чагнасан тагнасан гэдэг хэргээр шоронд суулгаад оронд нь өөрийн талд ажиллах, Нийслэлийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Н.Ганболдыг дарга, Б.Хурцыг дэд дарга болгосон.
Шүүхийн шинэчлэл гэж баахан сүржин юм болсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөл Н.Лүндэндорж гэдэг даргатай болсон. Ёс суртахууны хувьд энэ албанд тохирохгүй автотээврийн ноцтой осол гаргаж хүний аминд хүрч байсан гэдэг шүүмжлэл дагасан ч Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх болсон Ч.Өнөрбаяр, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын багш Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалд суусан. Дээрээс нь шүүх, Дээд шүүхийн Ц.Зориг тэргүүтэй, Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч М.Батсуурь, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сарантуяа, шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, С.Оюунчимэг, Цагаанцоож… гээд л нэмэгдээд явчихна.
Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг гартаа оруулснаас гадна хууль хүчний байгууллагуудын дунд шатанд бүтэц бүрэлдэхүүнээ бий болгосон нь прокурор асан Ё.Сагсай, прокурор О.Мөнхбаатар, Б.Батжаргал, Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай, АТГ-аас прокурорт очсон Э.Амарбат, АТГ-ын ажилтан Д.Золжаргал, Д.Наранбаатар, нэр нь үл мэдэгдэх тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд гээд бий.
Учир нь тэдний нэр “Хонгил”-оор орсон хүмүүсийн амнаас байнга гардаг. Хүн болгоны асуудал дээр тэдний нэр дэндүү олонтаа давхцаж гарч ирдэг юм. Товчхондоо бол, хууль хүчний байгууллагын хэргийг гардан мөрддөг, хянадаг, шүүдэг дунд тушаалын албан тушаалын албан хаагчдыг дандаа өөрийн хүмүүсээр бэхжүүлсэн. Энэ хүмүүс нь “Эрдэнэтийн 49 хувь” зэрэг Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон хэргүүд дээр хэрэг үүсгэхгүйгээр хамгаалж байна гэдэг хардлага өнөөдөр ч байсаар байна.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг Ц.Элбэгдоржийн “Хонгил” -оос ангид авч үзэх аргагүй. СЕХ-г улс төрийн өрсөлдөгчийг нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхад онцгой гавьяа байгуулсан газар болгосон. Хэн сонгуульд оролцож, хэн сонгуульд оролцохгүй вэ гэдгийг улстөрийн шалгуур тавьж хандсан газар энэ болсон. Тухайлбал, 2012 оны УИХ ын сонгуулийн өмнө хонгилын шүүгч Сүхбаатар дүүргийн шүүгч н.Соёмбо-Эрдэнийг бичгийг үндэслэн Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүй байх ажлыг гүйцэтгэсэн. Эндээс үзэхэд л хонгил хүнийг шалгаж байхдаа ял оногдуулна гэдгээ өмнө нь урьдчилан төлөвлөсөн байсныг харуулж байгаа юм. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг сүүлд телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Та сонгуульд ялсан шүү дээ, танай нам ажиллаагүй” гэх утгатай үг хэлээд байсан өдгөөгийн Ерөнхийлөгч өмнөх сонгуулийн талаар яагаад ингэж хэлснийг мэдэх хүн нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс өөр хэн байх билээ.
Ц.Элбэгдоржийн “Хонгил” -ын гишүүн, тагнуулч Б.Хурц шиг баялаг намтар түүхтэй хүн ховор. Хүн хулгайлсан гэдэг асуудалд холбогдоод байхад нь Монголын ямар эрх ашгаар наймаа хийж түүнийг авч ирсэн нь хэн болгонд оньсого таавар төдий байна. Хамгийн гол нь Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан ҮАБЗ-ийн Ажлын албанд байсан Б.Хурц Англи, Герман гэж явж ирснийхээ дараахан АТГ-ын дэд даргын албан тушаалд очсон. Хуулиараа бол АТГ-ын дэд дарга гэдэг бие даан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй, үүгээрээ даргаасаа илүү шахам эрх мэдэлтэй гэдгийг хуулийнхан хэлдэг. Ийм эрх мэдэлтэй албан тушаал дээр очсон Б.Хурц, тэгээд намын экс генсекээс Ерөнхий прокурорын суудалд суусан Д.Дорлигжав гэдэг гайхалтай хоршил болсон байдаг.
Харин сүүлд Тордайн Ганболд гарч ирж, Ерөнхий прокурорын “дээрэм”-ийн тухай ярихад анх томилогдоход нь болохгүй шүү гэдгийг дуугарч байсан ганцхан хүн нь МАХН-ын Э.Эрдэнэжамьян л байсан гэдэг тодорхой болсон. Ц.Элбэгдоржийн “Хонгил” -ын гишүүнийг томилж байхад Их Хурлын ядаж нэг гишүүн хуулиа бариад Ерөнхий прокуророор ажиллах шалгуур хангаагүйг хэлчихэж чадаагүй. Яагаад гэвэл цаана нь өндөр эрх мэдэлтэй эзэн байгаа болохоор тэр.
Н.Энхбаярыг баривчлах үеэр гарынх нь шөрмөсыг тасласнаас болоод тэрээр Солонгос улс руу явж хагалгаанд орсон. Эндээс Монголоос ирж болохгүй шүү, ирвэл шоронд хийх гээд байна гэж айлгаастай. Гэхдээ хонгилын эзэн нь өөрөө бас Н.Энхбаяр хүрээд ирэх вий гэж айдастай. Цагаан сараар бөх үзэх гээд Н.Энхбаярыг бөхийн өргөөнд ороход Ц.Элбэгдоржийн цочсон царайг хүмүүс мартаагүй байх.
Тордайн Ганболд бас ярьсан даа. Д.Дорлигжавын талаарх болохгүй бүтэхгүй баримтуудыг нь хүнд өгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу бариулаад оруулж. Тэгсэн нөгөө хүнийг нь гаргаад Д.Дорлигжавыг дуудаад “Ганболд чамайг ингээд байна” гэж хэлсэн юм даг уу даа. Ц.Элбэгдоржийн “Хонгил” -ын сүлжээ гэж энэ.
Ц.Элбэгдорж “Хонгил” -доо дунд шатанд албан тушаалтнуудыг ашигладаг. Албан тушаал, дэвшүүлнэ, ахуй хангамжийг нь сайжруулна. Эсвэл ямар нэгэн болохгүй зүйлээр нь айлгадаг. Өрсөлдөгчөө хэлмэгдүүлэхийн тулд тангараг өргөсөн хууль хүчнийхэн, шүүгчдээр хууль зөрчүүлчихээд албан тушаал ахуй хангамжийг нь дээшлүүлнэ гэдэг бол хамгийн том авлигын хэрэг бус уу. Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Салхитын” гэх хэрэгт холбогдсон шүүгч нарын асуудлын дэргэд Ц.Элбэгдоржийн шүүгч нарын асуудал бол илүү их нийгэмд хор хөнөөлтэй, хүний эрх, шударга ёсны эсрэг гэмт хэрэг болно.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбат Н.Энхбаярыг баривчлахдаа утасдсаар байгаад шөнийн 22:00 цагт баривчлах тогтоол авчруулж байсан. Ер нь нэг хэсэг л Э.Амарбат гэдэг хүн гарч ирж хэвлэлийн хурал хийсний дараа баривчилгаа явагддаг болчихоод байсан. Э.Амарбатын хүчирхийллийн хохирогч гэдэг өмгөөлөгч эмэгтэй хэвлэлийн хурал хийж байсан. Мөн Э.Амарбат бол АТГ-ын дарга Ч.Сангарагчааг гэмт хэрэгтэн болгож шоронд хийхэд “нохойд барьдаг мод” болсон хүн гэдэг юм.
Түүнчлэн “Сагсайдах” гэдэг үйл үг гарч ирсэн. Ё.Сагсай, О.Мөнхбаатар гэдэг хоёр хүн Н.Энхбаярын шүүх хурал дээр мессеж уншсаар байж тогтоолоо уншиж гарч байсан.
Ц.Элбэгдорж “Хонгил” –доо онцгой үүрэг хүлээлгэсэн хүн бол Ч.Өнөрбаяр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны есдүгээр сард зарлиг гаргаж АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаярыг өөрийнхөө Хуулийн бодлогын зөвлөх болон ШЕЗ-ийн гишүүнээр томилсон. Ч.Өнөрбаяр нь Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг гардан зохион байгуулсан бөгөөд “Н.Энхбаярыг баривчлах үеэр шаардлагатай бол буудах эрхтэй” хэмээн олны өмнө зоригтойгоор хэлж байсан нэгэн юм. Тэрээр Ерөнхийлөгчийн дэргэд очоод Г.Эрдэнэбатыг МУИС-ийн ХЗС-ийн багшаас Улсын ерөнхий прокурорын орлогч болтол татаж, тэр нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт үүрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал одоо илрээд байна.
Ц.Элбэгдорж нь Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжаваар тушаал гаргуулж Н.Энхбаярыг хууль бусаар буюу хуулийн сургуулийн оюутан ч хэрэг биш гэж хэлэх нотлох баримт цуглуулж жүжгийн гол дүрд тоглосноор олны танил болсон прокурор Ё.Сагсайг 2013 оны хоёрдугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор болгож дэвшүүлсэн.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 150 болон 263 дугаар зүйл анги буюу авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан Н.Энхбаярт хамаарах байтугай хавьтах ч үгүй эрүүгийн хуулийн зүйл анги баримтлан хууль бусаар тогтоол уншсаны дараа Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа “Зөвхөн яллах бодлого барилаа” хэмээн мэдэгдэж байсан боловч өөрөө давж заалдах шатны шүүх хурлыг даргалан оролцохдоо Н.Энхбаяр нарт оноосон зүйл ангийг өөрчилж хууль ёсны дагуу болгох зүрх зориг, эрх зүйн ухамсар, мэдлэг чадвараа ашиглахыг хүсээгүй буюу хонгилын эд эс болсоноо харуулсан билээ.
Ер нь Н.Энхбаярыг буруутгасан эрүүгийн хуулийн 150 болон 263 дугаар зүйл ангиар хэн нэгэн заавал хохирол учирсан байх ёстой. Гэтэл нөгшөө талаасаа түүнд тулгаж буй хэрэг нь нэг ч хохирогч байхгүй хэрэг болно. Ийм авцалдаагүй хоёр зүйл ангийг холбосон нь Ц.Элбэгдоржийн арга мөнөөс мөн. Жишээ нь, гудамжинд зөрөөд өнгөрсөн хүнийг чи энэ хүнийг хөнөөсөн хэмээн буруутгаад цаад хүн нь эрүүл саруул байхад нь хүний амины хэрэгт ял тулгаж байгаатай яг адилхан юм болсоон. Үүнийг онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу зохиомол хэрэг гэж үзнэ. Үүнийг шат шатны туршлагатай, шүүгчид нүд аниад өнгөрөөсөн нь Монголын шүүх засаглал харамсалтай байдалд орсныг баталж байна.
Хэрэв УИХ ын гишүүн Аюурсайхан тэргүүтэй өнөөгийн шударга гэх цээжээ дэлдсэн залуу улстөрчид гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хилс хэрэгт буруутгагдан одоог хүртэл хэлмэгдэж байгааг шударгын нүд, сэтгэлээр харсан бол харин эсрэгээрээ Н.Энхбаярыг цагаатгагдах хүн хэмээн үзэж хууль санаачлах байсан.
Ц.Элбэгдорж “Хонгил” -ынхоо бүрэлдэхүүнийг шагнахаа мартдаггүй. Ц.Элбэгдорж зөвлөхөөрөө авсан Ч.Өнөрбаярын оронд АТГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд Д.Наранбаатарыг томилсон юм.
Үүний дараа Ц.Элбэгдорж нь Б.Сарантуяа шүүгчийн нөхөр Д.Гоошоохүүг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн болгож, дараа нь Гавьяат багш цол олгосон.
Ц.Элбэгдорж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг УЕПГ-т маш том албан тушаалд дэвшүүлсэн.
Мөн Н.Энхбаярыг шүүхээр шийтгэснээс гурав хоногийн дараа АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг юм. Харин Б.Хурц шагналаа олны нүднээс нуун байж гардсан гэдэг. Цаг хугацааны хувьд ингэж таарсан байж болох ч Б.Хурц Сүхбаатарын одонгийн энтэй ямар гавьяаг Монголын төрд бус Ц.Элбэгдоржийн “Хонгил” -доо байгуулсан. Удалгүй Тагнуулын Ерөнхий Газрын дарга болж Б.Хурцад генерал цол олгосон.
Ц.Элбэгдоржийн “Хонгил”-ын ажилладаг зарчим, хэлмэгдүүлдэг технологи ийм байлаа. Магадгүй, өнөөдөр тэр өөрөө өөр хэн нэгний “Хонгил”-оор ороход бэлэн болчихоод байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Хууль бусын хонгил гэж Н.Алтанхуягийн нэгэнтээ ихээхэн оновчтой тодорхойлсон Ц.Элбэгдоржийн хонгил Н.Энхбаяр гэдэг хүн дээр хэрхэн ажилласан талаар товч өгүүлэхэд ийм байна аа. Харамсалтай нь, Ц.Элбэгдоржийн байгуулсан хонгил өөр эзэнд ашиглагдаж захиалга биелүүлсээр, ажилласаар…
Мөн Ц.Элбэгдоржийн холбоотон М.Энхболд 60 тэрбумын хэргийн улмаас албан тушаалаа өгсөн ч гэсэн Н.Энхбаярын хувьд баримтлах бодлого хэвээр байгаа нь Ц.Элбэгдоржийн бодлого өөр бусад бүх зүйл дээр үргэлжилж байгаагийн илрэл гэлтэй.
Гэхдээ Монголын заяа их болохоор хэзээ нэгэн цагт амаараа ярьдаг боловч ачир дээрээ бусадтай адилхан улстөрчдийн араас шударга ёсны төлөө, хүний эрхийн төлөө тэмцэх үнэнхүү зоригт залуу үе бүрэлдэн буй болж буй гэдэгт итгэл төгс байнаа.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин