Монгол Улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа тунхагласнаас хойш зарчмын хувьд томоохонд тооцогдох өөрчлөлтийг 27 жилийн дараа хийж, батлав. Энэ өөрчлөлтийг МАН дангаараа баталгаажуулсан үйл явдал түүхэнд үлдэж байна.
Мөн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчиллоо.
Ерөнхийлөгчийн хувьд эрх баригч намын оруулж ирсэн, Үндсэн хуулийн төсөлд анхнаасаа таатай хандаагүй. Өөрийн бүрэн эрхийн хүрээнд дахин нэг Үндсэн хуулийн төсөл санаачлан өргөн барьж, “эсэргүүцэл” илэрхийлж байв. Мөн хууль батлах явц, уур амьсгалыг харахад Төрийн тэргүүнийг Үндсэн хуулийн төсөлд хориг тавина гэсэн яриа улс төрийн хүрээнд явж л байсан. Гэвч Үндсэн хуулийн төсөл баталгаажихын цагт Төрийн тэргүүн ёсчлон дагасан нь сонин байв. Улс төр хөшигний ард ямар яриа, тохироо явагдсан нь тодорхой болоогүй байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч, парламент гэх субъектын эрх мэдлийг хязгаарласан, Ерөнхий сайдад эрх мэдэл нэмсэн гэдгийг хуульчид хэлж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуульчлахдаа давхар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгогдох эрхэнд “халдсан” байж магадгүй гэх яриа сүүлийн үед гарах болов. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших эрхгүй болсон байж мэдэхээр байна.
Энэ тухай Улсын баатар Э.Бат-Үүл “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой” нийтлэлдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд “наймаа тохирсон” тул хуулийн төсөлд хориг тавихгүй. Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга яах бол. Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна. Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно” хэмээжээ.
Тэгвэл Үндсэн хуулийг сөхөж харъя л даа. Нээрээ л Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй юм байна. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёрт Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэжээ. Энэ хэсгийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Түүнчлэн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалт Үндсэн хуулиас хасагдсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2.
Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./
Тэгэхээр тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн энэхүү заалт хүчин төгөлдөр болоход одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Бүрэн эрх нь хэвээр байвал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиар үргэлжилнэ гэсэн үг. Үгүй бол тавдугаар сараас шинээр батлагдсан Үндсэн хуулиа мөрдөж Ерөнхийлөгчийн сонгууль зарлан, шинээр сонгох юм уу. Тэгэхгүй гэхээр 2021 онд Х.Баттулгыг улируулан сонгох болчихоод эргээд Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байдаг. Ямартай ч энэ Үндсэн хуулиас одоогийн Ерөнхийлөгчийг дахин Ерөнхийлөгч болж болно гэсэн заалт, гарц гаргалгаа олж харахгүй байна. Уг нь анх Үндсэн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой дээрх заалтыг 2025 оноос эхлэн хэрэглэнэ гэж байв. Гэтэл яг батлагдахыг өмнө хууль санаачлагчид хугацааг гэнэт татаж 2020 оны тавдугаар сарын 20-ноос хэрэгжинэ гэчихсэн нь нэг л жигтэй.
Өмнөх Ерөнхийлөгч нарын түүхэнд үүнтэй адил төстэй зүйл болж байв.
1990 онд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, анхны Ерөнхийлөгчийг парламентаасаа томилсон. Парламентаас томилогдсон анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч нь П.Очирбат. П.Очирбат дараа нь Үндсэн хуулийн дагуу нийт ард түмнээсээ сонгогдон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажилласан. Түүнчлэн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөд нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж байжээ. Яагаад гэхээр түүнийг улиран сонгогдох эрхээ эдэлсэн хэмээн үзэж, маргаан үүсгэсэн. Гэвч тухайн үед Үндсэн хуулийн цэцээс түүнийг анхны удаад томилсон хэмээн тайлбарлаж, дахин сонгогдох эрхийг нь өгч байв. Харин П.Очирбат гуай тухайн оны сонгуульд ялагдаж байжээ. Тэгэхээр үүний адил хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга дахин сонгуульд оролцохоор бол асуудал нь Үндсэн хуулийн цэц дээр ч очих магадлалтай юм. Харин цэц ямар гарц гаргалгаагаар тайлбарлах нь сонин байгаа юм.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай зарим хуульчаас тодруулсан. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр энэ тухай “Нэгдүгээрт, нэг удаа улирч болно гэдэг заалтыг 2020 оноос хүчингүй болгочихоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй болчихож байна. Учир нь “улирч болно” гэдэг заалт Үндсэн хуулийнхаа заалтаас 2021 онд нэгэнт байхгүй болчихсон байх юм. Хоёрдугаарт, 2020 оноос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар сонгогдох энэ заалт нь өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүст хамаарах уу. Хамаарахгүй гэж хэлэх хаалт алга. Тэд 2020 онд шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхтэй болж байна. Учир нь нэг л удаа улирна гэдэг заалт хүчингүй болчих” гэсэн хариулт өгч байна. Зарим хуульч “бүрхэг, ойлгомжгүй, өөрчлөлт орсон тайлбарлахад хэцүү заалт орсон” гээд тайлбарласангүй. Үнэхээр Ерөнхийлөгчийн дахин сонгогдох эрх энэ байна гээд хэлчих хуульч гараагүйг бодоход Э.Бат-Үүлийн хэлсэн шиг З.Энхболд нь хулхидчихсан юм биш байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйл.
7.Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдөнө./
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин