МАХН-ын Онц их хурлын есөн жилийн ойг тохиолдуулан тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүн асан З.Баянсэлэнгийг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа. -Одоогоос есөн жилийн өмнө болсон Анхдугаар хурлын онцлох асуудал юу байв? -Юуны өмнө намынхаа гишүүд, дэмжигчид болон иргэддээ МАХН-ын Онц их хурлын есөн жилийн ойн баярын мэндийг хүргэе. МАХН бол 90 жилийн түүхтэй, улс төрийн ууган нам. Миний хувьд эцэг эхийн минь амьдрал, хувь заяатай салшгүй холбоотой, үр хүүхэд биднээ хөтлөн оруулж холбож өгсөн энэ намын нэр, үзэл баримтлалыг солих тэр цагаас МАХН-ын үйл хэрэг бидний, миний хэрэг болсон. Учир нь намын нэр, үзэл баримтлалыг солихыг эсэргүүцэн, намынхаа удирдлагуудад саналаа өгсөн намын жирийн гишүүдийнхээ эсрэг ажиллан, намынхаа үүх түүхийг хөсөр хаяж гуравхан жилийн настай МАН гэх нэрийг хүчээр солин, гишүүдийнхээ олонхийн саналыг үл хүндэтгэсэнд нь эгэл жирийн гишүүд эсэргүүцэн тухайн үед тэмцлийн хүнд замыг сонгож байсан юм. -Яагаад тэмцлийн хүнд зам гэж онцлох болов? -Энэ зам тийм ч амар, дардан байгаагүй. Учир нь намын нэрийг авахад бид зохион байгуулалтанд орох, намын анхан шатны байгууллагыг байгуулах, энэ намдаа үнэнч үлдсэн, МАН-ын батлахыг хүчээр тараасныг хүлээж аваагүй намынхаа жирийн гишүүдийг олж уулзах, уулзалт хийх гээд бүхий л асуудалд хөндлөнгөөс дарамт шахалт учруулж эхэлсэн. Тиймдээ ч бид анхны 100 гишүүнтэй намын үүрийн хурлыг Христийн сүмд нууцаар хийж байлаа шүү дээ. Тэнд очсон намын гишүүдийг хэсгийн ахлагч, Засаг даргаас эхлэн загнаж, дарамталж байсан. “Би намын гишүүн хэвээрээ байгаа, намдаа үнэнч үлдсэн шүү” гээд ил зарлах гишүүд байхгүй, айж эмээж байсан цаг. Олны танил хүмүүс хүртэл болгоомжилж байлаа. Ямартаа ч бид энэ бүхний ард гарч чадсан. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүрэгт анхны Зуутыг байгуулж, түүний дараа борооны дараах мөөг шиг энд тэндгүй намын анхан шатны байгууллагууд байгуулагдан, зохион байгуулалтанд орж, намын дүрэм,мөрийн хөтөлбөрийг боловсруулан улмаар намынхаа нэрийг сэргээн авах, үйл хэргийг үргэлжлүүлэх, анхны Онц Их Хурлыг улсын циркэд хийж, өнөөдөр есөн жилийн нүүр үзэж байнаа. -Энэ хүртэл олон шалгуур, сорилтыг давсан байх. Тэр тухай эргэн дурсвал? -Би дээр хэлсэн бидний үйл хэрэг жинхэнэ тэмцэл байлаа. Хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай,бараг дайны байдалтай байсан. Тэмцэл биднийг нөхөр дайснаас ялган, улам бүр хатуужуулж, туршлага суулган, харин ч эрч хүчийг олж авч байсан. Бидний зоригийг мохоох, үйл хэргийг тасалдуулах, тагнан турших зорилготой хүмүүсийг зохион байгуулалттай бидний дунд оруулж ирсэн байсныг хожим мэдсэн. Гэхдээ бид шантраагүй. Зөв зүйлийн төлөө явж байгаагаа бид өдрөөс өдөрт мэдэж байлаа. Жишээ нь, бидэнд уулзах, хурал зөвлөгөөн хийх, гишүүдээ бүртгэх, гишүүнчлэлийг сэргээх орон байр хэрэгтэй байсан. Байр түрээслэхээр хайхад бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой газар бараг байгаагүй. Хэчнээн сэтгэл байсан ч айгаад биднийг хүлээж авдаггүй байлаа. Ингээд явж, явж хуучин хэвлэх үйлдвэрийн байранд МАХН-ын Түр штабаа нээсэн. Байртай болсон бидний үйл ажиллагаа улам идэвхижсэн. Өдөр бүр ямар нэг акциудыг зохион байгуулж ямар ч завгүй ажиллаж байсан. Бид төрд шургалсан “15 толгой олигархи”-ийг олон нийтэд анх удаа зарлан Монгол Улсад “ МАНАН” гэж улс төр,нийгэм, эдийн засгийн бүлэглэлийг томьёолж гаргасан. Тэр үед иргэд МАНАН гэж юу хэлээд байгааг ойлгож хүлээж аваагүй. Харин одоо МАНАН гэж юуг хэлээд байгаа, түүний шинжийг, хор хохирлыг ойлгодог боллоо. МАХН-ын нэрийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үед МАХН нэрийн товчлолтой бүх нэрийг нэг хүн дээр бүртгэсэн байх жишээтэй. Үйл хэрэг, үйл ажиллагааг таслан зогсоох бүхий л аргыг хэрэглэж, амжилт олоогүй тухайн үеийн МАНАН, эцэст нь МАХН-ын даргыг оролдох ажиллагааг эрчимжүүлсэн. Түүндээ ч хүрсэн. Зохиомлоор хэрэг үүсгэн, ямар ч нотлогдоогүй, баримтгүй, өөрсдийн дэглэсэн жүжгийнхээ дагуу, 800 гаад цагдаагаар хүч түрэн гэрийнх нь хаалгыг эвдэн орж баривчлан, ял оноосон. Өнөөдөр ч энэ хэлмэгдүүлэлт дуусаагүй, МАХН-ын даргыг удаа дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хуулийн хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. -Тэмцлийн замд намтайгаа, даргатайгаа хамт гишүүд нь ч гэсэн хатуужсан байх? -Тэмцэл биднийг хатуужуулсан. “Болд хэрхэн хатаагдсан нь” гэдэг шиг. Хамт явсан журмын нөхдүүддээ итгэн, талх, цайгаа хувааж ууж явсан биднийг хагалан бутаргах ажил идэвхитэй явуулж байсан хүнд үе. Бидний дундаас олон журмын нөхөд өнөөдөр байхгүй байна. Байхгүй гэдэг нь ямар нэгэн шалтгаанаар салсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дарамт шахалтанд ороод ч тэр үү, хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас дээгүүр тавиад урваад явсан хүмүүс гэж ойлгож болно. МАНАН дундаас нь урвуулах ажлыг хэчнээн хийсэн ч биднийг бүхэлд нь урвуулж чадаагүй. Тийм болохоор МАХН нугараагүй нам, шударга ёсны төлөө зүтгэж ирсэн хугараагүй ноён нуруу юм. -“МАХН-ын шинэчлэл: Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлэг өрнөж байхад ДБЭТ-ын танхимд өөрийг чинь үг хэлэхийг анх харж байлаа. Тэр үед жаахан охин маш зоригтой, нэлээн хатуу үг хэлж байсан? -МАХН-ын нэр болон үзэл баримтлалыг солих, “Тэрэлжийн тунхаг” гэдэг бичиг баримтыг эсэргүүцэн, намын гишүүд хуралдан гурван удаагийн “МАХН ухрах уу, урагшлах уу” гэдэг ээлжит хэлэлцүүлгийг хийхэд оролцсон юм. Энэ хэлэлцүүлгээс намынхаа нэрийг сольж болохгүй гэсэн шийдвэрүүд гарч байсан, бид ч намын нэрийг маань сольчихгүй байх гэж найдаж байлаа. Харамсалтай нь тухайн үеийн намын удирдлагууд хүлээж аваагүй төдийгүй, намын бүх үүрүүдийн нэрээ солихгүй гэсэн саналыг эсрэгээр нь нэр солихыг зөвшөөрсөн мэтээр гуйвуулж, МАХН-ын XXVI Их Хурлаас шийдвэр гаргасан юм. Энэ цаг үеэс нам хоёр хуваагдан, намын гишүүдэд хүчээр намын гишүүний батлах тараасан. Одоо ч хүртэл намынхаа гишүүнийг сэргээе, надад хүчээр, гэрт батлах авчирч өгсөн гэх намын гишүүд их ирж байгаа. Эргээд харахад МАН нэрийг авснаар тэд ухарах, бууриа сахисан бид урагшаа алхсан улс төрийн хоёр өөр замыг сонгосон юм даа. Тэр үед эсэргүүцэн, дуугарч чадаагүй одоогийн МАН-ын нөлөө бүхий гишүүдийг харамсдаг болов уу гэж хардаг. -Нэг удаа жагсаалын үеэр та баривчлагдаж хоригдож байсан. Шантрах үе тулгарч байв уу? -МАХН-ын даргыг хэлмэгдүүлэн баривчлах үед бидний тэмцэл улам хурцадсан. Бид төрийн гурван өндөрлөгт хууль бус шийдвэрээ зогсоохыг шаардсан албан бичгүүдийг удаа дараа өгч, хуулийн байгууллагуудад ханддаг байлаа. Харамсалтай нь биднийг дэмжих нэг ч хүн байгаагүй. Аргаа бараад “Ард түмний батлан даалтанд өгөх” гарын үсэг зуруулан, талбай дээр цуглаан зохион байгуулдаг байлаа. Ингээд намайг жагсаал цуглаан зохион байгуулахдаа Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр, СБД-ийн шүүхээс 14 хоног албадан саатуулсан. Саатуулах төвөөс гарч ирэхэд Н.Энхбаяр дарга улс төрийн тэмцэл болох хуурай өлсгөлөн зарласан байсан. Ингээд хэсэг нөхдийн хамт, Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэд улс төрийн тэмцлээ үргэлжлүүлэн, хуурай өлсгөлөн зарласан. Бид наймуулаа байсан ч өдрөөс өдөрт гишүүд нэмэгдэн, бидний тэмцлийг дэмжсэн иргэд хүртэл ирж уулзаж, урам зориг өгч байв. Ид хаврын хүйтэнд гадаа, эсгий дэвсээд хэвтэнэ гэхэд тийм ч амар байгаагүй. Гэхдээ бидэнд маш том зорилго, урам зориг, итгэл найдвар байсан бөгөөд бид хэнээс ч айж, хулчийгаагүй. Шантрах зүйл байсангүй. Цагдаа ирээд баривчлаад явна гээд өөрсдийгөө холбон гавлаж, түлхүүрийг өөр хүнд өгдөг байлаа. Эргээд бодоход ямар их сэтгэлийн хүч байсан юм бэ гэж бодогддог. -Өнгөрсөн хугацаанд МАХН улс төрийн хэд хэдэн сонгуулийг ардаа үджээ. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан үе ч бий. Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг хашиж явсан. Монголын төрд, улс орны хөгжилд оруулсан МАХН-ын хувь нэмэр юу байв? -Бидний тэмцэл, МАНАН-г арилгана гэсэн ард иргэдийн итгэлээр 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс 11 гишүүн УИХ-д сонгогдон орсон. Төрийн эрх барих дээд байгууллагад орж ажилласан миний хувьд, Н.Энхбаяр даргын хэлмэгдүүлэлтийг зогсоох, амласан амлалтаа хэрэгжүүлэн, итгэл алдахгүй ажиллах юмсан гэсэн чинхүү сэтгэл байсан. Харамсалтай нь хэлмэгдүүлэлт зогсоогүй, ”Шударга ёс” эвслийг задаргах хүсэл, сонирхолтой нөхдийн тоглоомонд хажуугийн нөхдүүд орчих гээд амаргүй байсан. Шинэ гишүүний хувьд хүлээцтэй ханддаг байсан ч туршлагатай, хашир гэж хүндэлж явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нарын гишүүдийн аяг ааш ойлгомжгүй төвөгтэй байдаг байлаа. Бидэнд эв нэгдэл чухал байсан цаг үед тэднийг урваад явна гэж санаагүй. Гэхдээ бид хохироогүй. Өөр зорилготой хүмүүс андашгүй юм билээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт БХБ-ын сайдаар ажилласан. Хийсэн томоохон ажлууд олон бий. МАХН-ын мөрийн хөтөлбөр иргэдээ хямд өртөгтэй орон сууцанд оруулах асуудал нэн түрүүнд тавигддаг тул, Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдээ хамруулах Засгийн газрын ажлыг зохион байгуулсан. Хэдийгээр бид хамтарсан Засгийн газарт цөөхүүлээ орж ажилласан ч гэсэн, УИХ дээр ч, Засгийн газар дээр ч алдаа дутагдлыг шударга хэлдэг, зөв бодлогыг дэмжээд явдаг байсан. Хүчтэй сөрөг хүчний үүргийг хэрэгжүүлж чадсан гэж дүгнэдэг. -Өнөөгийн МАХН ямар улс төрийн хүчин болсон гэж та тодорхойлох бол. Намынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна? -Эргээд харахад 90 жилийн түүхтэй намынхаа үйл хэргийг, үзэл баримтлалыг тууштай үргэлжлүүлэх, ард түмнийхээ итгэлийг даасан гуравдагч хүчин болж төлөвшиж чадсан нам гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл бид үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэж чадсан. Бидний тэр үед тэмцэж явсан МАНАН, өнөөдөр шинэ дүр, биеийг олж, бодитойгоор оршин тогтнож байна. МАНАН байгаа цагт бидний тэмцэл дуусахгүй. Биднийг хэлмэгдүүлэх ажил ч зогсохгүй. Тиймээс бидэнд ухрах зам, шантрах зүрх байх ёсгүй. Манай намаас ард түмэндээ амласан зүйлүүд бодитой ажил болж байна. Бид зорьсондоо хүрч, иргэдээ Үндсэн хуулиар хамгаалдаг, сайн сайхан амьдруулах төслөө хэрэгжүүлэх болно гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна. –Танай намыг дэмждэг, элсэхийг хүссэн залуу үеийнхэнд хандаж юу хэлэх бол? -Юуны өмнө та бүхэндээ удахгүй болох Сар шинийн мэндийг хүргэе. 2020 он бол монголчууд бидний хувьд сонгуулийн хувьсгал хийх, түүхэн сонголтын жил. Хүн бүр өөрийн амьдрал, хувь заяагаа өөрчлөх, ирээдүйгээ тодорхойлох, тэр сонголтыг хэнээс ч хараат бусаар, өнгө мөнгөөр хэмжилгүй хийх, зайлшгүй шаардлага тулгарч байгааг ойлгож байгаа. Бид хэн нэгэн миний амьдралыг өөрчилнө гэж харсаар 29 жил явж иржээ. Харамсалтай нь хөндлөнгөөс хэн нэгэн бидний амьдралыг өөрчлөх биш, бид өөрсдөө хувь заягаа өөрчилдөг болохыг цаг хугацаа харуулж байна. Та бүхэн хэн нэгний амьдралыг өөрчилж, УИХ-ын гишүүн болгодог бус, өөрт чинь хамаатай сонголтыг өөрсдийнхөө төлөө хийгээрэй гэж хүсч байна. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Ч.Үл-ОлдохЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төстэй мэдээлэл
“Erdenet Cup-2024” тэмцээнийг анх удаа зохион байгуулна
Монголын нэгдмэл боксын холбоо (MUBF)-ноос мэргэжлийн боксын халз тулаан, “Erdenet cup-2024” анх удаа Эрдэнэт хотын “Хангарди” паласт 2024 оны 12-р сарын 06-нд зохион байгуулах гэж байна.Хамтран зохион байгуулагч:...
1 Үзсэн
“X ТҮЦ” продакшн “Show time”-аараа дахин “уулзана”
Монголын хошин урлагийн ууган продакшнуудын нэг, 30 жилийн түүхт “Х-Түц”-ийнхэн энэ 2024 оныг “Show time” тоглолтоор эхлүүлсэн. Тэгвэл эл хит тоглолтоороо энэ оныг мөн үдэх гэж байна. Тодруулбал, “Show time”...
2 Үзсэн
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
5 Үзсэн