УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон бол УДШ-ээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар анхан шатны шүүхээс З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарын хэргийг тусгаарласан юм.
Удаа дараа хойшлоод байсан энэ хэрэг өчигдөр буюу 2020.03.04-ны өдрийн 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө хуралдаж байна. Яг одоогоор шүүх хуралдаан нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
З.Баянсэлэнгэ нарын хэрэгт хохирогчоор Сангийн яам оролцох бол гэрчээр тухайн үед Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Оюунбаатар нар оролцох аж.
З.Баянсэлэнгэ ямар гэмт хэрэгт холбогдов?
З.Баянсэлэнгэ нь Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Бэрэн групп” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороололд баригдаж байсан ашиглалтад ороогүй “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг /улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын сан бүрдүүлэх/, мөн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол улсын Засгийн газрын хуралдааны журмын
- 6.1 дүгээр зүйл: хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын /түүний эзгүйд дэд сайдын/ гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ,
- 6.4 дүгээр зүйл: Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаана,
- 6.5 дугаар зүйл: Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.
- 7.2 дугаар зүйл: Хуралдааны бэлтгэл хангах Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайдад танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.
- 7.8 дугаар зүйл: Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна.
Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулна гэж заасныг тус тус зөрчиж Засгийн газрын хуралдаанд оруулж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Бэрэн групп” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б, Сангийн сайд Б.Б нарт даалгах тухай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №298 дугаартай тогтоолыг батлуулсан. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар үүрэг чиглэл өгч гэрээг байгуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т /Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан хэрэгт холбогдсон байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Орон сууц худалдан авсан 14.993.676.800 төгрөгийг “Бэрэн групп” ХХКомпанид 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн, Сангийн яам Хаан банкинд авсан векселээ 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлсөн, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/628 дугаартай актаар “Бэрэн групп” ХХК-ийн 360 айлын орон сууцны 3 блок, 514,515,517 дугаартай барилгын 223 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд орон сууц ашиглалтанд ороогүй хугацааны векселийн хүүд Сангийн яам 57.092.228 төгрөг төлсөн, “Хөрөнгө Эстимейт” ХХКомпанийн үнэлгээний тайлангаар 223 айлын орон сууц нь 14.078.320.073 төгрөгөөр үнэлэгдсэн тул үүний зөрүү болох 915.356.727 төгрөгийг 159 хоногийн векселийн хүү 57.092.228 төгрөгийн хамт, нийт 972.448.955 төгрөгийг “Бэрэн групп” ХХКомпаниас гаргуулж Сангийн яаманд олгох нь зүйтэй гэж үзжээ.