Comment.mn

Б.Батсуурь: Удахгүй дэлхийн хүүхдүүд монгол тоглоомоор наадна

Бидний өхөөрдөм үрсийг эрүүл, аюулгүй тоглоомоор тоглох боломжийг олгож буй “Нандин” брэндийг үүсгэн байгуулагч, Нано Тайм компанийн захирал Б.Батсуурьтай ярилцлаа.

-Нандин брэндийн үүссэн түүхээс яриагаа эхлүүлье?

-Одоогоос 8 жилийн өмнө Нандин брэнд хамгийн анх монгол хүүхдүүддээ зориулж хай пад буюу хүүхдийн компьютер зохион бүтээж, худалдаанд гаргаж байсан. Энэхүү компьютер нь монгол цагаан толгой, 1-10 хүртэлх тоог тоолдог, нэмж, хасдаг, үсэг олох гээд олон үйлдэлтэй. Хамгийн гол онцлог нь хүүхэд тоглонгоо сурч боловсордог. Өөрөөр хэлбэл, 2012 оноос манай Нано Тайм компанийн Нандин брэндийн эхний тоглоомууд хийгдсэн.

-Анхны тоглоомыг нь би мэдэх юм байна. “Асаахдаа ая дуугардаг, унтрахдаа “баяртай” гэдэг. Энэ тоглоом монгол хэлээр ярьдаг хамгийн анхны электрон тоглоом биз дээ?

-Тийм шүү. Манай монгол хүүхдүүд яагаад заавал гадны тоглоомоор тоглож өсөх ёстой гэж. Зарим бизнес эрхлэгчдэд нэг алдаа байдаг. Дэлхийн стандартын шаардлагыг хангаагүй хамгийн хямдхан буюу хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн тоглоомыг сонгон оруулж ирдэг. Шалтгаан нь хямд учраас. Тухайлбал, хуванцар сав, аяга, таваг, тоглоом нь стандарт хангаагүй бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд ямар их хор хөнөөл учруулдаг гэдгийг эцэг, эчхүүд мэддэг болсон байна. Ер нь хүүхэддээ тоглоом сонгон авахдаа заавал гарал үүслийн бичиг, лабораторийн бичгийг үзэх ёстой.

-Одоо Нандин брэнд ямар тоглоом, бүтээгдэхүүнээр нэр төрлөө нэмэгдүүлэв. Бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Тоглоомуудын хувьд 2012 онд хүүхдийн үсэг нүдэлж, тоо тоолох, чээжлэх зориулалттай хүүхдийн анхны компьютерийг зохион бүтээсэн. 2013 оны эхээр “Маамуу нааш ир” дууг дуулдаг Барби мөн Цагаан толгойн 35 үсгийг модоор урлаж, хийж байлаа. Манай брэндийн тоглоомоор тоглож өссөн хүүхэд өөрийн мэдэж авах мэдлэгээ тоглоомын аргаар маш хурдан хугацаанд сурчихдаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл,  тоглохоос гадна мэдлэг түгээх зорилготой Нандин брэнд шүү дээ. Урд хөршөөс оруулж ирж байгаа хүүхдэд зориулсан дэвсгэрүүд нь их хурц үнэртэй, хурдан өнгө будаг нь арилдаг зэрэг олон асуудал байдаг. Тиймээс бид монгол хүүхдүүддээ зориусан  дэвсгэрийг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэ дэвсгэр нь нано хамгаалалттай, нян бактери үржихгүйгээс гадна хамгийн чухал нь дөнгөж хөлд орж байгаа бяцханууд маань унахад доргилт өгөхгүй байхаар зориулагдан бүтээгдсэн. Ингэснээрээ хүүхэд унахдаа бэртэж, гэмтэхээс бүрэн хамгаалагдана гэсэн үг. Дэвсгэрээ мөн л хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэхэд зориулж зурагтай болон 35 үсэгтэй охин, хөвгүүний сонирхолд нийцүүлсэн өнгө дүрслэлтэй гээд загвар олонтай.

Энэхүү дэвсгэр маань олон ээжийн талархалыг хүлээгээд байгаа шилдэг бүтээгдэхүүн болж, эрэлт ихтэй байгаа.

Үүний дараагаар шинэ оны босгон дээр хүүхдийн явдаг, ярьдаг онгоцыг зохион бүтээлээ. Онгоц хийсэн гэхээр хүмүүст их амархан санагдаж магадгүй. Үүнийг зохион бүтээхэд Хүүхдийн ордны багш, МУГЖ С.Ганчимэг аяыг хийсэн бөгөөд түүний авьяаслаг шавь нар дууг нь дуулсан. Мөн Хүүхдийн элч дуучин ноён Бондгор шүлгийг зохиож, олон дуу оруулагч нар ажилласан. Онгоцийг бүтээхэд манай программ хангамжийн багийнхан маш сайн ажиллалаа.

Энэ онгоцыг бид нар 8 сарын хугацаанд туршилт хийж байж 29 дэх загвар маань зах зээл дээр худалдаанд гарлаа. Тухайлбал, явдаг, дуулдаг онгоцыг 10 удаа шидэхэд эвдрэхгүй гэдэг баталгааг бид өгч байгаа. Яагаад гэвэл онгоц, машиныг багачууд тоглоомоо их унагахаас эхлээд шидэх тохиолдол их гардаг. Тиймээс санаатай болон, санамсаргүй унагах, шидэхэд эвдрэхгүй байхаар бүтээсэн дээ. Учир нь  ээж, аавуудын санхүүгийн асуудлыг бодолцохгүй бол болохгүй шүү дээ. Ганц тоглоом аваад хүүхэд нь нэг унагаад эвдэрчихвэд тухайн айлын санхүүд хүндрэлтэй байдаг. Аль болох бид санхүүгийн хэмнэлттэй, хүүхдийн эрүүл мэндэд нийцсэн эерэг бүтээгдэхүүнийг хийхийн төлөө ажиллаж яваа. Хэрвээ бидний хийсэн тоглоом эвдэрч байвал бид энэ бизнесээсээ гарсан ч дээр биз.

2020 ондоо хүүхдүүддээ зориулж “Дуулдаг ном” бүтээж, худалдаанд гаргалаа. Дуулдаг номонд маань бид бүхний сайн мэдэх Маамуу нааш ир дуунаас эхлээд Монгол улсын төрийн дуулал хүртэл орсон. Монгол иргэн бүр бага балчираасаа төрийн дууллаа дуулж сурах ёстой. Хүүхдүүд долоо хоног номоо дагаж дуулахад 10 тал дуу сурна. Сарын дараа 10 бүтэн дуугаа дуулдаг болчихдог.

Хамгийн гол нь энэ дуулдаг ном, тоглоомыг хүүхдийн сонсголд тохируулж дууны дуугаралтыг стандартын дагуу зохион бүтээдэг. Кино театрт бага насны хүүхдийг дагуулж кино үзэх нь тэдний сонсголд муу гэдгийг эмч нар онцлон хэлдэг. Яагаад гэвэл том хүний чихний сонсгол, бага насны хүүхдийн сонсгол өөр өөр байдаг. Бид ойрын хугацаанд Нандин брэндийн монгол өв соёл, монгол ахуйг шингээсэн үндэсний хэв маягийг агуулсан таван цуврал шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар манай баг хамт олон шамдан ажиллаж байна.

-Тоглоомын дууны дуугаралтыг зөвхөн бага насны хүүхдэд зориулж бүтээдэг гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?

-Биднийг бага байхад телевиз аналоги системтэй байсан. Харин одоо тоон систем рүү шилжлээ. Кино театрууд дижитал, dolby atmos гээд дуугаралт болгон нь өөр өөр байдаг. Моно, стерео гэх мэтлэн дуугардаг. Үүнийг мэргэжлийн инженерүүдтэй хамтарч тохируулгыг хийдэг. Олон жил АНУ-ын Калифорнид дууны найруулагчаар ажиллаж байгаа Эрдэнэцогт  ажилладаг. Тоглоомын дуу дуугаралтыг нь хэмждэг тусгай багаж төхөөрөмжтэй. Журмаараа 5 децибел бүрт дуу чимээний түвшин 85-аас дээш байвал аюулгүй сонсох хугацаа хоёр дахин буурдаг. Тэгэхээр 90 децибелийн хэмжигдэхүүн дээр ямар нэг юм сонсвол дөрвөн цагаас илүү сонсож болохгүй гэдэг. Энэ дүрмийн дагуу бид хүүхдийн тоглоомоо зохион бүтээдэг юм.

-Бүтээгдэхүүний туршилт хэр хугацаанд хийгдэж хэрэглэгчийн гар дээр очдог вэ?

-Бид материаллаг бааз дээрээ тулгуурлаад Нандин брэндийн дэвсгэр мөн гар аргаараа өөрсдөө бүтээчих зүйлсээ монгол улсдаа үйлдвэрлэж байгаа. Тоглоом дотор хийгдэж байгаа программ хангамжийн асуудлыг Монгол хүмүүстэйгээ хамтарч хийж, гүйцэтгэж байна. Эцсийн бүтээгдэхүүн болоход зарим эд ангийг гаднаас авахаас өөр аргагүйд хүрдэг. Ингээд бид нар өөрсдөө монголдоо тоглоомуудаа угсардаг. Харин эсрэгээрээ эко модон тоглоомуудаа 100 хувь эх орондоо үйлдвэрлэдэг. Бэлэн болсон загваруудыг лаборатори болон мэргэжлийн байгууллагуудад шалгуулж, хамгийн багадаа 1 сар ашиглаж, туршилтаа хийдэг юм Зарим тохиолдолд бат бөх чанарыг сайжруулах үүднээс анхны загварыг удаан хугацаанд туршиж хийдэг.

-Нандин брэнд гадны зах зээлд хүч үзэх зорилго бий юу?

Манай брэнд хүүхдэд хэрэгцээтэй байгаа бүх тоглоомыг стандартын дагуу хийгдэх горимд оруулахаас гадна шинэ цуврал бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн гадаад харилцаа дээрээ маш их анхаарч ажиллаж байгаа.

Үүний нэг тод жишээ нь дөрвөн гадны улс руу тоглоомоо худалдаалах оролдлого хийснээр ОХУ руу бүтээгдэхүүнээ гаргах гэрээ хэлэлцээр маш амжилттай хийгдсэн. Тун удахгүй Нандин брэндийн тоглоомууд Орос хэл дээр том гүрний зах зээлд өрсөлдөнө.

-Тань шиг монгол хүүхдүүддээ зориулж тоглоом хийх залуус олон байгаа байх. Та тэдэнд хандаж юуг онцлон хэлмээр байна?

-Монгол ахуйгаа эргэн харахад бид эрт үеэсээ чулуу, шагай зэрэг тоглоомоор тоглосоор ирсэн. Монголчууд тоглоомоор хүүхдээ хүмүүжүүлж ирсэн түүхтэй. Харин одоо орчин үед тохируулсан тоглоом зохиох нь бидний зорилго хэдий ч хамгийн чухал нь хүнсний аюулгүй байдалтай энэ зэрэгцэхүйц, эрүүл ахуйн болон чанарын стандартыг хангаж ажиллах нь хамгийн чухал. Ингэж чадвал бизнесийн хөгжил цаг хугацааны асуудал юм.

Ярилцсан: Х.Даваа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.