Comment.mn

Намууд солиоролдоод байхаар Ерөнхийлөгч дагалгүй яахав дээ

Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр гэж галзуу солиотнуудын солиорол мэт юм зарлаад эхэлжээ. Гурван сая, таван сая төгрөгийн цалин, үнэгүй байр л гэнэ. Үнэ хаялцаж, дуудлага худалдаа явуулж байгаа аятай л хашгиралдаж байна.

Тоотой хэдэн популист солиотуудтай гэж андуурч явжээ. Санаснаас дэндүү олон, бүр хоорондоо өрсөлдөөд, уралдаад эхлэв. Ингэж байгаад уралцах вий.

Манай дээдсүүд ард түмнээрээ үзэн ядуулдаг, тэднийг айлгадаг хадны мангаатай. Тэр нь улс төрийн акц болгоны өмнө нэрийг нь зарлана гэж сүрдүүлдэг гучин гэр бүл. Таамаг төдий гучин гэр бүлийн талаар монголчууд сонсоод нэлээд олон жилийг үдлээ. Өнөөх гучин гэр бүлийнхнийгээ тонож дээрэмдээд, байдгийг нь булааж авах юм улстөрчид маань яриад л байна. Дээрмийн мөнгөөрөө хаус авч өгнө ч гэх шиг. Хуучны шилийн сайн эрс л баячуудаас нь хулгайлсан адуу малаа ядууст тарааж өгдөг байсан талаар сонсож байснаас ардчилсан тогтолцоотой Монгол Улсад, ХХI зуунд айлын хөрөнгийг хурааж аваад бусдад тарааж өгнө гэж яриад иргэдийн олонхын саналыг авч, эрх барьж улс орныг яаж удирдах билээ.

Эдийн засгийн нарийн мэдлэггүй Должин эмээ ч энгийн ойлгохоор юман дээр өнөөх сүржин намууд ямар ч баримжаагүй, үндэслэлгүй популист амлалтуудаараа хэн нь илүү галзуугаа гайхуулж байна. Саяхан л Венесуэл тэргүүтэй орнуудыг жишээ болгон тавлаж байсан даа, манай улстөрчид. Энэ янзаараа тэдний араас биднийг чирэх нь ээ.

Намуудын цалин, байрны амлалтууд биелэх боломжгүй, биелэхээр бол эдийн засгаа, улс орноо самраад дуусна. Популист улстөрчдөөсөө болж зовж байгаа өнөөх улсууд шигээ мөнгөнийхөө ханшийг навсайтал унагаад ганц талх авах гэж тэрэг дүүрэн мөнгөө түрээд явах болох нь. Тулхтай гэгдэх МАН, АН хоёр ч тун хариуцлагагүй санагдаж байна. Сонгогчдоо бүгдийг нь орк болчихсон гэж санаад байгаа юм уу хаашаа юм. Ард иргэдээ тултал ядууруулчихсан юм чинь юу ч хийсэн үнэмшинэ гэж бодоод басамжлаад байна уу даа. Хоосон амлалтаар иргэдийн саналыг авдаг байсан цаг чинь алсарч байгаа шүү.

Намууд ингэж солиоролдохоор Ерөнхийлөгч дагаад яг адилхан саналууд гаргаад эхэллээ. Сонгуулийг хойшлуулж, мөнгө хэмнэнэ л гэнэ. Коронагийн далимаар эдийн засгаар айлгаж үзэж байна. Хямралын нөхцөлд зориулж төрийн удирдлагыг төвлөрүүлнэ гэлээ. Энийгээ бас дарангуйлал биш гэж онцолж хэлсэн байгаа юм. Ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш шүү л гэнэ. Айлгаагүй яаж байгаа юм. Түүний уриалга доторх хамгийн ноцтой нь энэ байлаа. Энэ байдлаараа намууд бараг хэрэггүй юм байх. Булчин шөрмөстэй чийрэг орк л улс оронд хэрэгтэй, тэгвэл ханиад коронаг тэсвэрлэж чадах юм гэнэ.

Улс төрийн намууд нь амьдралаас тасарсан ийм эрүүл биш хөтөлбөр дэвшүүлж орилолдоод эхлэхээр эд нарын төрүүлж бойжуулсан хүү болох Ерөнхийлөгч нь ингэж дагалгүй яахав. Юмтай хүний юмыг хөдөлгөөд, амбицтай хүний амбицыг хөдөлгөөд байхаар давж гарах гээд л үзчихнэ шүү дээ. Ерөнхийлөгч маань гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг булаацалдаж, ер нь юм юмны эрхийг мэддэг болох нь уу гэлтэй Үндсэн хууль зөрчсөн уриалга гаргалаа. Ардчиллаар олгосон эрх чөлөөнөөсөө ухарсан, ардчиллын үндсэн санааг таягдсан уриалга нь Үндсэн хуулийг уландаа гишгэсэн том ухралт гэж харагдана.

Ерөнхийлөгч бол Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад тангараг өргөдөг цорын ганц субьект. Ийм хүн ардчиллын үзэл санааг нулимдаг байж болохгүй. Эв нэгдлийг хадгалах учиртай хүн үүнийхээ эсрэг юм ярьж болохгүй. Үндсэн хуулийн 32.2-т Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөнө гэсэн заалт дурайна.

Тангаргаа зөрчвөл огцрох тухай ойлголтыг ч Үндсэн хуулийн 35.2-т заасан байна. “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна гэж заасан. Ерөнхийлөгч энэ уриалгаараа тангаргаасаа няцлаа. Хэн нэгэн иргэн Цэцэд хандвал яг энэ процесс явагдаж таарна. Монгол Улс парламентын засаглалтай улс болохоос Ерөнхийлөгчийн засаглалтай биш.

Философийн шинжлэх ухааны доктор, гавьяат багш Д.Дашпүрэвийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага сонирхол татсан үг, өгүүлбэрээр дүүрэн юм. Утгачилбал, хүний амьдралд мөнгө олох амархан. Хамгийн хэцүү нь эрх чөлөөг олох. Гэтэл хамгийн чухал, зовж олдог эрх чөлөөг нь энэ олон нам, энэ том дарга нар үгүй хийх нь. Бидний эрх чөлөөг хумьж, ичмээр амлалтуудаараа үгүй хийхийг санаархахаа боль. Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгч яахаараа удирдлага төвлөрүүлэх санаархал ярьж болох билээ. Мэдээж үүнийг Ерөнхийлөгч шийдэхгүй. УИХ арай ийм юм дэмжээд шийдчихгүй байлгүй дээ. Ганц хүнийг биш парламентаараа, олонхоороо шийддэг тогтолцоог бид сонгосон шүү дээ. Төрийн эрх мэдэл, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын талаар Үндсэн хуульд тов тодорхой заасан. Ерөнхийлөгч юунд яаран ийм уриалга гаргав. Хуулиараа бол Ерөнхийлөгч хуульд нийцүүлж захирамж, зарлиг гаргадаг. Тэрнээс эрх мэдэл төвлөрүүлж, эрх мэдэл булаацалдаж, уриалга гаргах бүрэн эрх түүнд олгогдоогүй. “Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна” гээд нэн тэргүүнд авах ёстой гэсэн зургаан зүйл бүхий уриалга гаргасан. Сонгууль хойшлуулах асуудлыг ч Ерөнхийлөгч мэддэг юм биш. Үндсэн хуулинд парламентын гишүүний хугацаа дөрвөн жилээр заасан. Хэрэв өөрчилбөл Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Ерөнхийлөгчийн уриалгаар бол Үндсэн хууль зөрчин парламентын гишүүнийхээ дөрвөн жилийн хугацааг уртасгаж таарах, үгүй бол бүрэн эрх нь дуусмагц парламентгүй хэсэг явах нь. Тэгмэгц төвлөрсөн удирдлагатай болно гэхээр юу болж таарах вэ. Парламент нь ямар ч чадамжгүй, парламентын дарга нь ч чадамжгүй болно. Тэгээд тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох ёстой. Давхар дээлтэй дөрөвхөн сайд байх ёстой. Одоо зуун хувь давхар дээлтэй байгаа засаг солигдож мэдэхээр байна. Ийм үед өнөөх удирдлага төвлөрүүлнэ гэдэг нь юу болж таарах нь вэ. Одоогоор баталгаатай үлдэх хүн нь Ерөнхийлөгч л болж байна. Түүний уриалсан удирдлага төвлөрнө гэдэг нь энэ юм болов уу.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.