УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Өмнө нь Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгууль нэг л хуульд багцлагдаж байсан бол өнөөдөр баталсан хууль зөвхөн УИХ-ын сонгуулийг зохицуулах юм.
Уг хуульд сонгуулийг томсгосон мажоритар хувилбараар явуулна гэснээс бусад нь урьд өмнөхөөс онцын өөрчлөлт алга. Харин эрх баригчдын энэ хуулийг баталсан хамгийн гол зорилго “авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан хүн нэр дэвшихийг хориглох” тухай заалт байв. Түүнийгээ ч хийж чадлаа.
Энэ заалтын эзэн нь тодорхой. Тэр бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм.
2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойш улс төрийн амьдралаас холдоогүй яваа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаагийнхтай нийлээд тав дахь удаагаа сонгогдох эрхээ хасууллаа.
2012 оны УИХ-ын сонгуульд түүнийг “боловсролын хувьд УИХ-ын гишүүн болоход хүрэхгүй” гэсэн агуулгаар нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө хилс хэрэг тохоод шоронд хийчихсэн байв. 2016 оны УИХ-ын сонгууль, мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хууль гаргаж байгаад хасч байлаа. Харин өнөөдөр УИХ-ын сонгуулийн тухай хууль хэмээгчийг батлахдаа Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхгүй байх заалтыг оруулж батлав.
Дээр дурдсан дөрвөн сонгуулиар сонгогдох эрхийг нь хассан байдал, ирэх 2020 оны сонгуулийн хуулийг баталсан нөхцөл зэргээс харахад МАН, АН-гүй нэгдчихсэн нь харагддаг.
2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон үйл явдал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх баривчилгаа зэргийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарын идэвхтэй оролцооны үндсэн дээр явагдсан байдаг. Ц.Элбэгдорж АН-ын, Ц.Нямдорж МАН-ын гишүүд шүү дээ. 2016, 2017 оны сонгуулиудаас ч МАН, АН нийлж байгаад л гаргаж байлаа.
Дээрээс нь сая гарч ирсэн, явсаар батлагдсан хуулийн заалтыг МАН-ын Т.Аюурсайхан, МАХН-ын О.Баасанхүү, ШИНЭН-ын Ж.Батзандан нарын нөхдүүд идэвхтэй ярьж, нөгөөдүүл нь чимээгүйхэн дэмжээд гаргачихлаа. Бас л нам намын нөхдүүд харагдаж байгаа биз.
Яг энэ өнцгөөр нь харахаар Монголын намууд бүгдээрээ Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа юм шиг харагдана.
Гэвч үгүй юм. Учрыг нь ухвал даанч харамсмаар шалтаг ил болно.
Н.Энхбаярт сонгогдох эрхийн хориг тавьсаар ирсэн Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёр бол Рио Тинтогийн улаан хамгаалагчид юм. 2009 онд Рио Тинто орж ирээд Оюутолгойн гэрээг байгуулахад Ц.Элбэгдорж нь дөнгөж Ерөнхийлөгч болчихсон, Ц.Нямдорж нь сайдаар ажиллаж байлаа. 2013 онд Н.Энхбаярыг баривчлахаас хэд хоногийн өмнөх баасан гаригт сайд Ц.Нямдорж АТГ-аар “ороод гарсан”, дараагийн даваа гаригаас нь эхлээд Н.Энхбаярт гэнэтхэн хилс хэрэг тохогдоод эхэлсэн тухай ТЕГ-ын дарга асан Б.Хурц телевизийн ярилцлагад орох үеэрээ ярьж байлаа.
Ц.Нямдорж Рио Тинтогийн үг хэлнээс гардаггүй гэдгээ тийм ч сайн нууж чаддаггүй нэгэн. Рио Тинтогоор монголчуудыг айлгах замаар Оюутолгойн гэрээг хамгаалдаг хүн. Тэр юу гэж ярьдгийг бид бүгд мэднэ. Рио Тинто бол аймаар компани шүү, бид нар дургүйг нь хүргэвэл Сири, Ирак шиг болгоод хаячихна гэж бөөн детектив юм ярина. Түүндээ өөрөө итгэдэг байж мэдэх л юм.
Гэтэл Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсон нь маш олон талаар нотлогдоод байгаа юм. Ордын эзэн бид ашиг хүртэх нь битгий хэл хоёр тэрбум гаруй долларын өр төлчихөөд сууж байна. Өшөө болоогүй гэж байгаа.
Оюутолгойн гэрээг хийсэн Ерөнхий сайд, Сангийн сайд, сүүлд гэрээнд нэмэлт хийж боломж олгосон Ерөнхий сайд нар авлигын хэргээр шүүгдэхээ хүлээж байна. Тэдэнтэй холбоотой улс гүрэн дамжсан олон сая долларын хэргийг Монголын хууль хяналтын байгууллага тогтоогоод байна.
Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж гэдэг хоёроос бусад нь Рио Тинтогоос авлига авсан нь баригдчихаад байгаа гэхэд болно.
Ийм ашиггүй гэрээг УИХ, АТГ, ҮАГ зэрэг хууль хяналтын байгууллагууд тогтоогдчихоод өнгөрсөн зун хэлэлцэхээс аргагүй байдал үүссэн. Гэтэл шинэ Үндсэн хууль батална гэж өргөн баригдаад УИХ-аар өөр бусад асуудал хэлэлцэхийг хориглочихсон. Рио Тинто гэж, агуу бяр шүү. “Чимэд багшийн Үндсэн хуулийг амьд байхдаа хөндөхгүй” гэдэг байсан Д.Лүндээжанцан хүртэл гүйж очоод Үндсэн хуулиа самраад хаялаа шүү дээ. Нөлөө гэж мундаг юм.
Тэгээд баталсан Үндсэн хуулийг нь хар даа. Үндсэн хуулийг шинээр батлаагүй. Явцын дунд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болоод баталсан. Батлах явц нь жинхэнэ бантан болсон доо.
Сая баталсан хуульд заалт барьж орж ирсэн гурван нөхөр ч бас шалтгаантай. Хөөрхий, Ж.Батзандан амиараа шахам дэнчин тавиад ШИНЭ гэдэг нам байгуулсан. МАХН буюу Н.Энхбаяр байхгүй бол гуравдагч хүчин болно гэж мөрөөдөж суугаа нь ойлгомжтой. Тэгэхээр ярихаас яахав. О.Баасанхүү уг нь МАХН-аас нэр дэвшиж гишүүн болсон хүн. Гэхдээ гишүүн болсноосоо хойш ингэж юу ч хамаагүй хийсээр өнөөдрийг хүрч байгаа хүн. Ерөнхийдөө О.Баасанхүү гэж хэн бэ гэдэг ойлгомжгүй, тодорхойлох боломжгүй.
Харин Т.Аюурсайхан бол зорилготой. Тэрээр Н.Багабандийн туслах юм. Н.Багабанди нь Ерөнхийлөгчөөс буугаад л Рио Тинтог бараадсан. Жилд тэндээс 100 гаруй манган долларйн цалин авчихдаг. Тиймээс туслахаараа дамжуулаад Рио Тинтогийнхоо эрх ашгийг хангаж байгаа нь энэ юм.
Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид, улс төрийн намууд Н.Энхбаярт дургүй юм биш. Тэд зөвхөн Рио Тинтод нээнтэгтэй. Тэр компанид бөлдөгдүүлчихсэн улс гэсэн үг. Тиймээс тэр эрх ашгаа хамгаалахын тулд Н.Энхбаярын эсрэг нэг юм шиг харагдаад байгаа хэрэг.
Хамгийн ноцтой нь тэд үүгээрээ Н.Энхбаярыг бус монгол хүний сонгох сонгогдох үндсэн эрхэнд халдчихаж байгаа юм. Тэрийг ихэнх нь одоохондоо ойлгохгүй хөөрцөглөцгөөж л байна. Харин энэ бүхнийг нарийн тооцоолж хийсэн Рио Тинтогийн гар хөлүүд өнөөдөр хачин хөөртэй байх шиг байна.
Эх сурвалж: polit.mn П.Мандах