Comment.mn

Хорихоос гарсан эмэгтэй бухимдал

Шоронгоос гараад удаагүй яваа нэг эгчийн яриаг өчигдөр хальт сонсоод өнгөрөв.
10 жилийн ял аваад 9 жил нэг сар суусан гэнэ. ЭХ-ийн төдийн төд гээд зүйл ангиа тодорхой хэлсэн ч тогтоож чадсангүй. Арав орчим жилийн өмнө банкнаас 26 саяын зээл аваад, хүү, хүүгийн хүүд сөхөрч, 21 сая төгрөгний залилангийн хэрэгтэйгээр суусан, би өөрийгөө цэвэр сайхан амьтан хэлмэгдчихлээ гэхгүй гэлээ.
Гэхдээ дөрвөн зүйл дээр маш их бухимдаж буйгаа ярьж байв.
.
НЭГД, Энэ Банк болон Банк бусын хүү бол цэвэр мөлжлөг. Энэ мөлжлөгийн золиос болж яг над шиг шоронд олон жил сараар суусан олон эмэгтэйчүүд байна. Тав, арван жил байтугай таван сар ч шоронд сууна гэдэг хүсмээр зүйл биш гэдгийг тэнд суусан хүн л мэдэрнэ.
.
ХОЁР. Хууль шударга биш байна. Би 21 саяын хэргээр 10 жилийн ял авчихаад сууж байтал ЭХ өөрчлөгдөөд, үр дүнд нь хэдэн тэрбумын ялтай нөхдүүд надаас бага ял авдаг болчихлоо. Түүнийг хараад шоронгийнхон “Пүү” гэж амаа барьцгааж байсан.
.
ГУРАВ. Шоронгоос гарсан хүнд Нийгмийн халамжаас 1 сая төгрөг олгодог хуультай. Шоронгоос гарч ирж буй амьтад чинь наад зах нь хувцас, хунар, идэж уух юм, цаашлаад орон гэр гээд юм юм л дутагдана. Түүнд нь зориулсан халамж. Гэтэл надтай хамт 80 эмэгтэй шоронгоос гарсан, тэдний 5 нь л тэрхүү 1 сая төгрөгөө авсан, бусад 75 нь авч чадахгүй байна. Шалтгаан нь халамж өгөхийн тулд ахуй амьдралыг нь шалгаж тодруулдаг. Тухайлбал би шоронгоос гарч ирээд хүргэнийдээ байв. Өөр хаана байх юм, 9 жил шоронд байсан хүн орох орон ч үгүй. Гэтэл нийгмийн халамжийнхан, Та хүргэнийдээ байдаг юм байна, хүргэн тань байртай, машинтай юм байна. Тиймээс танд халамж өгөхгүй гэж байх юм. Би ямар хүргэнтэйгээ суух гэж тэнд очсон хэрэг үү, орох оронгүй болоод л толгой хорогдож байгаа шүү дээ. Бодит байдал ийм байна. Гэтэл Нийгмийн халамжийн маш их мөнгө нохойн замаар орчихдог, яг очих ёстой хүндээ очихгүй байна.
.
ДӨРӨВ. Шоронгоос гарсан иргэдээ нийгэмшүүлэх талаар Монголын Нийгэм юу ч хийхгүй байна. Алдаж эндсэн ч тэд чинь хүн, өвддөг, зовдог, энэлдэг шаналдаг хүн. Монгол Улсын иргэн. Гэтэл гарч ирээд ажил байхгүй, ажилд биднийг авах дургүй, шоронд байсныг маань сонсоод шууд л царай нь хувьсхийнэ. Ажил байсан ч цалингаар нь амьдралаа босгоход хэцүү бага цалинтай. Бидний чинь олонхи нүцгэн шалз шиг амьтад энэ амьдрал дээр эргэж ирж байгаа. Тэгээд хэсэг байцгаасны дараа зарим нь няцаад, ярьшиг ярьшиг эргээд шорондоо ороё. Энэ нартад чинь амьдрах арга алга гэж байна. Юу болж байна вэ?
.
Ийм л юм ярив. Бас ам нь халсан бололтой, энэ дээдсүүд өөрсдөөсөө өөр хүнийг хүн гэж боддоггүй. Дорлигжав Монгол Улсын Ерөнхий Прокурор байхдаа Амгалангийн хорихоор очсон. Хүүхнүүд амгалан тайван байдаг учир камерүүдийн өрөө онгорхой, бид нэг нэгтэйгээ зовлон жаргалаа ярих боломжтой, энэ нь тэр хатуу ширүүн газрийг их зөөллөж өгдөг байв. Гэтэл Дорлигжав үүнийг одоохон хааж, цоожтой байлга гэж үүрэг өгсөн, маш хурдан биднийг камер камерт нь хийгээд цоожилсон. Би тэгэхэд “Дорлигжав аа, бид алдаж эндсэн ч хүн шүү, Мал биш шүү. Чи өнөөдөр ийм ч, маргааш энд сууна шүү” гэж хашгирч байлаа. Би шударга ёсыг л нэхэж байна гэв.

Б.Номинчимэд

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.