Comment.mn

НӨАТ-ын эрсдэлийг татварын байцаагчид үүсгэж байна уу?

Татвар төлөгч иргэн Т нь Төв аймгийн “Урьхан 2” хүнсний дэлгүүрээр өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд үйлчлүүлж 200 мянган  төгрөгийн худалдан авалт хийсэн боловч түүнд НӨАТ-ын баримт өгөөгүй аж. Баримтаа авахын шаардсан боловч “манайх өгөх боломжгүй байна” гэжээ.

Он гараад дахин түүгээр зорчиж дэлгүүрээр үйлчлүүлэн 62 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд баримтаа дахиад л авч чадаагүй. Дугаарлаж байсан олон хүн баримтаа авах гэсэн боловч өгөөгүй гэнэ. Яагаад өгдөггүй талаар кассын эмэгтэйгээс лавлахад “Мэдэхгүй манай эзэн мэднэ” гэжээ. Замын хүн хэрүүл хийдэггүй уламжлалтай манай ард түмэн тэгсгээд л өнгөрдөг байдлыг тус дэлгүүр, үйлчилгээний газар  далимдуулж и-баримт өгөлгүй хоёр жил хэртэй болж байгааг тэнд байсан хүмүүс ярьж байжээ. Гэтэл энэ замаар өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлдэг билээ. Тэр бүх хүнд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэдэг асуудал. Ингээд иргэн Т нь ҮТЕГ-т өргөдөл гаргавал түүн рүү Төв аймгийн татварын байцаагч, “Урьхан2” компанийн эзэд ярьж таны гомдлын мөрөөр таны НӨАТ-ын баримтыг емайл ээр явуулна гэжээ. Гэвч одоо болтол 200 мянган төгрөгийн НӨАТ-ын баримт ирүүлээгүй. Харин 62400 төгрөгийн баримтыг Лүн сумын татварын байцаагч нь ирүүлжээ. Гомдлын мөрөөр уг аж ахуйн нэгжийг торгож, байцаагчийг нэг удаагийн зөрчил гэж үзээд шийтгэлгүй үлдээжээ.

Энэ мэтчилэн олон хүн үйлчлүүлдэг газрууд и-баримтаа өөрсөддөө  төвлөрүүлж цахим системд  шивдэг үү гэсэн хардлага төрүүлэхийн зэрэгцээ,  цахим харилцаа сайжирсны хэрээр татварын байцаагчид ажлаа хийхгүй аж ахуйн нэгжийн эзэдтэйгээ тохирч НӨАТ-ын буцаалтаас хувь хүртдэг үү гэсэн эргэлзээг төрүүлж буй юм. Учир нь өнгөрсөн  долоо хоногт ҮТЕГ-аас татварын  НӨАТ-ын буцаан олголт авах 911707 иргэнээс  1000 орчим иргэний буцаалтад эрсдэлийн үнэлгээ хийж байна хэмээн мэдэгдсэн. Мэдэгдэлдээ “Нэг өдөрт үүрэн телефоны операторын 346 сая төгрөгийн 8392 ширхэг баримт бүртгүүлсэн, шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн 16 ширхэг баримт бүртгүүлсэн тохиолдол илэрсэн” хэмээсэн. Энэ зөрчил  эдгээр салбарт ялангуяа хөдөө орон нутагт олон байна гэдэг нь анхаарал татаж буй юм. Тиймээс  ҮТЕГ-ын эрсдэлийн удирдлагын хэлтэс дээрхи иргэдийн  буцаалтад эрсдэлийг тооцож дүнг нь хасч болно. Гагцхүү энэ байдал яагаад гараад байгааг зогсоох талаар илүү нарийвчилсан хяналт шалгалт хийж татварын байцаагчидаа шалгах хэрэгтэй болсныг гэрчилж  байна. НАӨТ-ын тухай хуулийн НӨАТ-ын  буцаалт, эрсдэл тооцох журам бий гэдэг ч ҮТЕГ-ын цахим сайтаас нь хайгаад олдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэг хүнээс нэг дор нэг өдөрт уншуулсан баримтад эрсдэл тооцохдоо ямар шалгуур, журмыг баримталдаг. Хэдэн удаа уншуулсан бол эрсдэлд тооцох гэх мэтээр нарийн тусгасан зүйлээ ил тод болгох. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд  тэр дундаа хүн ихээр үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд ялан-гуяа хөдөө орон нутгийн замд байдаг газрууд и-баримт өгч байгаа эсэхэд хяналт тавих. Өгөхгүй байгаа  аж ахуйн нэгж татварын орлогоо нуух нэг арга гэж үзэхээс гадна түүнд хяналт тавих татварын эрх бүхий байцаагч ажлаа хийхгүй, хяналтаа тавихгүй байгааг дээрхи жишээ харуулж байна.  Нөгөөтэйгүүр нь ПОС машин дээр сууж байгаа теллер и-баримт өгөхгүй байх эзний дарамтад  ажилладаг  уу. Эсвэл  татварын байцаагч, тухайн аж ахуйн нэгжийн эзэн, теллер  гурвын хуйвалдаан байна уу гэх мэтээр шалгах хэрэгтэй санагдана. Мөн арилжааны банкуудаас хувь хүний нэрээр бүртгүүлсэн ПОС машины бүртгэлийн мэдээлэл ҮТЕГ-т ирүүлдэг үү гэдэг асуулт гарч байна. Аж ахуйн нэгжтэй хүн, хувь хүний нэрээр ПОС машины эрх авчихаад орлогоо нуух эрсдэл байгаа ч үгүйсгэхгүй. Хувь хүн и-баримттай холбоотой гомдлыг  18001288 гэсэн дугаарт өгөхөөр и-баримт өгөх  ёстой тухайн аж ахуйн нэгжийг хариуцсан  байцаагчийн нэрийг өг хэмээн уг лавлахын ард сууж буй оператор шаарддаг гэж иргэн хэлж байсан. Тэгэхээр иргэн гомдол гаргаж байхад өмнөөс нь ийм хариулт өгөх хуультай билээ үү. Татварын нэгдсэн  системд  бүх аж ахуйн нэгжийг хариуцсан байцаагчийн мэдээлэл нь байдаг л баймаар. Гомдол гаргасан хүний мэдээллийг  нөгөө хариуцагч байгууллагын захиралд өгсөн байх тохиолдол байна. Хувь хүний мэдээллийн нууцллыг төрийн байгууллага яагаад задалж байна вэ гэх мэт асуудал ч хөндөгдөж буй. Үүний цаана хэдэн хүн и-баримтаа аваагүй байгааг барагдуулсан эсэх нь тодорхойгүй байна гэж байв. Төсөвт төвлөрүүлэх  татварын орлогын 24 хувийг НӨАТ-ын орлог о бүрдүүлж  татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн орлого төвлөрүүлэлтийг нэг шат ахиулсан гэж хэлж болно. 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль үр дүнгээ өгч буй ч хувь хүнд НӨАТ-ын баримт өгдөггүй газрууд байсаар байгаагийн цаана татварын байцаагчид хуулиа мөрдүүлж ажлаа хийхгүй байгаагаас нэг дор олон баримт уншуулах эрсдэлийг үүсгэж байна уу. Хууль бодит хөрсөнд хэрэгжихэд алдаа оноо байж болно. Гагцхүү мэргэжлийн байгууллага сайжруулах үүрэгтэй.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.