Comment.mn

Ц.Мөнхбат: Шүүхийн танхимд вирус дэгдэх эрсдэл их байна

Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлж буй энэ цаг үед манайхан ч дотооддоо олон арван арга хэмжээг хэрэгжүүлэн иргэдээ энэхүү аюулт өвчнөөс сэргийлэн хамгаалж байгаа билээ. 

Олон нийт ч хаа хаанаа сэрэмжтэй байж, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрийг сахин биелүүлж байгаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр иргэдийг олноороо цугларахаас сэргийлэн хөл хорио тогтоогоод буй энэ цаг дор шүүхийн байгууллагын үйл ажиллагаа ч эрсдэл дагуулж мэдэхээр байгааг салбарын зарим мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. 

Иргэний Үндсэн хуулийнхаа дагуу бусдын эрхийг зөрчихгүй шүүн таслах ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах ёстой ч өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан нөхцөл байдлыг зөв талаас нь харж хүмүүсийн эрүүл мэндийг бодолцох хэрэгтэй гэдгийг хуулийн салбарын удирдлагууд анхааралдаа авах нь зүйтэй болов уу. 

Энэ нөхцөл байдлын талаар хуульч Ц.Мөнхбат өөрийн үзэл бодлоо цахим орчинд хэрхэн илэрхийлснийг уншигч танаа хүргэж байна.

Хуульч, өмгөөлөгч нартаа уриалах нь: 
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хүлээлгийн танхим байхгүй ч нилээд удаан хүлээлт хийж суух зуураа бодсон бодлоо хуваалцахаар бичиж байна.
Энэ шүүхийн байр өмнө нь хэн ч ашигладаггүй балгас байсан, жаахан засвар хийсэн болоод л шүүхийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Гэтэл энэ дүүргийн хүн ам Нийслэлийн хэмжээнд хамгийн их хүн амтай, ачаалал их байгаа нь үүднээсээ л харагдана.
Шүүхийн цагдаа, шүүхийн тамгын газрын ажилчид иргэдийг амны хаалтаа зүүгээгүй бол оруулахгүй гэж хэлээд хэрүүл, халууныг нь үзье гээд хэрүүл, тавьсан шаардлага бүрийг эсэгүүцэгсэд их.
Төрийн сүлдээ орой дээрээ залсан болохоор айх аюулгүй гэж үү, өөрсдөө ч маскгүй шахуу байж бусдыг маскаа зүү гээд байгааг манай иргэд зөвөөр ойлгоосой, бид бүгдийг давхар хамгаалж байгаа шүү дээ.
Иргэд олон нийтэд зориулж сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж таниулан сурталчлах, уриалан анхааруулах санамж, зөвлөмжийг ихээр гаргасан байх бөгөөд шүүхийн үйл ажиллагааны талаар гарын авлага тараах материал бэлтгэсэн нь өөрсдийнхөө боломж бололцоогоор хэрэндээ сайн ажиллаж байгаа нь харагдсан юм.
Гэтэл ачааллаас хамаарсан аргагүй байдал байгааг иргэд ч ойлгодоггүй, дээд байгууллага нь ч анхаардаггүй бололтой.
1. Үнэхээр хугацаа тоологдох нэхэмжлэл л биш бол бид өөрсдөөсөө эхэлж шүүхийн ачааллыг энэ үед нь багасгах зорилгоор нэхэмжлэл, хүсэлтээ гаргалгүй, энэ аюулт өвчин намжтал түр хүлээмээр ч юм шиг санагдлаа.
2. Мөн шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах, шүүгч, ажилтнууд ард түмэндээ үйлчлэх тангарга өргөсөн гэдэг нэрийдлээр шүүх өөрсдөө үйл ажиллагаагаа зогсоохгүй. Шүүх хурлаа зарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар л байна. Гэтэл шүүх хуралдаанд доод талдаа л гэхэд 2-3, дээд талдаа л гэхэд 8-12, түүнээс ч дээш оролцогч оролцож байна. Олноор нь цуглууж шүүх хуралдаан хийх, хэт олноор суудаг өрөөндөө олон хүмүүсийг дуудаж, нэг дор цугларуулах зэрэг нь эрсдэл ихтэй, бид хурал зарлаж өгөхгүй байх талаас нь хүсэлтээ бид өөрсдөө л гаргахгүй бол шүүх тасралтгүй ажиллагаагаа явуулсаар л байх болно. Энэ дунд гол нь иргэд, үйлчлүүлэгч нарт ч вирус халдах магадлал их өндөр байгаа, шүүх хуралдааны үед амны хаалт хэрэглэхээр яриа сонсогдохгүй байна гээд амны хаалтаа тайлуулж ярьж байгаа. Хэн нэг нь л өвдсөн байхад халдвар гэрлийн хурдаар тархах аюултайг анхаармаар санагдлаа.
3. Тус шүүхэд 3 өдөр 10 гаруй оролцогчтой хурал үргэлжилж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь өвдсөн байсан ч гүрийж суусаар дуусгасан гэж ярьж байхыг сонслоо. Хуульчид бид өөрсдийгөө золиослон хуулийн үүд сахиж байна шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь бас анхаарч ажлаасай.

Амны хаалтаа тогтмол зүүж, гараа цэвэр байлгаж, олон нийтийн газраар явахгүй байх боломж бидэнд хомс хэдий ч нийгэмд үүсээд байгаа энэ нөхцөлд байдалд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.